Эрчим хүчний сайд АНУ-ын Калифорни мужид айлчилж байна
Эрчим хүчний сайд М.Сономпил Калифорни мужид
2014.03.07

Эрчим хүчний сайд АНУ-ын Калифорни мужид айлчилж байна

Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 3-7-нд АНУ-ын Калифорни мужид айлчилж байна.

 Айлчлалын хүрээнд төлөөлөгчид тус мужийн Эрчим хүчний комисст зочлон сэргээгдэх эрчим хүчний талаар дугуй ширээний уулзалт хийж,  Монгол Улс, Калифорни мужийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, сэргээгдэх эрчим хүчний бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа. Түүнчлэн манай төлөөлөгчид эрчим хүч нийлүүлэгч нийтийн үйлчилгээний “Пасифик газ, электрик”, сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч “Брайт Соурс Энержи” компаниудын үйл ажиллагаатай танилцав.

Калифорни нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр улсдаа тэргүүлдэг муж юм. Одоогийн байдлаар тус муж нь эрчим хүчний хэрэглээнийхээ 22 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байгаа бөгөөд 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 33 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилт тавьж байгаа аж. Энэ зорилтдоо хүрэх бүрэн боломжтой аж.

Нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 33 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилт тавьж байгаа аж.

Калифорни мужийн төв болон хойд хэсгийн газар нутгийн 15 сая орчим хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Пасифик газ, электрик” компани нь 20000 МВ эрчим хүч түгээх хүчин чадалтай юм. “Брайт Соурс Энержи” компани нь нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч, газрын тосны үйлдвэрлэл болон аж үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглах өндөр үр ашиг бүхий эрчим хүч, уур гарган ашиглах технологийг зохион бүтээх, хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, энэ хүрээнд төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус компани Калифорни мужийн Иванпах цөлд 1416 га талбайд нарны эрчим хүч хуримтлуулах 350 мянган ширхэг толин дэлгэц бүхий дэлхийд хамгийн том нарны эрчим хүчний байгууламжийг 2.2 тэрбум ам.долларын өртөг бүхий  “Ivanpah Solar Electric Generating System (ISEGS)” төслөөр 2010 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж энэ хоёрдугаар сард ашиглалтад оруулснаар Калифорни мужийн 140 мянган өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.