М.Сономпил: Эрчим хүчний нөөц дутагдсанаас болж цахилгаан хязгаарлаагүй
Өвлийн эхэн сар гарсан энэ өдрүүдэд нийслэлийн цахилгааны асуудал хурцаар тавигдсан хэвээр байна. Иргэдээс цахилгаан тасарсан гэх мэдээлэл ирсээр байгаа тул энэ талаар Эрчим хүчний сайд М.Сономпилээс тодрууллаа.
-Яамны зүгээс станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж дуусав уу?
-Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ дууссан. Эрчим хүчний нүүрснийхээ нөөцийг ирэх оны гуравдугаар сар хүртэл нөөцөлсөн. Өмнөх жилүүдээс гурав дахин их нүүрс нөөцөлж чадлаа.
-Сүүлийн үед цахилгаан тасалдлаа. Цахилгааны хязгаарлалт хийж байгаа нь хүндрэл учруулж байна гээд байгаа?
-Цахилгаан тасалдсан гэх мэдээлэл гарч байна. Газар хөлдөх, гэсэх үед олон жил болсон кабелиуд тасрах зэрэг цахилгааны гэмтэл ихээр гардаг. Харин -20 хэмийн хүйтэнд хөлдчихдөг тул цахилгааны асуудал гардаггүй. Түүнээс эрчим хүчний нөөц дутагдсанаас болж цахилгаан хязгаарлаж буй асуудлууд байхгүй. Цахилгааны гэмтэл гарсан газруудад шуурхай баг явуулан гэмтлийг засч байна.
-Өвлийн хүйтнээр цахилгаан тасалдах асуудал гарах юм биш биз дээ. Сүүлийн үед цахилгаанаар гэрээ халаадаг айлууд их болсон?
-Өвөл цахилгаан тасалдах асуудал гарахгүй гэдгийг албан ёсоор хэлчихье. Өмнөх жилүүдтэй харьцуулж байгаад цахилгааны нөөцийг 50-90 мвт-аар нөөцөлж байгаа. Цахилгааны оргил цагууд болох 17-22 цагийн хооронд цахилгааны ачаалал нэмэгддэг. Тиймээс цахилгаан хомсдох асуудал гарч магадгүй тул иргэдийг аль болох цахилгаан бага хэрэглэхийг уриалж байгаа юм.
-Харин дулааны асуудал ямар байгаа вэ. Зарим газруудад дулаан өгөхгүй гэсэн мэдээлэл гарсан байна лээ?
-Дулааны II, III, IV станцууд өөрсдийн суурилагдсан хэмжээнд дулаанаа өгч байгаа. Дулааны шугамд холбогдсон айлуудын дулаан хэвийн хэмжээндээ очно гэсэн үг. Сүүлийн үед дулаан өгөхгүй байна гэсэн хэл ам гараад байгаа юм. Энэ нь бололцоогүй газруудад дулаан олгохгүй байгаа.
-Бололцоогүй гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Баянзүрх дүүрэг, Зайсан орчимд дулаан нэмж олгох бололцоогүй байна. Тиймээс эдгээр газруудын айлуудад дулааныг нь өгөөгүй байгаа. Нэг талаасаа зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад дулаан өгөөгүй гэсэн үг.