Сонгинохайрхан дүүргийн иргэд цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдана
Сонгинохайрхан дүүргийн алслагдсан гэр хорооллын 18 хороодын 2200 гаруй айл өрх цахилгаан эрчим хүчээр хангагдах боломж бүрдлээ.
Энэхүү ажлыг гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах төслийн хүрээнд 3,6 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр “Дархан парагон”, “Инерци”, “Хүрд” зэрэг компаниуд гүйцэтгэхээр болж, шавийг нь өнөөдөр тавилаа.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва
Энэхүү арга хэмжээнд тус дүүргээс УИХ-д гурвантаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний хөгжлийн төв болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцсон юм.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай тус дүүрэгт орон нутгаас шилжин ирэгсэд жилээс жилд нэмэгдсээр байдаг учраас иргэдийнх нь өмнө хамгийн хүндрэлтэй асуудал нь эрчим хүч байдаг. Энэхүү хүндрэлтэй байдлаа дүүргийн иргэд сонгогдсон гишүүндээ Д.Тэрбишдагвад уламжлаж шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл саналын дагуу тус төслийн хүрээнд өнгөрсөн жил 2,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр 2000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангасан байна.