“Амгалан” дулааны станцын нээлт боллоо
“Амгалан” дулааны станцын нээлт боллоо
2015.11.27

“Амгалан” дулааны станцын нээлт боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр “Амгалан” дулааны станцын нээлтийн ажиллагаанд оролцов.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж буй “Амгалан” дулааны станцын нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, 1983 онд ашиглалтад орж байсан “ДЦС-IV”-өөс хойш тус станцын үйлдвэрлэдэг дулааны тал хувийг үйлдвэрлэх хүчийн чадал бүхий томоохон, 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж, 50.000 гаруй айл өрх, албан байгууллагын дулааны хэрэгцээг хангахаар болж байна.

Монгол Улсын Их Хурал төслийг амжилттай, богино хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталж байлаа. Тухайн үеийн Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хөгжлийн банк, Гаалийн Ерөнхий газар, ИХШХЕГ, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв” зэрэг төрийн олон байгууллагуудын сайн уялдаа, дэмжлэг оролцоогоор энэ ажил хугацаандаа бүтлээ хэмээсэн юм. Түүнчлэн энэ бүтээн байгуулалт нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж байгаа төдийгүй цаашид томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг дурдав.

Нээлтийн ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил, А.Тлейхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, НИТХ-ын дарга Д.Баттулга, төслийн удирдагчид болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Хөгжлийн банкны Хятад Улсын Хөгжлийн банкнаас авах зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин “Энэ төсөл хоёр орны ард түмэнд нэн хэрэгцээтэй, ашигтай төсөл болсонд сэтгэл хангалуун байна. Монгол Улсын холбогдох яам, төрийн байгууллагуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд Хятадын талыг төлөөлөн миний бие энэхүү бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан хамт олон, хүн бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье” гэлээ. 

348 МВт (300 Гкал/ц) хүчин чадалтай тус станцын нээлтийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт үг хэлэв. Тэрээр, салбарын түүхэнд чухал үйл явдал болж байгааг онцлоод бүтээн байгуулалтад оролцсон Монгол, Хятадын холбогдох байгууллагуудад талархал илэрхийллээ. “Амгалан” дулааны станцын төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил эхлүүлж, төсөл хэрэгжихийн өмнөх бэлтгэл ажилд Нийслэлийн удирдлагууд ихээхэн дэмжиж оролцсон, энэ мэтчилэн олон байгууллагын оролцоотойгоор төсөл амжилттай хэрэгжээд байна гэлээ.

“Амгалан” дулааны станц 60.000 орчим айл өрх, 700-гаад орон сууцыг дулаанаар хангах боломжтойг салбарын сайд онцлоод, Улаанбаатар хотын иргэдийн тав тухтай амьдралд үнэтэй хувь нэмэр болж байгааг тэмдэглэв. Станцыг  орчин үеийн, байгальд ээлтэй техникээр тоноглож, технологи нэвтрүүлсэн. Анх удаа нүүрс хадгалах битүү барилга байгууламжтай болж, нуруулдан овоолох аргыг ашиглаж байгаа нь манай салбарын хувьд дэвшилтэт шийдэл болсныг дурдлаа.

/МҮОНТВ/

Ийнхүү "Амгалан" дулааны станцын нээлтийн туузыг хайчилж, түлхүүр гардуулах ёслол болсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдон, цаашид шинээр орон сууц барих боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн нийслэлийн дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна одоогийн “ДЦС-4” ТӨХК-ийн ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулах ач холбогдолтой. 

Нээлтийн ёслолын дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Амгалан" дулааны станцын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа