М.Сономпил: Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлтийн талаар хавраас л ярьсан
Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.09.22

М.Сономпил: Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлтийн талаар хавраас л ярьсан

-Орон сууц, сургууль, цэцэрлэгийн халаалт ирчихлээ,  цаашид албан газруудад өгөхөд бэлэн үү, Ер нь өвөлжилтийн бэлтгэлийг хэр хангасан бэ,  зарим дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил дууссан уу?

-2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг дөрөвдүгээр зараас эхлээд графикийн дагуу шахаж хийлээ. Ерөнхийдөө бэлтгэл ажил дууссан гэж болно. Гэхдээ зарим аймагт доголдсон асуудал бий. Ялангуяа шинээр дулааны станц барьж байгаа Хөвсгөл, Увс, Ховд аймагт галлагаа хийж эхэлж байна. Ямар ч гэсэн аравдугаар сарын нэгэн гэхэд бэлэн болно.

Энэ жилийн хувьд ТЭЦ 3-ийн 50 мВт өргөтгөлийн ажил зургаан сард дуусч, ашиглалтад орсон. Ингэснээр эрчим хүчний хэрэглээг 50 мВт-аар нэмээд зогсохгүй дулааны хэмжээг 80 ккалаар нэмж байгаа юм. Мөн ТЭЦ- 4 дээр 123 мВт хүчин чадалтай турбин суурилуулж байна.

Аравдугаар сарын 15 гэхэд эхний ээлж ажиллаж эхэлнэ. Цаашдаа туршилт тохируулгын ажлыг нэмж хийнэ. