С.Ганбаатар “такси”-нд олзтой явлаа
УИХ-н гишүүн С.Ганбаатар
2013.10.31

С.Ганбаатар “такси”-нд олзтой явлаа

Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ  юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Манай www.shuud.mn мэдээллийн сайт маань таксич Хоовон хөх хэмээх содон нэртэй нэгэн эрхэмтэй хамтарч ажиллаад нилээдгүй хугацааг өнгөрүүлээд байна.

Өглөөн нарнаас үдшийн бүрийг хүртэл хотын гудамжаар давхиж Хоовон хөх маань эрээнтэй бараантай  амьдралын үнэн түүхийг элдэв хачир чимэггүйгээр уншигчдад хүргэх болсон нь та бүхний хүсэн хүлээдэг нийтлэлүүдийн нэг  болоод буй.6

Тэгтэл Хоовон хөх маань ард түмний дуу хоолойг УИХ-ын гишүүдэд мэдрүүлэхийн тулд нэг өдөр хамтдаа таксинд явуулаад үзвэл яадаг бол хэмээн санал ирүүлэв. Түүний онцгой саналыг бид хүлээн авч, УИХ-н гишүүн С.Ганбаатарт хандвал тэрбээр дуртайяа хүлээн авч өнгөрөгч ням гарагт Хоовон хөхтэй таксинд явсан юм.

Эгэлхэн таксич Хоовон хөх УИХ-ын гишүүн дэргэдээ суулган халтууранд гарч, харин бид энэхүү сонирхолтой үйл явдлын гэрч болон тэдний араас дагасан тухай сурвалжлагаа хүргэж байна.

Ням гаригийн 12.00 цагт Хоовон хөх товлосон цагтаа хоцрохгүй шүү гэсээр ажлын маань гадаа ажил амьдралыг нь амжуулдаг тэргээ барьсаар хүрч ирэв. Эрхэм гишүүн рүү утас цохиж байгаа газраас нь очоод авья гэвэл Төрийн ордонд байна. Ажил  чинь хажууханд юм байна. Алхаад очьё гэлээ. Болзоот хүн нь ирж байгаа сургаар Хоовон хөх маань багагүй сандарч харагдсан.

Учрыг асуувал “Миний муу таксинд анх удаагаа УИХ-ын гишүүн суух гэж байна. Уг нь ч бэлтгэлээ овоо базаасан л даа. Гэхдээ нэг асуудал үүсээд ээ. Миний такси газаар явдаг юм. Гэтэл газ түгээдэг газрууд нөөц дууссан гээд газ зардаггүй. Ганцхан Горгаз-д зарж байгаа гэсэн нилээн  л оочирлож байж авах сурагтай. Ажил ихтэй хүний цаг завыг хумсалчаад таксинд биш газанд оочерлоод өнөөдрийг барах вий” гэлээ.6

Удалгүй эрхэм гишүүн маань туслахын хамт хүрч ирэн учир байдлаа хэлвэл “Зүгээр ээ нэгэнт таксинд явна гээд ажил, амралтаа зохицуулчихсан. Тэгээд ч газаа авахгүй бол унаа маань хөдлөхгүй  байлгүй дээ хэмээн тайвнаар өгүүлсэн тул Хоовон маань ч тайвширч, С.Ганбаатар гишүүнийг дэргэдээ суулган замдаа гарлаа.

Тэднийг хөдлөхтэй зэрэгцэн бид ч араас нь хөдлөв. Эхлээд газ авна гэсэн тул Замын Цагдаагийн урдуур гарч Нарантуул хүрэх замд байрлах “Горгаз”-ийн газ түгээдэг газарт очлоо. Тус газар газ худалдаалах болоод удаагүй тул оочер дугаар гайгүй байж таарав.

Дугаарлаж зогсох нэгэн таксины жолоочоос газны талаар асуухад “Газ түгээдэг газрууд газын нөөцгүй болсон гээд машин маань хоолгүй болох дээрээ тулаад байна. Ойрын өдрүүдэд газ өгөхгүй  гээд бусад газрууд хаалгаа барьсан байна. Сүүлийн үеийн соната 5, 6 болон таксинуудын ихэнх нь газаар явж байгаа. Газгүй болчихвол хэцүүднэ шүү дээ. Үнийн хувьд яахав болж л байна. Газ түгээдэг газруудын тоог нэмэгдүүлж, хөдөө орон  нутагт байрлуулмаар  байна. Гол нь хангалт хэрэгтэй” хэмээн хэлж байв.

Харин “Горгаз” газ түгээгүүриийн түгээгч Ш.Мягмарсүрэн энэ талаар “Энэ бол манай анхны колонк. Арван сарын эхээр  байгуулагдсан. Газ яагаад тасарсан гэхээр ОХУ-ын үйлдвэр  нь засварт орчихсон байгаа гэсэн. Манайх байгуулагдаад удаагүй болохоор хүн үйлчлүүлэгч цөөн байдаг ч өдөртөө 100 гаран машинд газ шахчихдаг. Өнөөдөр бусад газрууд нөөцгүй болсон гээд  жолооч нар 1950 аас асууж байж олж ирлээ гэцгээж байна” гэлээ.7

Нэгэнт л УИХ-ын гишүүн маань ард иргэдийн амьдралтай танилцахаар гарсан болохоор “Горгаз”-ын үйл ажиллагаатай танилцсан. Түгээгчийн цалин, ажлын нөхцлийг сонирхож,  халуунд халж хүйтэнд халдаг Ш.Мягмарсүрэн бүсгүй 24 цаг ажиллад 48 цаг амардаг, сардаа 500 мянган төгрөгийн цалин авдгийг мэдэж авав.

Харин газын хомсдол үүссэнээр маш олон машин зогсох дээрээ тулаад байгаа тул С.Ганбаатар  гишүүнээс санал бодлыг нь сонсов.7

-Засгийн газар, УИХ–аас зөвхөн бензинд анхаарлаа хандуулаад байдаг. Тэгсэн атлаа газыг эко түлш, агаарын бохирдолыг бууруулахад сайнаар нөлөөлж байгаа газ худалдаадаг  компаниуд, энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх, анхаарал хандуулах дэмжлэг байхгүй байх шиг. Та энэ асуудлыг юу гэж бодож байна?

“Горгаз”-ын түгээгч Ш.Мягмарсүрэн

-Энэ асуудлыг Газрын тосны хэрэг эрхлэх газарт ярьдаг. Уг нь монголчууд газыг өргөн хэрэглэдэг болчихвол ганцхан бензинээс хараат биш болох боломжтой. Газ бол агаарын бохирдолтой, утаатай нийслэл хотод минь хамгийн хэрэгтэй зүйл. Харьцангүй үнэтэй байдаг юм болов уу гэж бодогддог. Энэ миний ярьдаг сэдэв биш л дээ. Би чинь Оюутолгой, цалин тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгал гэж их ярьж ирсэн.

Гэхдээ бидэнд ашигтай, хэрэгтэй, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг би ямар ч байсан уламжилна. Би эндээс маш их мэдлэгтэй болж байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг бодлогоор яаж дэмжих вэ? Хөл дээрээ бостол нь, тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд нь ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? Оросуудтай Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийж байж, энэ салбар өргөжин дэвжинэ. Тэгж байж манайд утаа багасна. Энийг би цааш нь дамжуулна.7

Энэ зуур Хоовоны такси “хоол”-оо идэж цадсан тул цааш хөдлөв. Амралтын өдөр тул гар өргөх хүн таарсангүй явсаар л. Тэр хооронд Хоовон маань эрхэм гишүүнтэй гайгүй сайн ярьж байгаа бололтой байв. Тэд Нарантуулаар  зүүн эргэж, Сансарын тунелээр уруудаж, Нарны титэм хүрлээ. Хүмүүс гар өргөхгүй л байв.

Таксины жолооч нар үнэтэй явдаг, ашигтай ажилдаг гэж хүмүүс их дургүйцдэг. Гэтэл энэ мэтээр хоосон давхиад байвал яаж ч орлогоо олж, үлдсэнээр нь амьдардаг юм бол доо, гэж Хоовонг өрөвдөж явлаа. Гэхдээ л хашир жолооч гэсэндээ Хоовон Бөмбөгөр зүг эргэж, гар өргөсөн нэгнийг алдалгүй амдаад очив.

