М.Сономпил: Эдийн засаг хүндэрлээ гээд манай салбарт лав доголдол алга
Эрчим хүчний сайд М. Сономпил
2013.09.20

М.Сономпил: Эдийн засаг хүндэрлээ гээд манай салбарт лав доголдол алга

Эрчим хүчний сайд М. Сономпилтэй ярилцлаа.

-Улаанбаатарын цахилгаан станцуудын тэсвэрийг шалгадаг өвлийн сарууд айлслаа. Дулааны цахилгаан станцуудын засварын ажил аль шатандаа яваа бол?

-Манай эрчим хүчний салбарынхан өвлийг дуусгаад л дараа өвлийнхөө бэлтгэл ажилд ордог. Гуравдугаар сарын 20-нд сайдын тушаал гарч эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах графикийн дагуу бэлтгэл хангаж эхэлсэн. Энэ сарын 20-ны үед Засгийн газрын хуралдаанаар өвлийн бэлтгэл ажпынхаа талаар тайлагнана. “Шинэчилж шийдье" хуралдаан дээр бид өвөлжилтийн бэлтгэл ажпын талаар тайлангаа тавьсан. Өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор 80 гаруй хувьтай байгаа. Өвөл хаяанд ирчихээд байхад ажил нь дуусах болоогүй байна гэж ойлгож болохгүй. Эрчим хүчний салбарын их засвар, туслах тоноглолын ажлууд ерөнхийдөө дууссан. Аймаг орон нутгуудын жижиг ажлууд хүлээгдэж байгаа юм. Аравдугаар сарын нэгэн гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан байх болно. Уурхайнуудын нүүрсний нөөц хэвийн хэмжээнд байна.

-Уурхайнуудын хувьд нүүрсээ хямд үнээр нийлүүлдгээс болж алдагдалтай ажилладаг хэмээн гомдолдог. Танай яамны зүгээс уурхайнуудтай харилцан тохиролцоо хийв үү?

-Эрчим хүчний салбар, уурхайнууд муудаа алдагдалд ороод байгаа юм биш. Төрөөс өнөөг хүртэл үнийг нь барьж ирснээс болж алдагдалд хүрсэн. Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 20500 төгрөгөөр станцуудад нийлүүлдэг. Гэтэл иргэдийн гар дээр 180-200 мянган төгрөгөөр хүрдэг. Хэрэв Багануурын уурхай энэ үнээр станцуудад худалдахад ихээхэн хэмжээний ашигтай ажиллахаар байгаа биз. Багануурын уурхай хүнд нөхцөлд ажилладаг.

Улсын хэмжээнд айл өрхүүдийн 68 хувь нь 150 кВт-аас доош эрчим хүч хэрэглэдэг. 150 кВт-аас доош эрчим хүч хэрэглэдэг айлуудын төлбөр нэмэгдэхгүй.

Бид менежментийн зохицуулалт хийж, дотооддоо хэмнэлтийг хийж байгаа. 2013 оныг дотооддоо хэмнэлтийг хийхээр зарласан. ШӨХТГ, Эрчим хүчний яам, ТӨХ хамтран зургаан сарын турш ажилласны дүнд хэмнэлтийг гаргаж чадсан. Хэмнэлт гаргалаа гаргалаа гээд эрчим хүчний 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөөд явчихна гэсэн ойлголт байхгүй. Тодорхой хэмжээнд нүүрс, эрчим хүчний үнийг нэмэх шаардлага байгаа. Зөвхөн нүүрс гэлтгүй тээвэрлэлт нь төмөр замаар явдаг. Тээврийн зардал нь хүртэл маш бага. Эдгээр нөхцөлийг харж үзээд эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулж байгаа. Улсын хэмжээнд айл өрхүүдийн 68 хувь нь 150 кВт-аас доош эрчим хүч хэрэглэдэг. 150 кВт-аас доош эрчим хүч хэрэглэдэг айлуудын төлбөр нэмэгдэхгүй.

151 кВт-аас дээш эрчим хүч хэрэглэсэн айлуудын төлбөр 26 төгрөгөөр нэмэгдэж 96 төгрөг төлнө. Харин уул уурхайн салбарынхан дээр 30 гаруй төгрөг нэмэгдэж байгаа.

