Д.Баттулга: Хуульд өөрчлөлт орсон, ороогүй хотын дүрэмтэй болно
НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.04.04

Д.Баттулга: Хуульд өөрчлөлт орсон, ороогүй хотын дүрэмтэй болно

Ардчилсан намаас “4-11” уулзалт зохион байгуулж, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөв. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү нар “Ухаалаг хот" сэдвээр мэдээлэл хийв. Тус намын боловсруулсан “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг Улаанбаатар хотынхон ийнхүү дэмжиж буй аж. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэр ёсоор ухаалаг засаглал болон эдийн засаг, иргэд үйлчилгээ, орчин, амьдрал гээд бүгдийг  ухаалаг тодотголтой болгох юм. Үүнийг дагаад байгальд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй ногоон хот болох боломжтой аж. Ингэснээр үйлчилгээний хурд 50-90 хувиар нэмэгдэж, гэмт хэргийн тоо 20 хувиар буурах тооцоо гарч байгааг ч онцоллоо.

 Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ийн ярилаа.

-Нийслэлийн удирдлагын ордонг хотын шинэ төв рүү нүүлгэх ажлыг нэлээд эртнээс ярьж эхэлсэн. Ажил хэрэг ямар шатандаа яваа бол?

-Олон нийтийн их хөнддөг сэдэв бол хотын шинэ төв. Ноднингоос хойш яригдаж, зураг төсөв, байршлыг гаргах бэлтгэл ажил хийж 2013 оныг өнгөрөөсөн. Хотын шинэ төвийн бүтээн байгуулалт энэ жил эхэлнэ.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дэмжлэг авсан учраас энэ жил гараанаас хөдөлнө. Дашрамд, хотын шинэ   төв байгуулахад улсын төсөв, нийслэлийн данснаас нэг ч төгрөг нэмж гарахгүй. Яах вэ гэхээр төсөлд шалгарсан Солонгос компани хөрөнгөө гаргана.

Тодорхой санхүүжилтийг хотын захиргааны мэдлийн олон барилга, байгууламжийн түрээс, өмч хувьчлалын хэлбэрээр шийдэх боломжтой. Үүний  зэрэгцээ газрын асуудлыг цэгцэлж, хотод байдаг газрын наймааг бараг зогсоосон гэхэд болно. Магадгүй хуучин олгоод байсан газрууд цааш дамлагдаж явсан байхыг үгүйсгэх аргагүй. Шинээр газар олгоогүй юм шүү.

-Энэ жил иргэдэд газар өмчлүүлэх болов уу?

-ИТХ-аас 152 байршилд газар өмчлүүлье гэх ажил ярианы түвшинд байгаа. ингэхдээ заавал  хэсэгчилсэн, ерөнхий төлөвлөгөө хийх  юм. Манайхан газар авсан бол тэнд хашаа хатгаад, гэр бариад, утаа гаргаад л амьдрах төсөөлөлтэй. Гэвч төлөвлөгөөний дагуу л стандартад нийцсэн барилга барина. Тэгж байж нийслэл өөрчлөгдөх болно.

Олон хүний хүлээж байгаа том ажил ингэж эхэлнэ. Цаашилбал, Иргэний танхим, эрүүл аюулгүй орчны индекс гээд олон зүйл ярьж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 20 байршил, 49 блок газруудад төсөл хэрэгжиж байна. Өнгөрсөн онд шав тавьсан барилга, байшингуудыг төсөлд шалгарсан компаниуд эрчимтэй орж, энэ онд босгох юм. Хотын захиргаанаас дулаан, ус, цахилгааны техникийн нөхцөлийг гаргаж өгөөд, дэд бүтцээ шийдэх бүх бололцоог хангасан.

 -Нийслэлийн хүүхэд, багачууд сурах сургууль, очих цэцэрлэг их бага болсон. Намар болгон дараалал үүсгэдэг энэ асуудлыг хэр анхаарч байгаа бол?

 2014 онд нэлээд ач холбогдол өгч байгаа ажил бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал. Өнгөрсөн онд 82 байршилд цэцэрлэг, сургууль байгуулах асуудлыг НИТХ-аас дэвшүүлсэн. Үүний дотор өмнөх онд улсын төсвөөс нийслэл рүү шилжиж ирсэн 34 сургууль, цэцэрлэг байна. Гурав, 11 дүгээр сургуулийг буулгаад шууд барих ёстой бол зарим газар дан цэцэрлэг барих жишээтэй.

Нэлээд олон газар сургууль цэцэрлэгийн цогцолбор барих юм. Энэ бүгдийг 2014 онд эхлүүлж, дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар 10-аад сургуулийн тендер, 20 гаруй цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажил явагдаж байна. Намар эхэлж, есдүгээр сар гарахад хүүхдээ аль цэцэрлэгт, ямар сургуульд оруулах вэ гэхэд маш их ажил болдог.  Тийм болохоор болж өгвөл шинэ хичээлийн жилээс өмнө ашиглалтад оруулъя гэсэн зорилготой ажиллаж байна.

-Хотыг ухаалаг болгох том хөтөлбөр боловсруулсан гэлээ. Шаардагдах төсөв, хөрөнгийн эх үүсвэр юу вэ, ямар хэмжээний хөрөнгө зарцуулах бол?
Өнгөрсөн онд 82 байршилд цэцэрлэг, сургууль байгуулах асуудлыг НИТХ-аас дэвшүүлсэн. Үүний дотор өмнөх онд улсын төсвөөс нийслэл рүү шилжиж ирсэн 34 сургууль, цэцэрлэг байна. Гурав, 11 дүгээр сургуулийг буулгаад шууд барих ёстой бол зарим газар дан цэцэрлэг барих жишээтэй.

