Байнгын хороо дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг дэмжлээ
Байнгын хорооны хуралдаан
2014.02.26

Байнгын хороо дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил хийлээ.

 Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дагаж эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж, дараагийн таван жилд дунджаар 5-7 хувь өсөх хандлагатай байгаа. Цаашид ч хурдацтай өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа эрчим хүчний энэхүү эрэлт, шаардлагыг харгалзан Засгийн газар шинээр цахилгаан станц барих, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах, одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгааг сайд танилцуулгадаа дурдав.

Энэ бодлого, чиглэлийн хүрээнд “Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн тоног төхөөрөмжийн шинэчлэл нэн тэргүүний зорилт болж байгаа аж.

Манай улсын хамгийн том энэхүү цахилгаан станц 1983 онд үйлдвэрлэлээ эхэлснээс хойшхи 30 жилийн хугацаанд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй /1992-1994, 1996-1998/ тусламж, хөнгөлөлттэй /1998, 2001/ зээл болон гадаадын бусад зээл тусламж хэрэгжүүлж байсан ч зарим тоног төхөөрөмж нь хуучирч эвдэрсний улмаас эрчим хүчний хангамж доголдох нь их байдаг. Иймээс тус станцын уурын турбин №1-6-ийн хяналт удирдлагыг DCS шинэ системд шилжүүлэх, уурын турбинуудын тохируулгын системийг электрон-гидравлик системээр сольж өөрчлөх, зуухнуудын цахилгаан шүүлтүүрийн ажиллагааны түвшинг хэмжилтээр тогтоон дүгнэлт гаргаж шинэчлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар тохиролцжээ.

 Төслийн үр дүнд тус цахилгаан станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулж зууханд хэрэглэх нүүрсний хэмжээг багасгаснаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, турбины төлөвлөгөөт бус зогсолтыг цөөлснөөр турбиныг дахин асаахад хэрэглэдэг тослох мазутын хэрэглээг багасгах замаар Улаанбаатар хотын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй байгаль орчинд үзүүлэх нөлөөг сайжруулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

 Хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ нь 42.5 сая ам.доллар бөгөөд энэ мөнгийг жилийн 0.3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 10 жилд нь өрийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр зарцуулахаар зээлийн гэрээний төсөлд тусгажээ. Төслийг энэ онд эхэлж 2017 онд хэрэгжүүлж дуусгах юм байна.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо