“Эрчим хүчний салбарын норматив баримт бичиг боловсруулах ажилд сонирхогч талуудыг татан оролцуулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг
Эрчим хүчний яам
2013.12.26

“Эрчим хүчний салбарын норматив баримт бичиг боловсруулах ажилд сонирхогч талуудыг татан оролцуулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг

Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас “Эрчим хүчний салбарын норматив баримт бичиг боловсруулах ажилд сонирхогч талуудыг татан оролцуулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.

Тус газраас салбарын тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.

“Эрчим хүчний салбарын норматив баримт бичиг боловсруулах ажилд сонирхогч талуудыг татан оролцуулах боломж” сэдэвт хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн яам, ШУТИС-ийн ЭХИС-ийн эрдэмтэн багш, салбарын судлаачид, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнүүд, эрчим хүчний байгууллага, компаниуд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зэрэг  50 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.

 Хэлэлцүүлгийн явцад эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй найдвартай ажиллагааг хангах, хэмнэлт үр ашиг, байгаль орчинд ээлтэй техник, технологийг дэмжсэн, стандарт, норм, нормативыг өнөөгийн зах зээлийн даяаршилтай уялдуулан шинэчлэх, шинээр боловсруулах эрэлт хэрэгцээ тулгарч байгаа болон өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, нормчлолтой холбоотойгоор төсөв боловсруулахад тулгарч буй хүндрэл, түүнээс гарах гарц, салбарын үйл ажиллагаанд олон улсын техникийн стандартуудыг авч нутагшуулах, хэрэглэх боломжуудын талаар оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн, өөрсдийн туршлагаас хуваалцан харилцан ярилцлаа.

Цаашид салбарын стандартчилал-нормчлолын ажлыг сайжруулахад талууд хамтран ажиллах, илүү мэргэшсэн байгууллагуудыг бий болгох, энэ чиглэлээр дагнан ажиллах залуу боловсон хүчнийг сургаж дадлагажуулах зэрэг олон асуудлаар санал дэвшүүлж, хэлэлцүүлэгт оролцогсдоос салбарын норматив баримт бичгүүдийг боловсронгуй болгох зорилгоор найман заалт бүхий зөвлөмжийг хэлэлцүүлэгт оролцогчид гаргав.