Замын салбарт шинэ технологи нэвтрүүлэх талаар ярилцав
УИХ-ын гишүүн Г.Батхүү Голландын “Road-62” компанийн захирал Роналд Кленжан, Төв Ази хариуцсан бизнес хөгжлийн менежер Дик де Жон нарыг хүлээн авч уулзлаа
2013.10.31

Замын салбарт шинэ технологи нэвтрүүлэх талаар ярилцав

УИХ-ын гишүүн Г.Батхүү Голландын “Road-62” компанийн захирал Роналд Кленжан, Төв Ази хариуцсан бизнес хөгжлийн менежер Дик де Жон нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын авто замчдын холбооны дэд ерөнхийлөгч С.Очирбат, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн нар байлцав.

Голландын “Road-62” компани манай улсын зам, барилгын салбарт “Geosta” нано тогтворжуулагч технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар зорьж иржээ. Энэхүү технологийн гол давуу тал нь байгальд ээлтэй, чанартай, насжилт удаан, замын хучилтад хагарал гэмтэл үүсдэггүй аж. Өнөөдөр Монголд зам, барилга барихад ашиглаж байгаа технологитой өртөг адилхан ч насжилт удаан, чанарын хувьд өндөр үзүүлэлттэй.

Өөрөөр хэлбэл, дээрх нано тогтворжуулагч технологийг ашиглан хөрс тогтворжуулагч гаргаж авах бөгөөд ингэснээр цаг хугацаа хэмнэх, талбайд дандфил тээвэрлэлт хийхгүй, асьфалтан хучилтын зузааныг бууруулах боломжтой, зам барьсны дараахь засвар арчлалтын зардлыг эрс хэмнэх зэрэг давуу талтай юм байна. “Geosta” нано тогтворжуулагч технологийг манай улсад нэвтрүүлэхэд одоо зам, барилгын салбарт хэрэглэж байгаа техникийг ашиглах бололцоотой аж.

УИХ-ын гишүүн Г.Батхүү “Монголд энэ технологийг нутагшуулахад хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлох хэрэгтэй. Монголын авто замчдын холбоотой ярилцаж шийдлийг олох нь зөв болов уу” гэдгийг онцлоод дэд бүтцийн салбарт шилдэг технологийг нэвтрүүлэх нь бидний хамтын зорилт байна гэв.

Түүнчлэн “Ачаа тээврийн салбарт, мөн Польшийн цэргийн хамгаалалтын нисэх онгоцны буудалд энэ технологийг ашигласан. Ирэх жил олон улсын нисэх онгоцны буудлыг барихад ашиглана. Ер нь Монголтой ойролцоо цаг агаартай ОХУ, Канад, Скандинавын орнуудад энэ технологиор зам, барилга барьж байгаа” хэмээн “Road-62” компанийн захирал Роналд Кленжан танилцуулсан юм.