Р.Болормаа: Компаниуд өөрийн хүчин чадлаас хэтэрсэн ажил авч байна
ШУТИС БИАС-ийн Эрдэм Шинжилгээ, Инноваци Хариуцсан дэд захирал, дэд профессор Р.Болормаатай авто замын салбарт хөгжлийн асуудлаар ярилцаж, санал бодлыг нь сонирхлоо.
-Аливаа салбарыг хөгжүүлэхийн тулд тулгамдаж буй асуудлыг шийдэх нь дамжиггүй. Тиймээс авто замын салбарт өнөөдөр нэн тулгамдаж буй асуудал нь юу гэж дэд профессор хүний зүгээс хэлэх вэ?
Монголын автозамын салбар бусад салбаруудын нэгэн адил сүүлийн жилүүдэд нилээд эрчимтэй хөгжиж байгаа. Энэ эрчимтэй хөгжлийн эрэлт хэрэгцээгээр бүтээн байгуулах өндөр хүчин чадал, өндөр чанар шаардагдана. Иймд салбарын хүчин чадлыг сайжруулах, гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэх асуудал өнөөдөр автозамын салбарын тулгамдаж буй асуудлын нэг гэж би үздэг.
Салбарын хүчин чадлыг дээшлүүлэхийн тулд салбарын үндсэн нэгж болсон автозамын үйлдвэрлэл эрхэлсэн үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулах ёстой. Одоогоор тоотой хэдэн компаниудаас бусад компаниудын үйлдвэрлэлийн бааз, ажиллах боловсон хүчин сайн бэхжээгүй. Энэ нь замын компаниуд өөрийн хүчин чадлаас хэтэрсэн хэмжээний барилгын ажил авах, улмаар ажилчид, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар, цаг хугацаа, тоног төхөөрөмжийн асуудлаас болж чанарын асуудал хаягдах зэрэг сөрөг үр дагаврыг авчирсаар буй.
-Компаниудын чадавхийг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай вэ?
Замын компаниудын үйлдвэрлэлийн баазыг сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал замын экспортын материал түүхий эдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, оруулж ирсэн материалын зардлыг тухайн компанид олгох гэх мэт аргаар замын үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлдэг нь сайн хэрэг.
Замын үйлдвэрлэлийн 90 хувь нь машин механизм, техникээр гүйцэтгэгдэг ажил байдаг. Иймд машин механизм техник хэрэгсэл, түүний сэлбэг хэрэгслийг худалдан авах, оруулж ирэх үйл ажиллагаанд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй юм. Үүнтэй уялдан энэ чиглэлийн мэргэжилтэнг бэлтгэх, засвар үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниудыг дэмжих шаардлага байна.
Замын чанар бол салбарын чухал хэсэг. Аливаа үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн чанарт олон хүчин зүйлс нөлөөлдөг. Миний өөрийн туршлагаас үзэхэд мэргэжилтний мэдлэг чадвар, туршлага чанарт ихээхэн нөлөөлдөг юм. Автозамын салбарын хувьд мэргэжилтэн бэлтгэх, ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх асуудлыг орхигдуулсаар ирсэн.
Энгийн жишээ авч үзэхэд өнөөдөр автозамын ажилтан, механизмчин бэлтгэдэг тогтвортой ажиллагаатай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байхгүй байна. Барилгын чиглэлээр мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг төвүүдэд л замын салбарын боловсон хүчин бэлтгэгдэж байна. Инженер техникийн ажилчдын хувьд хэд хэдэн их дээд сургуулиудад бэлтгэж байгаа боловч тэдгээрийн сургалт зөвхөн танхимын хэлбэрээр явагдаж байгаа тул дадал, чадвар хангалттай эзэмших боломжгүй байна.
Иймд автозамын салбарын боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагааг бодлогоор дэмжих хэрэгтэй гэж би хувьдаа бодож явдаг юм. Үүнд нэн тэргүүн дадал чадвар эзэмших сургалтын талбай, сургалтын зориулалттай машин техникээр их дээд сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хангах бодлого явуулбал үр дүнтэй байх болно.
-Авто замын салбар өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөн. Гэсэн хэдий ч олон улсын стандартад нийцэх тал дээр дутагдалтай байгааг хэрхэн өөрчлөх вэ?
Чанарын буюу стандартын шаардлагыг хангуулах журам дүрмээ л чанд сахиулах хэрэгтэй.
-Замын материалын үйлдвэрлэл дотоодын боломж хэр байгаа вэ. Замын битумыг голдуу Оросоос авдаг?
Битумыг өөрийн оронд үйлдвэрлэх асуудал манайд нефьт олборлолт, боловсруулалт хэрхэн хөгжихээс шууд хамаарна. Мэдээж нефьтийн салбар эрчимтэй хөгжөөд ирвэл битум үйлдвэрлэл хөгжих болно.
-Зураг төсөлчид замын бүтээцийг монгол орныхоо нөхцөлд тааруулж өөрчилж, хольцны нормыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү.
Санал нэг байна. Гэхдээ үүнийг туршилт судалгаан дээр тулгуурлан шийдвэрлэх зүйтэй. Олон төрлийн бүтээцийг монгол орны уур амьсгалын бүсүүдэд турших барьж, ашиглалтын явцад нь ажиглалт судалгаа явуулж байж хийвэл илүү бодитой болно гэж бодож байна.
-Мэргэжлийн боловсон хүчний чадамж хэр байгаа вэ. Өнөөгийн байдал, цаашид боловсролын чанарыг хэрхэн сайжруулах вэ. Авто замын инженер, гүүр барилгын инженер гэх зэргээр төрөлжүүлж сургалтын хөтөлбөрийг өөрчлөх боломж бий юу?
Мэргэжилтэн бэлтгэх асуудалд төр засгаас нэгдсэн бодлого, төлөвлөгөө хөтөлбөр байхгүй, хөрөнгө мөнгө төлөвлөдөггүй. Мэргэжилтэн бэлтгэж буй байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй л байна. Иймд инженер техникийн ажилтан бэлтгэх сургалт зөвхөн танхимын буюу онолын сургалт хэлбэрээр явагдаж байна.
Манай ШУТИС-ийн хувьд оюутны дадал чадвар эзэмших сургалтанд анхаарч өөрийн хөрөнгө хүчээр үйлдвэрлэлийн дадлага явуулах полигон байгуулж, түүнд геодезийн хэмжил зүйн дадлага хийлгэж байгаа ба замын болон хөрс судлалын лабораториудаа өргөжүүлж орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон.
Энэ нь манай төгсөгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд тус нэмэр болж байна. Цаашид салбарын мэргэжилтэн бэлтгэж буй байгууллага сургуулиудтай нягт уялдаатай ажилласнаар мэргэжлийн боловсон хүчний чадамж сайжирна. Автозамын барилгын инженер, гүүрийн барилгын инженер гэсэн хоёр тусдаа сургалтын хөтөлбөрөөр л ШУТИС сургалт явуулдаг. Энэ тал дээр асуудал байхгүй.
Ярилцсанд баярлалаа.