-Ухаалаг Улаанбаатар гэж ярьж байгаагийн үндсийн үндэс бол ердөө иргэн бүр нийслэлийн үйлчилгээг хэрхэн түргэн шуурхай, төвөг багатай авдаг болох вэ гэдэг зарчим. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажлууд маань зургаан бүлэгт хуваагдаж байна. Нийслэлийн төсөвт 2014 онд 14.3 тэрбум, төгрөг тусгасан.

Өөрөөр  хэлбэл, 2020 он гээд арай алсын зүйл ярих гээд байгаа бол 2016 онд ямар байх вэ гэдгийг бодох ёстой. Программ хангамж, аппликэйшн гэхчлэн зөөлөн дэд бүтэц нэвтрүүлээд, хотын үйлчилгээг иргэд алсаас авч чаддаг болох нь ойрын хоёр жилийн гол зорилго, ажиллах үндсэн чиг.

Энэ мэтээр цаашид гурван жилдээ хийх ажлаа жилийн төсөв боловсруулах үеэрээ давхар ярьж явъя гэсэн. Жишээ нь, 2015 оны "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн ажлыг ирэх .арван нэгдүгээр сард төсөвтэй хамт хэлэлцэх учиртай.

-Одоо байгаа бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт хэр өөрчлөгдөх бол?

-Хөтөлбөрийн хүрээнд хамгийн эхэнд Улаанбаатар хотын удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх ёстой. Иргэдэд ойртсон, шуурхай үйлчилгээ хангасан тогтолцоонд шилжих нь зөв. Өнөөдөр нуулгүй хэлэхэд хотын бүтэц нүсэр байгаа шүү дээ. Гэхдээ бүтцийн өөрчлөлт гэдэг зөвхөн цомхотгож, халаад, хасахын нэр биш. Тухайн үйлдвэрийн газар, агентлаг, хорооны үйл ажиллагаа, ажил үүрэг тодорхой байх ёстой гэсэн үг. Ойрын хугацаанд энэ ажил эхлэх юм.

-Та яриандаа хот дүрэмтэй болно гэж ярьсан. Нийслэлчүүдийн дунд хот, хөдөө гэх ялгаа, үл ойлголцол их үүсдэг асуудлыг шийдэх үү?

-Хотын Дүрэм боловсруулаад дуусчихсан л даа. Харамсалтай нь, бид  хүссэн хэмжээндээ хүргэж хотын дүрмээ батлах гэхээр одоо хэрэгжиж буй хэд хэдэн хууль зөрчих гээд байгаа. Ингэхээр хоёр сонголт бий болсон.

Одоо байгаа хуульдаа нийцүүлээд хотын дүрмээ баталъя гэж. болох юм. Эсвэл зөрчих гээд  байгаа хуулиудад тодорхой өөрчлөлт оруулсны эцэст дүрмээ тултал батлах боломжтой. Бид хоёр сонголтыг аль алинаар нь баталчихсан. Гол агуулга нь гэвэл Монгол Улсын нутаг дэвсгэрт хүмүүс дуртай газраа амьдрах эрхтэй,  тийм нөхцөлийг төр хангаж өгөх үүрэгтэй. Хот,  хөдөөгийн ялгаа гэж нэг их яримааргүй санагддаг.

-Гудамж төслийн ажил энэ онд хэрхэн үргэлжлэх вэ. Өөрчлөлт орсон, хумигдсан гэж яриад байгаа?

-Анх төлөвлөснөөрөө 13 уулзвар, хурдны зам оролцуулалгүйгээр 100 гаруй км урт замын ажлыг 2014 онд хийх ёстой. Сүүлийн үед чухам юу нь болохгүй байна бүү мэд хотын ажил хумигдаж байгаа. Тэр шалтгаан нь хөрөнгө мөнгө байна уу, өөр үүдэлтэй юу гэдгийг Засгийн газар л мэдэх байх. 13 уулзвар нь 3-4 болж, өнөөх урт зам нь 10 гаруй км болчих жишээтэй.

-Иргэдийн төлөөлөгчдөд урамшуулал нэрээр их мөнгө олгодог гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Энэ ямар учиртай юм бол?

-Нэг хэсэг урамшууллын асуудлаар улс төржлөө. Энэ нь өөрөө хуультай юм шүү дээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд иргэдийн төлөөлөгч нарт урамшуулал олгоно, урамшууллын хэмжээг хурал өөрөө тогтооно гэсэн байдаг. Тэр дагуу л ажиллаж улиралд 10 сая төгрөг гаргаж байгаа. Гэтэл үүний ард гадуур ямар ойлголт байна гэхээр төлөөлөгч нар өөрсдөө аваад хэрэглэдэг гэх ойлголт.

Яг үнэндээ энэ мөнгөөр төлөөлөгч өөрийн тойрогт ажиллах, сонгогчдын асуудлыг шийдэхэд зориулагдсан мөнгө. Эргээд улирал бүр урамшууллын мөнгөнийхөө зарцуулалтыг тайлагнадаг журамтай. Тэгэхээр нэр нь урамшуулал гэсэн боловч иргэд, сонгогчидтой уулзаж, тойрогтоо ажиллахад зориулах мөнгө юм шүү. Хэвлэлийнхэн үүнийг зөв ойлгож, мэдээлэх хэрэгтэй шүү.