С.Очирбат: 2050 он гэхэд Монгол улсын замын дүр төрх гарч ирнэ
"Ай Си Ти Сайн Консалтинг" ХХК захирал С.Очирбаттай авто замын хөгжилд чухам юуг чухалчилж авч үзэх талаар ярилцлаа. Тэрээр энэ салбарт нийтдээ 38 жил ажиллаж байгаа бөгөөд дөрвөн удаа Авто замын газрын даргаар сонгогдон ажиллаж байжээ.
-Авто замын салбараа хөгжүүлэхээр манай улс ямар бодлогууд барьж байсан бэ. Одоо бол Шинэчлэлийн засгийн газар бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно гэсэн зорилт тавиад байгаа?
Төвлөрсөн төлөвлөгөөт үед барилгын салбар, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг түлхүү барьж, хөрөнгө хаядаг байсан. Харин түүнээс үлдсэн хөрөнгөөр авто замын салбарт зориулж байсан. Салбар маань 84 жилийн нүүрийг үзэж байгаагийн тэн хагаст нь үндсэн замын сүлжээ сайн бүрэлдэж чадаагүй нь хөрөнгө мөнгө дутмаг байсантай холбоотой. Мөн тээврийн хөдөлгөөний эрчим ч бага байсан.
1989-1990 онд Оросын тусламжтайгаар замын сүлжээг өргөтгөх төлөвлөгөөг таван жилээр хийсэн ч нийгмийн задарлын үед энэ бүтээгүй. Тэгээд 1993-1994 онд намайг замын газрын дарга байхад бид нэг л зүйлийг бодож байсан. Энэ картын бараанд орчихсон хүнд хэцүү үед яаж замын салбараа тараалгүй авч үлдэх вэ гэдгийг их боддог байлаа. Бид ямартай ч хичээсний дүнд бүтнээр нь шилжүүлж, хувьчлалын үед авч үлдсэн. Ингээд 1992 онд замын тухай хуулийн төслийг анх бичиж эхлээд 1998 онд их хурлаар батлуулсан түүхтэй. Ингэж салбар маань өөрийн гэсэн хуультай болсон.
-Хууль батлагдах гэж зургаан жил болжээ. Яагаад ингэж удсан юм бэ?
Тэр үед салбарын хуулиуд ерөөсөө гараагүй байсан. Мөн макро эдийн засгийн томоохон хуулиудыг хүлээж байлаа. Замын салбарыг авч үлдэхэд алдартай 20 дугаар тогтоол их тус болсон. Тухайн үед Бямбасүрэн гуай ерөнхий сайд замын санг бий болгох асуудлыг их сайн ойлгож, улмаар их хуралд лоббидож батлуулсан. Замын сан их чухал. Шатахууны болон тээврийн хэрэгслийн татвараас сангаа бүрдүүлдэг. Энэ тогтоолын ачаар дөрөв, таван жил замын салбар тогтож, замчид ажилтай байж чадсан. Тухайн үед шинэ зам ярих асуудал байгаагүй. Харин хуучин замаа сэргээн засварлах тухай л ярьдаг байж дээ.
Нэг түүх ярихад: “1989 онд Зүүн азийн эдийн засгийн форум” сэтгүүл дээр Солонгосын санваартан Сан Муны нийтлэл анхаарлыг минь татаж билээ. Тэрээр Өмнөд Солонгосыг Хойд Солонгос, Монгол, Хятадтай холбож, дайруулсан транзит зам барих санаа байсан. Энэ зам европ руу гарах боломжтой 100 метр өргөн замын зураг байлаа. Тэрээр энэ замаа “center road” буюу “Зууны зам” хэмээн нэрлэсэн байсан нь одоогийн Мянганы зам гэдэгтэй адилхан санагддаг.
Засгийн газрын тэргүүнээр 1996 оны сонгуулиар МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон орж ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 харьцаатай оров
Үүнээс санаа авсан байж магадгүй. Ямартай ч үе үеийн засгийн газрууд зам чухал гэдгийг ойлгож, томоохон зорилтуудыг тавьдаг байсан. 1998 онд М.Энхсайханы засгийн газар Улаанбаатарыг зүүн бүстэй холбохоор болж, бараг цастай байхад замын хайгуулж хийж, зураг төсөл болж биднийг сандаргасан. Гэтэл дараа жил нь засгийн газар нь уначихсан.
Үүний дараа 2000 онд МАХН гараад Мянганы зам төслийг хэрэгжүүлэхээр болж хөтөлбөрөө батлуулсан. Тухайн үед улс төрчдийн оролцоо их байснаас мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэлд орж, Мянгуужингийн зам гэж нэрлэгдэж байсан. Гэхдээ энэ нь бүтэшгүй гэдэг утгаар нь бус, зарим замын сүлжээг оновчгүй гаргасанд байлаа.
Би 2004 онд замын газрын дарга болоод заримыг нь өөрчилсөн. Гэхдээ Мянганы зам бол манай улс зам, дэд бүтцийн салбартаа үнэхээр анхаарах ёстойг харуулахад хүчтэй түлхэц өгсөн. Өнөөдрийг хүртэл энэ зам үргэлжлээд л явж байна.
Одоо шинэчлэлийн засгийн газар аймгуудын төвийг нийслэлтэй холбох гэж байгаа нь улсынхаа үндсэн гол замын сүлжээ араг ясыг босгох гэсэн зорилго. Өөрөөр хэлбэл улсын гол зам бол хүний артер судас л гэсэн үг.
Олон улсын замын сүлжээнд гол төв замуудыг артер зам гэдэг.
-Томоохон зорилт дэвшүүлсэн ч үүнийг гүйцэлдүүлэх салбарын өөрийн чадавхи хэр байгаа вэ. Хэрхэн сайжруулах вэ?
Хүмүүс янз бүрээр шүүмжилдэг. Их хурлын гишүүд индэр дээрээс монголын замчид хэзээ ч зам барьж чадахгүй гэж хэлж л байсан. Нэг талаас харахад шүүмжилж болох ч гэлээ, нөгөө талаас бид хөгжиж, туршлага сууж байна.
Өчнөөн олон компани олон боломжийг бий болгосон. Гэхдээ тусгай зөвшөөрөл авсан нь 400 компани байгаа ч тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь 40. Эдгээрийн хүчин чадлыг зөв зохион байгуулвал салбарын чадавхи сайжрах боломжтой. Техник, тоног төхөөрөмжийн тухайд асуудалгүй. Гол асуудал нь хөрөнгө мөнгө, хүний нөөц. Энэ жилийн бүтээн байгуулалтаас харахад салбарын хүчийг тарамдуулсан байдлаар тендер зарлаж ажил өгсөн. Олон жижиг компанид олон ажил өгөхөөр цөөхөн инженер техникийн хүмүүс нь хүрэлцэхгүй, хүч нь суларч байгаа юм. Үүний оронд тэдгээрийг зөв зохион байгуулалтад оруулаад ажиллуулвал сайн зам тавигдана. Сайн зохион байгуулж чадахгүй байгаа нь бодлого гаргагчийн өөрийнх нь бүтэц буруу байгаатай холбоотой.
-Замыг хэт бизнесийн нүдээр харж, мэргэжилтэй мэргэжилгүй олон компани зам тавьж байгаа нь замчдын нэр хүндийг унагаадаг. Нөгөө талаас замын захиалагч нь улс, ард түмэн учир чанартай зам л эцсийн зорилго байх ёстой. Хэт олон жижиг компани томорч чаддаггүй шалтгаан нь юу вэ?
Тогтвортой ажил байхгүй учраас томрох боломж нь байсан нь тэгж чаддаггүй. Тоног төхөөрөмж, хүн хүчээ нэмээд томорлоо гэхэд дараа жил нь замын ажил авч чадахгүй бол яах вэ. Тиймээс төр засгаас компаниудын үйл ажиллагааг тогтвортой байлгах баталгааг харуулах хэрэгтэй. Одоо баталгаа гаргаж чадахгүй байна. Нэг хэсгийг нь дэмжээд нөгөө хэсгийг нь улс төрийн шалтгаанаас болж унагаах явдал их. Зарим компанийн ард их хурлын гишүүд хүртэл байдаг. Түүнээс гадны авто замын салбарын удирдлага бүтэц нь ойлгомжгүй.
Энэ жилийн замын ажил оройтож эхэлсэн нь хоёр яамны үл ойлголцолтой л холбоотой. Чингис бондын зарцуулалт нэрийдлээр Эдийн засаг хөгжлийн яам замыг Зам тээврийн яамтай хоёулаа хариуцах болсон. Муудалцаад ерөөсөө таарахгүй байсан. Хурал дээр хоёр сайд нь юу ч болоогүй юм шиг хамтарна гэдэг мөртлөө ажил хэрэг дээр тэр нь худлаа байсан. Аль өнгөрсөн хоёрдугаар сард гэрээ байгуулаад замын компаниудтай гэрээ хийсэн байх ёстой байтал бүтэн зургаан сарын дараа ажлаа эхэлдэг нь үүнийг гэрчилнэ.
