“Бүтээн байгуулалтын цаг”-т Эрчим хүчний сайд М.Сономпил оролцлоо
Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.02.03

“Бүтээн байгуулалтын цаг”-т Эрчим хүчний сайд М.Сономпил оролцлоо

Эрчим хүчний яам 2013 оныг эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жилээр зарлаж байсан бол энэ оныг бүтээн байгуулалтын жилээр онцолжээ.

“Энэ хүрээнд цахилгааны 173 Мвт, дулааны 588 Гкал/цагийн эх үүсвэр шинээр ашиглалтад өгнө гэж “Бүтээн байгуулалтын цаг”-ийн үеэр М.Сономпил сайд хэллээ.

Амгалан дулааны станц, дулааны гурав, дөрөвдүгээр станцын өргөтгөл ашиглалтад орно. Энэ нь сүүлийн 30 жилд тус салбарт хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил юм. Зөвхөн “Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор 60 мянган айлын дулааны хэрэгцээг хангана гэсэн тооцоо гарчээ. Мөн нийслэлийн дулааны хангамжийг сайжруулах шугамын ажлууд хийгдсэнээр 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанд холбогдох боломж энэ онд бий болох юм байна.

Улаанбаатар цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэрийг барих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Газрын байршлыг тогтоож уг станцыг барих гүйцэтгэгч компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ оны 6 дугаар сараас барилгын ажил эхэлнэ. Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 450 Мвт-ын цахилгаан станц болон Эгийн голын цахилгаан станцыг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр ажиллаж байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ.

Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Төв, Завхан, Говь-Алтай гэсэн 8 аймгийн дулааны станц, шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 24 тэрбум төгрөг төлөвлөж, нэг аймагт 3 тэрбум төгрөгөөр төслийг эхлүүлэх ажээ.