-151 кВт-аас дээш эрчим хүч хэрэглэж байгаа айлуудын цахилгааны төлбөр 26 төгрөгөөр нэмэгдэхэд алдагдлаасаа гарах боломж байгаа юу?

-Томоохон өөрчлөлт гарахгүй ч зургаан тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой. Ард иргэдийг цахилгаан эрчим хүчийг хэмнэлттэй, ухамсартай хэрэглэхийг уриалмаар байгаа юм. Өдөржин гудамжны, айлууд гэрэл асч л байдаг боловч тоодоггүй. Тэгсэн хэрнээ гар утсаар ярихдаа хурдан яриарай миний нэгж гүйгээд байна гэдэг. Эрчим хүчний үнэ хэт хямд байгаагаас мэдрэгдэхгүй байх шиг санагддаг.

Бид ОХУ-аас эрчим хүч 133 төгрөгөөр авдаг. Рублийн ханшаас шалтгаалан 140 төгрөг хүрч байна. Гэтэл эрчим хүчний үнэ нэмэгдэхээс өөр арга алга.

Бид ОХУ-аас эрчим хүч 133 төгрөгөөр авдаг. Рублийн ханшаас шалтгаалан 140 төгрөг хүрч байна. Гэтэл эрчим хүчний үнэ нэмэгдэхээс өөр арга алга. Эрчим хүчний хамгийн том хэрэглэгч “Эрдэнэт”, “Бороо гоулд”-д 100 төгрөгөөр өгч байгаа. Ядаж баланслуулах хэмжээнд хүргэе гэсэн бодолтой байна. Түүнээс ашиг хараад байх юм алга. “Оюу толгой”-н хувьд Хятадаас 200 төгрөгөөр эрчим хүч авч байна.

-Улаанбаатарын утааг багасгах хөтөлбөрийн хүрээнд үдшийн 21 цагаас өглөөний зургаан цаг хүртэл цахилгааныг хөнгөлөлттэй үнээр өгдөг. Энэ хөнгөлөлт өнөө жил хэрэгжих үү?

-Хэрэгжилгүй яахав. 17-22 цагийн хооронд эрчим хүчний ид ачаалал эхэлдэг. 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл 60 төгрөгөөр хэрэглэх боломжтой. Ингээд тарифыг нь заагаад өгчихөөр иргэд хямдралтай үед нь цахилгаан халаагууруудаа залгах боломжтой болж байгаа юм.

-Удаан дуншиж буй “ТЭЦ 5”, “Амгалан”-гийн станцуудын талаарх сүүлийн үеийн ямар мэдээ байна вэ?

-Олон жил яригдсан “ТЭЦ 5”-ын тендерийг наймдугаар сарын 26-ны өдөр эцэслэсэн. Төрийн ордонд сэтгүүлчдийн нүдэн дээр тэднээс сүүлчийн саналыг нь авсан. Энэ нь юу вэ гэхээр анх удаа тендерийг ийн нээлттэй явуулсан гэж хэлэх гээд байгаа юм. Хоёр консерциумын үнэ, техникийн саналуудыг сонссон. Энэ хоёр манайх сайн гээд хэл амтай байхад нь хоёр консерциум бие биенээсээ гурав гурван асуулт асууж хариулт авсан. Тэдний техникүүд орчин үеийн дэлхийд хэрэглэгдэж буй төхөөрөмжүүд байсан. Хамгийн гол нь үнэ дээрээс сонгон шалгаруулалт хийсэн. Интернэшнл повер консерцуим нэг кВт цахилгааныг 63.40 төгрөгөөр өгөх санал ирүүлснээр тендерийг хэрэгжүүлэхээр болсон. Засгийн газрын хуралдаанаар гэрээг эцэслэн батална. Газар дээр нарийвчлан судалгаа хийгдэж аравдугаар сардаа багтаж шавыг нь тавьж нээлтийг нь хийнэ. “ТЭЦ 5”-ыг 25 жил ашиглаад улсад хүлээлгэж өгөхөд 450 мВ-ын цахилгаан станц 680 тэрбум төгрөгийн хэмнэлт авч ирнэ.

“ТЭЦ 5”-ыг 25 жил ашиглаад улсад хүлээлгэж өгөхөд 450 мВ-ын цахилгаан станц 680 тэрбум төгрөгийн хэмнэлт авч ирнэ.