Хэн нь юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй. Бүгд л хянах үүрэгтэй. Бүгд л гүйцэтгэгчийг загнаад байдаг. Тэгсэн хэрнээ хэрэгтэй чухал зөвлөгөө өгч, асуудлыг нь тодорхой шийдэж чаддаггүй.
Гудамж төсөл нийт 33 уулзвараас 22-ыг нь өргөтгөж, засварласан
Гудамж төсөл бас ойлгомжгүй. Нийслэлийн авто замын газар дотор нь байгуулах зүйлийг тусад нь салгаад хоорондоо уялдаагүй ажилладаг. Ингэж хоёр тусдаа байх хэрэг байхгүй. Жишээ нь Сонсголон руу явсан бетонон гүүрийн зургийг хийхээр Гудамж төсөл сүйд майд болсон. Зураг хийлгэх гээд компаниудаар зуруулсан. Тэгсэн чинь гүүрийн зураг аль хэдэн жилийн өмнө Нийслэлийн авто замын газар зургийг нь гэнэт гаргаад ирсэн.
Бүтэц буруу байна. Миний бодлоор нийслэлийн авто замыг татаж буулгаад, гудамж төсөлд нь ажлыг нь өг. Эсвэл гудамж төслийг татаж буулгаад нийслэл дотор нь хариуцуулах хэрэгтэй. Үүнийг одооноос шийдэхгүй бол ирэх жил бас асуудал тулна шүү.
-Компаниудыг төрөлжүүлж хөгжүүлэх боломжтой юу. Замчдын хөдөлмөр ажил нь тогтворгүй байх нь их хортой шүү дээ. Үүний цаана хүн л байгаа гэдгээ мартаж боломгүй?
Тийм зохион байгуулалтыг яам хийж чадахгүй байна. Хөвсгөл рүү явсан 100 км замыг дөрөв хувааж 25 км-аар нь дөрвөн компанид өгсөн. Дөрвүүлээ чулуу бутлагч авах хэрэг гарна. Хэсэг бүр дээр хяналтын баг гаргана гэхээр өртөг нь өсчихдөг. Гүйцэтгэгч захиалагч хоёуланд нь хохиролтой.
Тэгснээс нэг компанийг нь толгой болгоод, бусад гүйцэтгэгчээр нь далан, хиймэл байгууламж, суурь, асфальт гээд түншлэлээр зохион байгуулаад чанартай зам бариулж болно.
-Та авто зам хэмээх улс орны хөгжлийн түүчээ болсон чухал албарын ирээдүйг хэрхэн харж байна вэ. Манай улс гол замтай болсныхоо дараа юу хийх ёстой вэ?
Манай улс нийт 49000 км замтай хэмээн статистик дээр мэдээлдэг. Харамсалтай ийм биш юм. Энэ тоонд дахиад 40-50 мянган км зам ороогүй. Энэ нь хөдөө нутгийн зам. 49000 гээд тоолсон нь сумын төв хүртэлх замын тоолсон дүн. Харин сумаас цаашаа баг руу, газар
тариалангийн зам руу орсныг тооцвол 100 мянган км замтай.
Би орон нутгийн зам дээр судалгаа хийж байгаа. Манай улс ямар ч гэсэн 2016 он хүртэл бүх аймгаа нийслэлтэй холбож чадна.
Үүний дараа хөдөө орон нутгууд руу орсон салаа салбар замуудаа анхаарах ёстой. Өнөөдөр дэлхийн улс орнууд салбар зам руугаа анхаарч байна. Яагаад гэвэл хөдөө аж ахуйн бүх бүтээгдэхүүн тэндээс л тээвэрлэгддэг учир түүнд аюулгүй байдал, хурдан найдвартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд салбар замуудаа сайжруулах хэрэгтэй юм.
Төр засаг хүссэн хүсээгүй 2016-2040 онуудад салбар зам руу орно. Тэр үед гэнэт судалгаа, стандартын мэдээлэл нь дутвал яах вэ гэж бодсоны үндсэн дээр би одооноос судалгаа хийж байгаа юм.
Монгол улсын замын дүр төрх 2050 онд тодорч ирнэ. Одоо араг ясаа л хйиж байна.
Салбар замаас өмнө олон улсын транзит замын асуудал яригдах ёстой. Манайд олон гарц байна. Хоёр хөршөөр дамжуулж Ази, Европтой холбогдох хэрэгтэй. Транзит тээврийн асуудал гарч ирвэл өнөөдрийн зам маань гологдоно. Замчдад хийх ажил их байна.
Ярилцсанд баярлалаа.