Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлав
УИХ-ын чуулган
2014.02.26

Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлав

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ тухай төсөл санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Цог нар танилцуулав.

Энэ асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдааны дараа болсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дагаж эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж, цаашид ч хурдацтай өсөн нэмэгдэх төлөвтэй байгааг харгалзан Засгийн газар шинээр цахилгаан станц барих, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах, одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа аж.

Энэ бодлогын хүрээнд “Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн тоног төхөөрөмжийг сайжруулан уурын турбинуудын тохируулгын системийг электрон-гидравлик системээр сольж шинэчлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар тохиролцжээ.

Хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ нь 42.5 сая ам.доллар бөгөөд энэ мөнгийг жилийн 0.3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 10 жилд нь өрийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр зарцуулахаар зээлийн гэрээний төсөлд тусгажээ. Төслийг 2017 онд хэрэгжүүлж дуусгах юм байна.

 Энэхүү төслийн үр дүнд тус цахилгаан станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулж зууханд хэрэглэх нүүрсний хэмжээг багасгаснаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, турбины төлөвлөгөөт бус зогсолтыг цөөлснөөр турбиныг дахин асаахад хэрэглэдэг тослох мазутын хэрэглээг багасгах замаар Улаанбаатар хотын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй байгаль орчинд үзүүлэх нөлөөг сайжруулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа санал хураалгахад хуралдаанд оролцсон 58 гишүүний 41 нь буюу 70.7 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа