Төр засагт дамжуулах, хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой нэлээдгүй асуудал яригдлаа
Монголын Автозамчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын зөвлөх инженер С.Очирбат
2013.10.24

Төр засагт дамжуулах, хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой нэлээдгүй асуудал яригдлаа

Нийслэл хотод хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр бүхэн иргэдийн тав тухтай амьдралын нөхцлийг хангах зорилго дээр нэгдэх ёстой гэсэн бодлогыг нийслэл баримтлан ажиллаж байгаа. Замын түгжрэл бууруулах, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг сайжруулах, далан суваг байгуулах зэрэг хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газар сонгон шалгаруулдаг. Тэр ч утгаараа худалдан авах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хийх, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх зорилгоор “Чанартай хөрөнгө оруулалт ба төр хувийн хэвшлийн "түншлэл” анхдугаар зөвлөгөөнийг санаачлан зохион байгууллаа.

Ингээд зөвлөгөөний талаар болон зохион байгуулагч Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газрын үйл ажиллагааны талаар оролцогчид хэрхэн дүгнэж байгааг сонирхое.

Монголын Автозамчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын зөвлөх инженер С.Очирбат:

Зөвлөгөөн амжилттай болж байна. Төр засагт дамжуулах, тендерийн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой нэлээдгүй асуудал яригдаж байна.

Тухайлбал, тендерийг бага үнээр шалгаруулдаг байдал буруу байна. Хамгийн бага үнэ санал болгосон компанийг шалгаруулахаар төсөл хөтөлбөрийг чанаргүй болгож байгаа юм. Энэ асуудал сүүлийн хэдэн жил яригдаж байгаа.

Тиймээс тухайн замыг барьж чадах бодит үнээр сонгон шалгаруулалтыг хийдэг байвал хөрөнгө оруулалтын ажил чанаржих юм гэж үзлээ.  Бас нэг асуудал нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд төсвийг аваачиж тавиад батлагдсан төсөвт өртөгт багтаагүй гэсэн үндэслэлээр дахин тендер зарлах эсвэл үүнд багтааж ажил хийхийг шаарддаг. Энэ бас буруу.

Тухайн обьектыг барих зардал, зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, магадлашгүй ажлын зардал мөн дээр нь үнийн өсөлтийг бүгдийг тусгасан хөрөнгө оруулалтын төлөвлөгөө байдаг. Түүнийг үндэслэж инженерийн үнэлгээ гэж хийдэг. Олон улсын жишгээр бол төсөв гэж үүнийг л хэлдэг.