Эхний зорчигч хүүхдээ тэргэнд суулгасан 20 гаран насны бүсгүй. Түүнийг машинд суухтай зэрэгцэн манай сурвалжлах багийнхан зураг авч, давхар бичлэг хийж байв. Гол нь зорчигч одоохондоо араас нь бичлэг хийж байгааг мэдэхгүй тул үргээчих вий гэж бид ч ихэд болгоомжилж байлаа. Тэд хөдөлж, явсаар Тээврийн дээд сургууль буюу хуучнаар Төмөрзамын коллежийн баруун талд байрлах нэгэн байрын дэргэд очиж зогсов.7

Бид бүсгүйтэй уулзаж багахан ярилцлага авч амжив. Түүнийг н.Отгонсүрэн  гэдэг аж.6

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар таксинд явж байгаад гайхав уу?

-Их сонин, гайхлаа.6

-Ард түмний төлөөлөл гэдэг утгаараа гишүүнд хандан хэлье гэсэн үгээ хэлж чадав уу?

-Миний хувьд гэр цэцэрлэг төсөл хэрэгжихийг хүлээж байна. Хүү маань ой зургаан сартай, н.Энхнайдвар гэдэг. Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй байгаа учраас гэртээ суугаад ажилд хийж чадахгүй юм. Гэхдээ тулгамдаад сайн юм ярьж чадсангүй. Надаас илүү сайн ярьж хэлэх хүн тааралдах байх аа. Ард түмний дунд байгаа нь зүгээр л юм байна.6

Ээж хүү хоёрыг хүргэж өгчихөөд таксичин хоёр маань Улаанбаатар өртөө буюу Вокзалыг зорив. Вокзалын хойно байрлах Эрдэнэт-Улаанбаатарын хооронд  жижиг тэргээр зорчдог машинуудын дэргэд бас нэгэн бүсгүй хүүхдүүдийн хамт зогсож байв. Хоовон ч тэднийг таксиндаа суулгаад зүүн тийш хүлгийн жолоо заллаа.6

Өмнө нь Хоовон С.Ганбаатар гишүүнийг кабиндаа суулгаад халтууранд явах болсон тухай уншигчиддаа мэдээлэхэд боломж гарвал Зайсан зүгийн зорчигч аваарай тэдний амьдрал арай өөр. Ярих юм нь ч өөр байх вий гэсэн уншигчийн санал ирсэн юм.

Тэгтэл тэр хүслийг сонссон мэт удаах зорчигч маань Энхтайвны гүүр давж, цаашилсаар Зайсангийн гүүр зүглэв. Тэднийг алдалгүй дагаж явсан манай сурвалжлах багийнхан “Нэг гүүр даваад нилээн баян, хоёр гүүр даваад хосгүй баян” гэж ярьдаг гэсэн. Энэ хүн ч яг уншигчийн хүслээр Зайсанд амьдардаг юм байна гэж ярилцаж явав.

Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй байгаа учраас гэртээ суугаад ажилд хийж чадахгүй юм.

Зайсан толгойн зүүн талаар эргэж нилээн явсаар жилийн 40 сая төгрөгийн төлбөртэй “Улаанбаатар хотын Олон улсын дунд сургууль” буюу Америк сургуулийн ойролцоо байрлах нэгэн хотхонд удаах зорчигчийнд очлоо. Бид ч  түүнтэй уулзаж, цөөн хором ярилцав. 6

Түүнийг н.Сайхнаа гэдэг. Эрдэнэтэд өөрийн гэсэн боломжийн хувийн бизнестэй байсан ч хүүхдүүдийнхээ ирээдүйг бодон Эрдэнэт хотоос нүүж ирээд гурван жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Энхсайхан, Энхмаа гэсэн хоёр хүүхэдтэй. Тэднийхээ тоглож наадах орчин, сургууль цэцэрлэгийн ая тухтай байдлыг нь харгалзаад энэ хотхоныг сонгож суурьшсан аж.

Тэд 132 мКв бүхий орон сууцандаа сарын 1000 ам.долларын лизинг төлдөг. Анх 1 ам.долларыг  1200 төгрөгөөр тооцож, 1 сая 200  мянган төгрөг сардаа төлөхөөр гэрээлсэн гэнэ. Гэтэл ам.долларын ханш нэмэгдсэнээс 1 сая 700 мянган төгрөг болчихсон, нөхөртэйгээ багагүй хөдөлмөрлөж байж зээлээ барагдуулдаг.

