"Бүтээн байгуулалтын цаг" уулзалт боллоо.
2013.08.27

Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэлийн талаар мэдээлэл сонслоо

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн талаар мэдээлэл сонслоо. Үндэсний шилдэг дизайнеруудын ур хийцээр, дотоодын түүхий эдээр чанарын өндөр түвшинд оёсон 350 шахам мянган дүрэмт хувцас энэ намар сурагчдад очно.

Энэ нь ЕБС-ийн нийт сурагчдын 70 хувийг хангах тоо юм. Сурагчдын дүрэмт хувцас оёход дотоодын 100 гаруй үйлдвэр оролцож, 1300 гаруй ажлын байр хадгалагдаж, 100 гаруй ажлын байр шинээр бий болсноос гадна оёдлын үйлдвэрлэгчдээ нэгтгэн кластер зохион байгуулалтад оруулсан нь дараа дараагийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх суурь боллоо гэж оролцогчид онцоллоо.

Дөнгөж ярьж төлөвлөж байсан гурван сарын өмнөхтэй харьцуулахад үйлдвэрлэсэн хувцас нь эзэддээ очиход бэлэн болж буй өнөөдрийг хүртэл хариуцсан яамд, хамтран ажилласан хувийн хэвшлийнхэн аль аль талаасаа сэтгэл гаргаж хурдтай ажилласныг Засгийн газрын тэргүүн тэмдэглэв.

Сурагчдын дүрэмт хувцас оёход дотоодын 100 гаруй үйлдвэр оролцож байна.

Нэг талаас дотоодын үйлдвэрлэгчдээ, нөгөө талаас иргэдийнхээ аюулгүй хэрэглээг дэмжсэн том ажлын ард гарлаа гээд тайвширч болохгүй, Засгийн газраас зээлээр олгосон 23 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дүрэмт хувцас борлуулсан орлогоос буцаан төвлөрүүлэх ёстойг Ерөнхий сайд ажил хариуцсан албаныханд санууллаа.

Хөдөлмөрийн салбарт Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн том төслүүдийн үр дүнгээс Я.Санжмятав сайд танилцууллаа. 2015 оны төгсгөл гэхэд 150 мянган ажлын байр бий болгосон байхын тулд найман чиглэлд дорвитой ажлууд хийж байна.

Оны эхний 7 сарын байдлаар 30 мянган ажлын байр нэмэгдэж, гадаадаас авах ажиллах хүчний тоо 22 мянгаас 18 мянгад хүртэл, гадагшаа гарсан дотоодын ажиллах хүчний тоо 45 хувь буурчээ. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтаар л гэхэд өмнөх жилүүдтэй ижил төсөв хөрөнгөөр хэрнээ хоёр дахин олон буюу 6900 хүн сургаж төгсгөсөн байна.

Оны эхний 7 сарын байдлаар 30 мянган ажлын байр нэмэгдэж, гадагшаа гарсан дотоодын ажиллах хүчний тоо 45 хувь буурчээ.

Эрчим хүчний салбарт өнгөрөгч долоо хоног түүхэн хугацаа байсныг М.Сономпил сайд тодотголоо. Амгалан ДЦС-ын ажлыг эхлүүлсэн, тавдугаар цахилгаан станцын сүүлчийн сонгон шалгаруулалтыг явуулсан зэрэг нь энэ салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэх томоохон ажлууд гараанаас хөдөлсөн гэсэн үг юм.

Энэ жил нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох зургаан аймгийн эхнийх болох Баянхонгорын замыг маргааш хүлээлгэн өгнө. Бусад аймаг дахь удаашраад байсан замуудыг гүйцэтгэгчдэд шинээр хуваарилсан, төлөвлөгөөт хугацаандаа шахаж дуусгана гэж Зам тээврийн сайд А.Гансүх хэллээ.

Харин "Гудамж" төслийнхний хувьд гүйцэтгэгч компанийн хүчин чадлаас шалтгаалан ажлаа төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэж өгч чадсангүй гэсэн тайлбар тавьж, Ерөнхий сайдаас зэмлэл хүртлээ.

Ургац хураалтын тухайд, энэ жил улсын хэмжээний гурилын хэрэгцээнд 328 мянган тонн улаан буудай шаардагдах ба үүнийг  дотоодоосоо бүрэн хангана гэж ҮХАА-н дэд сайд Ц.Туваан мэдээллээ.