Амгалангийн дулааны цахилгаан станц дөрөвдүгээр сард консерциумыг шалгаруулсан. Түүнээс хойш дөрвөн сар гаруйн хугацаанд газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн. Нийт 30 гаруй айлыг нүүлгэсэн. Ер нь мөнгийг нь өгчихөд айлууд нүүчихдэг юм билээ. Нэг метр кв 1 газрыг дунджаар 100 мянган төгрөгөөр худалдаж авсан. Станц баригдах газрын 30 гаруй хувь нь үлдчихээд байна. Тэнд аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Ирэх оны наймдугаар сар гэхэд бид станцыг хүлээлгэж өгөх гэрээтэй. Газар чөлөөлөлтөөс болж дөрвөн сараа алдчихсан ч гэсэн хугацаагаа нөхөж шахуу ажилласнаар ирэх оны аравдугаар сард ашиглалтад оруулах боломжтой гэсэн үг.

-Амгалангийн станцын газарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд газрынхаа үнийг нэмээд чирэгдэл учруулж байна гээд байсан даа?

-Газрын үнээс гадна баригдсан барилгуудынхаа үнийг нэмээд байгаа. Нийслэлд энэ тухай мэдэгдэхэд удахгүй шийдвэр гаргаж газрын асуудлыг шийдэж өгөхөөр болсон. Улсын хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийхэд ард иргэд, аж ахуй нэгжүүд хөндлөн хэвтээд газраа чөлөөлж өгөлгүй асуудал үүсгээд байдаг нь харьцангуй гайгүй болсон. Хамгийн гол нь үнэ дээрээ тохирох нь чухал. Амгалангийн газарт амьдарч байсан айлуудад наймдугаар сарын 9-нд мөнгийг нь өгөхөд долоо ч хонолгүй бүгд нүүгээд явчихсан байсан.

-Өвлийн улирал хаяанд ирсэн тул дулаан, цахилгаан тасалдахвий гэсэн болгоомжлол байна. Зуны турш хязгаарлалт хийгээд хүнд байсан тухай иргэд яриад байгаа?

-Цахилгаан эрчим хүч дутагдсанаас болж бид хязгаарлалт хийгээгүй. Томоохон засвар үйлчилгээ, өргөтгөл, зам барилгын ажлаас болж цахилгаан тасалдсан. Үүнээс гадна хариуцлагагүйн зуд нүүрлэсэн. Энэ нь юу гэхээр барилга, зам барьж буй компаниуд дураараа газар ухан эрчим хүчний шугамуудыг гэмтээчихдэг. Түүнээс болж тодорхой цагуудад эрчим хүч хязгаарлагдсан тал бий.

Цахилгаан эрчим хүч дутагдсанаас болж бид хязгаарлалт хийгээгүй. Томоохон засвар үйлчилгээ, өргөтгөл, зам барилгын ажлаас болж цахилгаан тасалдсан.

Өвлийн цагт эрчим хүч яалт ч үгүй дутдаг юм. Өнөө жилийн хувьд Салхитын 50 мВ-ын станцыг эс тооцвол шинэ эрчим хүчний эх үүсвэр олох боломжгүй. Манай улс 170 мВ цахилгаан эрчим хүч ОХУ-аас авдаг байсан бол өнөө жил 210 мВ болгож нэмж байгаа. Өнөө жил хоёр хөршөөс цахилгаан авах тул цахилгааны хомсдолгүй өвөлжих боломж бий.

-Нийслэлийн иргэд хэзээнээс цахилгаан дулааны асуудалгүй амьдарч болох вэ?

-Ирэх жил “ТЭЦ IV”-ийн өргөтгөл, Амгалан дулааны станц ашиглалтад орсноор нийслэлийн иргэд дулаан, цахилгаанаар гачигдахгүй. Улсын хэмжээнд ярихад ганц хоёр станц өргөтгөөд, “ТЭЦ 5”-ыг барьснаар асуудал бүрэн шийдэгдэхгүй. Ахиад хоёр, гурван жилийн дараа гэхэд ахин эрчим хүч, дулааны гачигдалд орох магадлалтай. Таван толгойн цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, Баруун бүсийн цахилгаан станцын ажлууд хийгдээд дуусахаар дээрдэх байх. Сүүлийн 10 гаруй жил манай салбарт бодпого алдагдсаны улмаас эрчим хүчний эх үүсвэр бариагүй тул 3-4 станц зэрэг барих болчихлоо. Станц барина гэдэг нэг өдөр яриад маргааш нь хийчихдэг ажил биш.

