Сономпил.М 2014.08.08 | Сонин: Үндэсний Шуудан

М.Сономпил: “Амгалан” ДЦС ашиглалтад орсноор 87 уурын зуухыг татан буулгана

М.Сономпил: “Амгалан” ДЦС ашиглалтад орсноор 87 уурын зуухыг татан буулгана
Эрчим хүчний сайд М.Сономпил
-Найр, наамдын үе өнгөрч өвлийн бэлтгэлийн талаар ярьж эхэллээ. Эрчим хүчний салбар өвлийн бэлтгэл ажлаа эхлүүлсэн үү?

-Эрчим хүчнийхэн өвөл дуусангуут л дараагийн өвлийнхөө бэлтгэл ажлыг эхлүүлдэг гэж хэлж болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд сайдын зөвлөлөө хуралдуулж өвөлд хэрхэн бэлтгэх шийдвэрээ гаргасан.

Өвөлжилтийн бэлтгэл хийх тухай албан даалгавараа аймгуудад хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар  эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл улс орон даяар 60 гаруй хувь байна гэсэн мэдээлэл ирсэн.

Энэ сарын сүүлч гэхэд 80-90 хувьдаа хүрчихнэ. Аймгууд дор бүрнээ бэлтгэлээ хийж байна.

Би энэ жил 12 аймагт очиж ажилласан. Төлөвлөсөн ажлаа хийгээд явж байгаа юм билээ. Энэ жилийн хувьд нэлээд хэдэн станцад өргөтгөл хийж байгаа.

Тиймээс цахилгаан эрчим хүч, дулааны дутагдалд орохгүй. Гуравдугаар цахилгаан станцын 50 мВт-ын өргөугөлийг өнгөрсөн зургадугаар сарын 16- нд хүлээлгэж өгсөн.

Дөрөвдүгээр цахилгаан станцын 120 мВт-ын өргөтгөлийг аравдугаар сарын дундуур хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ерөнхийдөө тоног төхөөрөмжүүдээ суурилуулчихсан. Есдүгээр сар гарахаар туршилтын ажлаа эхлүүлнэ.

Мөн 11 сард дулааны томоохон эх үүсвэр ашиглахад орно. Энэ бол Баянзүрх дүүрэгт барьж байгаа 300 мВт-ын хүчин чадалтай “Амгалан” дулааны цахилгаан станц. Гүйцэтгэл нь одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа. Ойрын хугацаанд биөчлэн очиж танилцахаар төлөвлөж байгаа.

-“Амгалан” дулааны цахилгаан станц яагаад анх төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй вэ?

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гүйцэтгэгчтэйгээ гэрээ байгуулсан. Харин ажил нь наймдугаар сарын 21-нд эхэлсэн. Дөрвөн сарын хугацаанд яагаад юу ч хийгээгүй вэ гэхээр, айлууд нь газраа чөлөөлөхгүй нэлээд удсан.

Үүнд айлуудын буруу гэж байхгүй. Нийслэл аль хэдийнэ төсвөө баталчихсан байсан учраас айлуудад олгох нөхөн олговрын мөнгөгүй байсан. Харин наадмын дараа нийслэлийн ИТХ хуралдаж айлуудын нөхөн олговорт олгох 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвтөө суулгасан.

-Энэ станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн захыг бүхэлд нь дулаанаар хангах уу?

-Одоо дөрөвдүгээр цахилгаан станцаас 25 орчим км зайтай хотын зүүн захад дулаан өгч байгаа. “Амгалан” дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор зүүн зах руу түгээж байсан дулаанаа хотын төв болон баруун тийшээ хуваарилах боломжтой болно.

Хотын зүүн зах руу байшин барилга нэлээд их баригдаж байгаа. Гэсэн хэдий ч “Амгалан” дулааны цахилгаан станц бүхэлд нь дулаанаар хангана.

-Тэгэхээр Баянзүрх дүүргийн уурын зуухнуудыг хаана гэсэн үг үү?

-Жижиг, том нийлсэн 87 уурын зуух байдаг. Эдгээр зуухыг үе шаттайгаар татан буулгана. Энэ жил нэг хэсгийг нь татан буулгахаар төлөвлөж байгаа.

Ингэснээр агаарын бохирдол буурна гэж үзэж байгаа. “Амгалан" дулааны цахилгаан станцаас хоёр . том шугам татаж байгаа. Нэгийг нь “Нарантуул” зах хүртэл татна. Нөгөөг нь Шархадны чиглэлд татаж байгаа.     

-Улаанбаатар хотоос гадна шинээр дулааны цахилгаан станц барих аймгийн төвүүд бий. Тухайн аймгууд хэзээ дулааны шинэ станцтай болох вэ?

-Ховд, Увс, Хөвсгөл аймгийн дулааны цахилгаан станц төлөвлөсөн ёсоор энэ онд ашиглалтад орох ёстой. Манай м яамны мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Аравдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн.