Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Амгалан дулааны станцын барилгын ажилтай танилцав
2013.09.23

Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар эрчим хүчний салбарт Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй Амгалан дулааны станцын барилгын ажил, ДЦС-3 ХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангах 300Гкал.ц-ын суурилагдсан хүчин чадалтай “Амгалан” дулааны станцын барилгын ажлыг  2013 оны 8 дугаар сарын 21-нд эхлүүлснээс хойш газар шорооны ажил 80 хувьтай байна.

Дулааны станцын яндангийн суурийг ухаж бэлэн болгосноос гадна, нүүрс буулгах вагон хөмрөгч, үнс агуулах бункерийг бэлтгэх ажил дуусах шатандаа оржээ. “Амгалан” дулааны станцыг барих ажлын гүйцэтгэгчээр Хятадын машин инжинеринг корпораци /CMEK/ эргэн төлөгдөх, түлхүүр гардуулах нөхцлөөр гэрээ байгуулан ажиллаж ирэх оны 8 дугаар сард бүрэн хүчин чадлаар ашиглалтад хүлээн авна.

Тус станц ашиглалтад орсноор нийслэлийн зүүн захын 50 гаруй мянган хэрэглэгчдийн дулааны хангамж сайжирч шинээр дулаанд холбогдох боломж бүрдэнэ.

ДЦС-3 ХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа.

Улаанбаатар хотын ДЦС-3 ХК-ийн хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх төслийг эхлүүллээ. Мөн №9 зуухыг сэргээн засварлах ажлыг 2014 онд дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

"ДЦС-3" цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВТ-аар өргөтгөх төслийн ажил 2013.07.15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 2013.12.25-ны өдөр дуусгаж, захиалагч талд хүлээлгэж өгөх гэрээтэй ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажил 90%-тай ажил графикын дагуу явагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэж дууссан тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж эхний ээлжийн тоног төхөөрөмжийг ДЦС-4 станцад суурилуулахаар ачуулаад байна.

“ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжын системийн хүчин чадал 75 Гкал/ц-аар нэмэгдэж, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж байгаа барилгуудыг дулааны эрчим хүчээр хангах боломжтой болно. 

Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр богино хугацаанд, бага зардлаар эрчим хүчний системийн чадлын дутагдлаас гарах боломжтой болж байгаа юм.