Д.Төгсбаяр: Замын компаниуд төрөлжих шаардлагатай
“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй 33 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлын нэг болох Тасганы овооны уулзвар
2013.10.15

Д.Төгсбаяр: Замын компаниуд төрөлжих шаардлагатай

“Төгс зам” ХХК-ны ерөнхий захирал Д.Төгсбаяртай барилгын салбарын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо ямар байгаа талаар ярилцлаа. Тэрээр барилгын салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд замчнаас эхлээд инженер, захирал хүртэл ажиллаж байгаа юм.

-Танай компани авто замын салбарт хичнээн жил үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

Би анх 2005 онд “Төгс зам” компаниа байгуулж одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Энэ хугацаанд тавь гаруй үндсэн ажиллагсадтай болж, зам барилгын засвараас эхлээд олон улсын томоохон тендерт оролцож, ялж ялагдаж явна. Миний хувьд замчнаас эхлээд авто замын инженерээр 1999 оноос хойш ажиллаж байгаа.

-Хувийн хэвшлийн салбар авто замын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдрийн түвшинд та авто замын салбарын хөгжлийг хэрхэн дүгнэх вэ?

Бид өнөөдрөөс илүү бат бэхэжсэн хууль эрх зүйн орчинтой болох байлаа. Авто замыг захиалагч нь дандаа улс орон, ард түмэн байдаг учраас зах зээлийн харилцаанд шилжих салбар биш. Ихэвчлэн татвар, зээл тусламжаар баригддаг. Гэхдээ өнөөдрийн түвшинд хөгжихөд хувийн компаниуд их үүрэг гүйцэтгэсэн.

Харин миний бодлоор одоог хүртэл салбарт ямар ч бодлого байхгүй байна. Нэг засаг гарч ирээд төчнөөн км зам барина гээд ямар ч тооцоо судалгаагүй амладаг. Гэтэл цаана нь тэрийг барих компаниудын хүчин чадал хэр байна, тоног төхөөрөмж нь ямар байна гэдгийг бодолцдоггүй.

Үнэхээр урьд нь төр засгаас компаниудыг дэмжиж байсан уу гэвэл үгүй. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэл тариаланчдыг их сайн дэмждэг атал тэднийг бизнесээ хийж, бүтээгдэхүүнээ хүмүүст хүргэхэд тусалдаг замын салбарыг ойшоолгүй явж ирсэн.

Хувийн хэвшлүүд алдаа оноотой ч энэ салбарыг авч явж байна. Тэдэнд техник технологи, тогтвортой ажил хэрэгтэй байна.

-Тогтвортой ажил гэдгээ тодруулахгүй юу?

Энэ жил нь замын ажил авчихаад би дараа жил баталгаатай ажилтай байх эсэхээ мэдэхэд хэцүү. Ямар ажил авах эсэх нь ч тодорхойгүй.

Гэтэл уул уурхайнхан 20, 30 жилээр нь ажлаа авч тогтвортой ажиллаж байдаг. Газар тариалан гэхэд тав арван жилээр нь авдаг.

Авто замын салбар 85 жилийн түүхтэй.

Авто замын салбар эрчимтэй хөгжсөнөөс хойш 18 жил болж байна. Гэтэл дарга нар хэдэн зуун жилийн түүхтэй гадны замтай харьцуулж хараад байдаг нь учир дутагдалтай. Энэ ч үүднээс замын төслүүдийн дийлэнх хувийг хятадуудад өгдөг.

Монгол компаниудаа дэмждэггүй. Өнөөдөр замаа сайжруулахын тулд хувийн хэвшлээ дэмжиж, сэтгэл гаргамаар байна. Учир замын салбар их онцлог. Өвөл яах аргагүй ажилгүй болдог. Тиймээс дараа жил ажил эхлэхэд ажилчдаа тогтвортой барьж байх нь хамгийн чухал.

-Ямар дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байгаа юм бэ?

Бид дандаа орхигдож байна. Барилгын салбарт хөнгөлөлттэй зээл олгодог мөртлөө бидэнд бол үгүй. Банкнаас замын  машин техникийг барьцаалж авдаггүй. Зам уртаар километрээр баригддаг учир тогтсон хашаалсан барилга шиг газрын үндсэн хөрөнгө байхгүй.

10 км зам барьчихлаа зээл олгооч гэвэл хэн ч зээл олгохгүй.

-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна гэж ярьдаг. Аймгуудын Авто замын засвар арчлалтыг хувийн компаниудад шилжүүлэх боломжтой юу?

Мэдээж хувийн хэвшил, төрийн оролцоо гэхээр адилхан л монгол хүн ажиллаж байгаа учраас ялгах хэрэггүй. Улсын мэдэлд засвар арчлалт байхгүй бол болохгүй. Учир нь мөнгө төгрөг нь тодорхой биш учраас хэцүү.  Тодорхой үе шатанд улсын мэдэлд байх нь зөв. Заавал засвар арчлалтыг хувийн хэвшил булаацалдах гэх нь утгагүй. Төмөр замын ажлаас эхлээд замын компаниудад өчнөөн ажил байна.

Гэтэл цалингаа аваагүй хоёр сар болсон хүмүүст ямар сэтгэл байх вэ.

Зам захиалагч нь улс байдаг учир нэг зүйл нь зовлонтой. Замын ажил авахын тулд өөрсдөө банкинд баталгаа гаргуулж зээл авахдаа бүх зүйлээ барьцаанд тавьж ажлаа эхлүүлдэг. Гэтэл улс унжиж байж гүйцэтгэлийн мөнгийг өгдөг. Энэ байдлаас болж замчид цалингаа хоёр сараар авч чадахгүй байдалтай байна. Сайн зам тавихын тулд сэтгэлтэй замчин хэрэгтэй. Гэтэл цалингаа аваагүй хоёр сар болсон хүмүүст ямар сэтгэл байх вэ.

-Нэг ч замчингүй компани тендер авчихдаг хэмээн салбарын мэргэжилтнүүд шүүмжилж байсан. Энэ талаар та юу гэж боддог вэ?

Алдаа их ч олон компани байна. Гэхдээ сэтгэлтэй, чадалтай компаниуд бий. Олон компаниуд байгаа нь өрсөлдөөн нэмэгдэж, чадвар сайжрах ч гэлээ замын бизнесийн сургаар хэн дуртай нь зөвшөөрөл авч байна. Сайд маань чанаргүй хийсэн замын компанийг халаад, унагаад өгнө гэсэн. Гэтэл тэр компаниуд одоо хүртэл замаа бариад л явж байна.

Замын компаниуд төрөлжиж хөгжих шаардлагатай. Нэг компани хучилтаараа дагнаад, зарим нь бусад ажлаа хийгээд хамтарч баг болж ажиллавал амжилт олно. Чанар ч сайжирна.

Ярилцсанд баярлалаа.