Зайсанд дандаа баян тансаг хүмүүс амьдардаггүй, амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэлтэй жирийн иргэд ч амьдардаг юм гэдгийг УИХ-ын гишүүндээ хэлж амжлаа. Уг нь би дуудлагын такси хүлээгээд зогсож байсан юм. Суугаарай суугаарай гээд байхаар нь их гайхлаа. Намайг суухаар зөрөөд буух нь гэж бодтол гэрт маань хүргэж өглөө. Ард түмнийхээ дунд орж, бидний санаа бодлыг сонсож байгаад нь их баярлаж байна” гэж байлаа.

Тэднийг  хүргэж өгөөд хотын төв рүү хөдлөх зуур Зайсан хорооллын зарим хотхоны  СӨХ-ын төлбөр сардаа 400 мянган төгрөг, СӨХ-ийн дарга “Ланд 200” юм билээ гэж хэн нэгнээс сонсож  байснаа саналаа. Гэвч уулын мод урттай, богинотой гэгчээр Сайхнаатай уулзаж ярилцсаны дараа Зайсанд дандаа баячууд амьдардаг гэдэг бодол минь тэрхэн зуурт замхарав.6

Хоовон такситайгаа урд хурдалсаар бид ч алдалгүй давхисаар Хүүхдийн урлан бүтээх төвийн уулзвараас МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зүг эргэв. Энэ удаад 30 орчим насны хос залуус удаах зорчигчоор сонгогдлоо. Тэд нэг их хол явсангүй 11 дүгээр хорооллын есөн давхруудын дэргэд буусан.

Тэднийг н.Лхагваа, н.Осоржамаа гэх бөгөөд СУИС-ийн найруулагчийн  ангид сурдаг. Гишүүнтэй огт санаандгүйгээр таарсан хосууд хөгширсөн хойноо оюутан болсондоо ичдэг гэдгээ хэлсэн гэнэ. Харин С.Ганбаатар гишүүн хариуд нь “Сурахад нас хамаагүй, оройтдоггүй юм. Уран бүтээлчид, найруулагчид нийгмийг эрүүлжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй. Тэр утгаараа  амьдралын туршлагтай хүн уран бүтээлч болж, сурч байгаа нь давуу тал.  Боловсрол хүнд юу өгдөг вэ гэвэл өөртөө итгэх итгэлийг л өгдөг хэмээн өөрийнхөө тухай ярьж зоригжуулсан” хэмээн тэд хэлж байв.7

Удаах зорчигчийг Спортын төв ордны дэргэдэх уулзвараас авсан. Энэ удаад хотын зүүн зүг рүү Баянзүрх дүүргээс урагш гэр хорооллын замаар нилээн явж, Ахмадын хорооллын зүүн талд зогслоо. Зорчигч маань таксинаасаа буухтай зэрэгцэн бид ч ажлаа хийхээр түүний хажууд очив.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр хүргүүлж, үнэгүй таксинд суусандаа нилээн гайхсан шинжтэй зогсож байлаа. Бүсгүйг н.Уранчимэг гэдэг аж. Тэрбээр Говь-Алтай аймгаас нөхрийнхөө хамт ирсэн. Нөхөр нь аймгийн цагдаагийн хэлтэст ажилладаг, нурууний үе нь гэмтэлтэй тул эмчлүүлэхээр ирсэн гэнэ. Тэд  онгоцоор хот руу ирэхэд нэг хүн талдаа 230 мянган төгрөгийг төлж байж иржээ.

Гэвч эмчилгээ эхлээгүй байхад эмнэлгээр явсан зардал нь долоо хоногийн дотор хэдийнээ сая төгрөг давчихлаа. Учир нь улсын эмнэлгээр явахаар дугаараа хүлээж хоног хугацаа алдах гээд хувийн эмнэлгээр явсан. Одоо эмчилгээ нь эхлэхээр мөнгөний асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй байна. Ер нь мөнгө төгрөгүй хүн бол эмчлүүлэх боломжгүй болжээ гэдгийг гишүүнд хэлж амжсан” гэлээ.

Энэ удаагийн зорчигч маань С.Ганбаатар гишүүнтэй нэг нутаг буюу Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэн бөгөөд Говь-Алтай аймгийн бэр болон очсон аж. Тиймээс гишүүн маань түүнтэй нутгийнхаа талаар ч халуун яриа өрнүүлж амжсан гэдгийг тэрбээр мөн хэлж байв.6

Бид анх гишүүнтэй холбогдоход гурван цаг л таксинд явж чадна. Учир нь УИХ-ын гишүүн болсноосоо хойш гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх цаг хомс болсон. Өдөр болгон уулзалт, ярилцлага гээд  үдэш бүр 23 цаг орчимд гэртээ ордог. Хүүхдүүд ч их санасан байдаг юм. Заримдаа 18 цаг гээд гэртээ харьчихаар цайныхаа цагаар харьчихсан юм шиг санагдаад утас, цагаа байн байн хараад гэргийдээ аашлуулна. Тиймээс хааяа нэг амралтын өдөр ажлаа зохицуулаад хүүхдүүдтэйгээ гадуур гардаг юм.

Өнөөдөр ажил гайгүй тул та бүхэнтэй гуравхан цаг халтууранд яваад гэртээ очино гээд хэлчихсэн гэж учирлаж байсан юм. Гэвч ням  гариг гэлтгүй автозамын хөдөлгөөн, бөглөрлөөс үүдэн бид  16.30 цагийн үед Нарантуулын өмнөх зам дээр түгжирээд зогсож байв. Гишүүний туслах бидний машинд сууж явсан бөгөөд гишүүний охидууд аавыгаа хэзээ ирэхийг байн байн асууна. Сүүлдээ ирэх цагтаа ирэхгүй байна, бид гадаа хүлээж байна гэж залгасаар. Тэгтэл бид  замын бөглөрөлөөс үүдэн  Хоовоны машинаас нэлээн холдсон байв. Гишүүн маань гэртээ харих ёстойгоо мэдэж байгаа тул шууд гэрийнх нь гадаа хүлээж байя хэмээн туслах нь хэлж бид бөглөрөлөөс гарахыг оролдож байв.6

УИХ-ын олон гишүүд үнэтэй хаус, гоё нэртэй хотхонд амьдардаг. Харин С.Ганбаатар гишүүний хувьд 13 дугаар хорооллын есөн давхаруудын нэгэнд амьдардаг байсан нь одоо ч хэвээрээ байв. Нилээн хүлээгээд ирэхгүй болохоор нь Хоовон руу залгатал Нарантуулын үүднээс нэг зорчигч суулгачихлаа. Та нар Спортын төв ордны хажууд хүрээд ир гэдэг юм байна. Бид ч машиндаа эргэн сууж, гишүүний туслах охидууд гадаа хүлээж байгаа юмсан, худлаа хэлчихлээ хэмээн  өгүүлсээр холдов.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ үеэр хэрэгтэй зүйлээ худалдаж авахаар эхнэрийн хамт Нарантуул захаар цөөнгүй зочилдог тухайгаа хуучилсан байна.

Бид явсаар Спортын төв ордны зүүн талд байрлах орон сууцны дэргэд ирэхэд сүүлийн зорчигч маань хэдийнээ буугаад явчихсан байв. Түүний юу ярьсныг Хоовоноос асуувал, Нарантуул зах дээр олон жил худалдаа эрхэлсэн Төмөрөө гэх залуу байсан гэнэ. Тэрээр наймаа хийдэг болоод 15 жил болж байгаа.

Саяхан Нарантуул захад гарсан гал түймрийн тухай, нэг хайрцаг гоо сайхны бараа сая гаран төгрөг болдог тухай,  ломбардууд галд өртөөгүй тухай, галын дараа Нарантуулын түрээс нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ ч хэд нугарч өссөн тухай, галын улмаас 30 орчим мянган хүн хоолгүй болсон тухай ч ярьсан гэнэ. Учир нь Төмөрөө л гэхэд хоёр ч туслах ажилтантай байсан аж.

Мөн тэрээр олны дунд “Эксэл гутал” гэж нэршсэн 650 мянган төгрөгийн үнэтэй өвлийн дулаан гутал худалдан аваад явж байсан аж. С.Ганбаатар гишүүний хөл өвөлд их даардаг, гоё гутал зардаг газрыг зааж өгсөнд баярлалаа хэмээн талархаж, өмсөж ч  үзсэн гэдгийг хэлэв. Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ үеэр хэрэгтэй зүйлээ худалдаж авахаар эхнэрийн хамт Нарантуул захаар цөөнгүй зочилдог тухайгаа хуучилсан байна.6

Төмөрөө харин таксинаас буухаас өмнө “Би өнөөдөр их азтай байна. Бид хоёрын зургийг аваад өгөөч” хэмээн утсандаа дурсгал үлдээж, “Таньтай ингээд уулзаж ярилцсан чинь их сонин санагдлаа. УИХ-ын гишүүн гэхээр л тусгай машин хөлөглөөд явж байдаг гэж бодож  явлаа. Иргэдтэйгээ уулзаж ярилцаж байгаа нь сайн байна. Ажлаа сайн хийгээрэй өөр юу хэлэхэв” гэж хэлсэн гэдгийг Хоовон маань шивнээд амжив.6