“ТЭЦ IV"-ийн өргөтгөлд гэхэд л 18 сарын хугацаа зарцуулж байна. Нэг станцыг хамгийн хурдандаа 3.6 жилийн хугацаанд барина. Эрчим хүчний асуудлыг төрийн хэмжээнд хурдтай шийдэхгүй бол “ТЭЦ 5”-ыг барина гээд 10 хэрэлддэг шиг юм болбол эдийн засгийн өсөлтийг дийлэхгүй байна. Эрчим хүчний салбар уг нь түрүүнд нь гарч эрчим хүч, дулаанаар хангах ёстой байтал бусад салбарууддаа чирэгдэж байна. Гэхдээ өмнө нь гарахын тулд ажиллана. Манай улс импортолдог бус экспортолдог орон болно.

-Цаг хугацааны хувьд хэзээ энэ хэмжээнд очно гэж?

-Монгол 100 гаруй тэрбумын хүрэн нүүрсний нөөцтэй. Их нүүрстэй хэрнээ эрчим хүч худалдан авч, нүүрсээ гадагш нь худалддаг байдлыг арилгана. Нүүрсийг гадагш нь зөөх биш нүүрсээ шатааж эрчим хүч экспор-толдог орон болох нь чухал. 2018-2020 оны үед Монгол Улс эрчим хүч экспортолж эхэлнэ. Ийм бололцоо бий.

-Саяхан сэргээгдэх эрчим хүчний олон улсын форум манайд болсон. Үүнээс ямар шийдвэр гарсан бол?

-Монголчууд бурхнаас заяасан үнэгүй эрчим хүчийг нар, салхи, уснаас гарган авч хэрэглэж болохоор азтай хүмүүс. Энэ гурван эрчим хүчний эх үүсвэр хэнээс ч мөнгө нэхээгүй бэлэн эрчим хүчний уурхай юм. Үүнийг хөгжүүлээд эхэлбэл Монголоо хангалттай хангана. Тийм болохоор Зүүн хойд Азийн Сэргээгдэх эрчим хүчний олон улсыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах ажил хийгдэж байгаа. Манай улс нар, салхи, усны асар их нөөцтэй.

Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарч байна. Атомын цахилгаан станц, нүүрс шатааж эрчим хүч гаргадаг технологиос дэлхий нийтээрээ татгалзаад эхэлсэн. Абу Дабид төвтэй Сэргээгдэх эрчим хүчний агентлаг гэж бий. Манайд сэргээгдэх эрчим хүчний нөөцийн үнэлгээ хийгдэж байгаа. Сэргээгдэх эрчим хүч нь ихээхэн хэмжээний хөрөнгө шаарддаг тул бид Азийн супер сүлжээ гэдгийг байгуулж байна. Уг сүлжээнд Монгол, Хятад, Солонгос, Япон зэрэг орнууд багтсан. Сүлжээний хүрээнд томоохон ажлууд хийгдэж эхэлсэн.

-Дулаанаар хангагдахгүй барилгуудын нэрс гарсан байна лээ. Зарим барилга нь өвлөөс өмнө оршин суугчдаа оруулах юм яригдаж байсан. Эдгээр байрууд дулааны асуудлаас болж иргэд хохирох гээд байх шиг?

-Тэдгээр барилгууд эрчим хүчний зөвшөөрөл аваагүй барилгууд. Бид зөвшөөрөл өгчихөөд дулаанаа өгөхгүй байгаа асуудал биш. Эхлээд цахилгаан, дулаан дэд бүтцийнхээ зөвшөөрлөө авчихаад барилгаа барих ёстой. Гэтэл зөвшөөрөлгүй барьчихаад дулаанаар хангаач ээ гээд байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдээ чирэгдүүлэхгүйн тулд эрчим хүчний салбар хүлээсэн үүргийнхээ дагуу цахилгаан, дулаанаар хангах бодлого барьж байгаа.

Дулааны боломжит чадалдаа тулгаад бид дулаан өгч байна. Ноднин гэхэд дулаанд холбогдоогүй 80 гаруй барилга байсан. Тэдгээр барилгууд дулаанд холбогдсон.

Одоо харин дулаан авах боломжгүй барилгууд нь өнөө жил шинээр баригдсан орон сууцнууд. Гэхдээ дулаан, эрчим хүч авах боломжтой дүүргүүдийн барилгууд дулаанаа авсан. Одоо дулаан эрчим хүч авах боломжгүй газруудад Ар Зайсан, Баянзүрх дүүрэгт Жуковын музейгээс цааших барилгууд орж байна. Тэд Амгалангийн дулааны цахилгаан станцад ирэх жилээс хамрагдана. Цаашид бид дулааны зөвшөөрөл авч хөөцөлддөг бус дулааныг нь өгөх гэж аж ахуй нэгжтэй хөөцөлддөг цаг ирнэ гэдэгт итгэж байгаа.

-Хүйтний эрч чангарч байгаа тул айлууд мод, нүүрсээ түлээд эхэллээ. Өнөө утааны асуудал ахиад л гарч байна. Утаагүй зуух төсөлд 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан ч төдий л үр дүнгээ өгөхгүй байна гээд байгаа. Яамны зүгээс арга хэмжээ авч байна уу?

-Улаанбаатарын утааг бууруулах ажлыг манай яам бус нийслэл Цэвэр агаар сангийнхан хийдэг. Гэхдээ салбарын сайдын хувьд хэлэхэд нийслэлийн 20 мянган айлд утаагүй зуух тавьсан байхад төдий хэмжээний айл нүүж ирж байдаг. Үүнийг бүгдийг нь нэг дор шийдэж чадахгүй. Өнгөрсөн жил намайг ажпаа авахад 6000 айл цахилгаангүй байсан. Өнөө жил улсын төсөвт 6 тэрбум төгрөг оруулж УБЦТС тэдгээр айлуудыг цахилгаанд холбосон. Гэтэл өнөө жил цахилгаанд холбогдоогүй 12 мянган айл байгаа. Би гайхаад яагаад ийм олон айл цахилгаангүй болчихов. 6000 айлын цахилгааны асуудлыг шийдсэн шүү дээ гэхэд энэ жил шинээр ирсэн айлууд гэж байгаа юм. Тэгэхээр нийслэлд жилд 10-12 мянган айл нэмэгдэн ирж байна. Тэдгээр айлуудыг эрчим хүчинд холбохын тулд улсын төсөвт ахиад 10 гаруй тэрбум төгрөг тусгаж өгөхөөр болсон.

-Сүүлийн үед улсын эдийн засаг хүндэрч байгаа гээд ярих боллоо. Яамны зүгээс ямар нэгэн ажил хийх гэхээр төсвөөс болоод гацаанд орж байгаа зүйл бий юу?

-Эдийн засаг хүндэрлээ гээд манай салбарт доголдоод байгаа зүйл алга. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг дээ. Тийм болохоор эдийн засаг хүндэрчихлээ, болохоо байчихлаа гэдэг асуудлыг яриад байх нь зохимжгүй гэж хувь хүний зүгээс боддог. Засгийн газрын хурал дээр эдийн засгийг салбар бүр дээр нь авч үзэхэд хүндэрсэн салбар цөөхөн байсан. Монгол Улсын эдийн засаг 14.8 хувийн өсөлттэй байна лээ. Барилга, мал аж ахуй, газар тариалан гээд өсөлт гарсан салбарууд байна.

Улсын гол төсвийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт үнэ ханш тааруухан гарсан. Гэхдээ тийм их доошоо орчихсон юм алга. Өмнөх жилтэй харьцуулахад хоёр сая тонн нүүрсний экспорт дутуу байна лээ. Эдийн засаг тэлэхийн хэрээр ам.долларын ханш чангарч, монгол төгрөгийн ханш суларч буй зүйл ажиглагдаж байгаа. Үүн дээр Засгийн газар зөв бодлого гаргаад ажиллана. Чингэс бондыг босгодог шиг эдийн засгаа нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг хамгийн түрүүн татаж мөнгөний эх үүсвэрийг оруулснаар эдийн засаг цаашаа тэлээд явах боломжтой. Манай эдийн засаг тартагтаа тулчихсан зүйл алга.