Сүүлийн зорчигчтой уулзаж чадаагүй бид эхэлсэн газраа энэ өдрийн ажлаа дуусгахаар Таван богд плазагийн гадна ирцгээв. Ийнхүү С.Ганбаатар гишүүн таксич Хоовон хөхтэй “халтуур”-нд 5 цаг орчим явав. Түүнээс сэтгэдлийг нь сонслоо.

-Таксинд явах ямар байна?

-Таксинд явах сайхан байна. Би таксинд суудаггүй автобусанд сууж, эсвэл алхдаг. Таксинд суугаад явахад хүмүүсийн амьдрал тод харагдаж байна. Хамгийн гол танай хамт олон болон таксич Хоовон маань өнөөдөр намайг урьж энд оролцуулж байгаа нэр хүндийн асуудал. Ер нь би уран бүтээлчидтэй, ард иргэддтэйгээ, хамгийн ойрхон гишүүн гэдэг утгаараа намайг урьж оролцуулсан болов уу.

Сая дандаа хүүхдүүд голдуу таарлаа. Эрчтэй хүчтэй амьдралын төлөө тэмцэж байгаа Төмөрөө гээд залуу таарлаа. Нөхөр нь өвдөөд Говь-Алтайгаас хотод ирсэн нутгийн охинтой таарлаа. Надад маш их мэдээлэл өглөө. Миний хийж байгаа олон ажил зөв явж байгаа юм байна. Улам хүчтэй, урагшлах ёстой юм байна гэсэн урам авлаа. Энэ бүхнийг мэдрүүлсэн та бүхэнд баярлалаа.6

-Иргэдийн ярианаас юуг илүү их ойлгож, юунд анхаармаар санагдав?

-Нэгд, Уранчимэг гээд Говь-Алтайгаас ирсэн охин байна ш дээ. Энэ хүүхэд миний Иргэний эрүүл мэндийн даатгал маш зөв явж байгаа юм байна. Улам их анхаарах хэрэгтэй юм байна.  Хоёрт, хамгийн эхний зорчигч Энхнайдварын ээжийн хэлсэн хүүхэд харах үйлчилгээг улам их ярьж, хэрэгжүүлэх ёстой юм байна. Гуравт, авсан байрныхаа лизингийн төлбөрийг төлөх гэж долларын ханшны зөрүүнд хохирч байгаа Сайхнаагийн гэр бүлийн тухай мэдэж авлаа.

Энэ бүхэн миний хувьд маш том олз. Мөн “Горгаз”  хэмээх газ түгээдэг компани дээр очлоо. “Горгаз” маш буянтай ажил хийж байна. Газыг бодлогоор дэмжиж, төрийн зүгээс дэмжсэнээр хэрэглэгчид болон агаарын бохирдолыг бууруулахад нөлөөлнө. Газны хувьд миний тэмцдэг талбар биш ч гэлээ энэ асуудлыг босгож шийдвэр гаргагчдад танилцуулах ёстой юм байна гэдгийг маш сайн ойлголоо.6

17:30 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар таксич Хоовон  болон бидэнтэй хамт хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх нэг амралтын өдрөөсөө “хумслан” байж халтууранд явсан ажил өндөрлөв.

УИХ-ын гишүүн боллоо гээд  их зан суугаагүй, эгэл жирийн ард түмнийхээ дунд хөл нийлүүлэн алхаж яваа тэрбээр гэрт нь хүргээд өгье гэсэн хүсэлтийг маань хүлээн авалгүй “Зүгээр ээ. Алхаад харьчихъя” хэмээн туслахын хамт алхаад явчихсан юм. Зорчигчдийг буух бүрт нь “Ах нь хүргэж өгч байгаа юм шүү” хэмээн инээмсэглэж явсан тэрбээр дэндүү энгийн атлаа нэрэлхүү ч юм шиг санагдсанаа нуух юун.6

Харин таксич Хоовон, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр зорчигчдод үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд тэд замдаа юуны тухай хуучилсан гэдгийг энэ долоо хоногийн “Таксич” цувралаар уншигч таньд хүрэх болно.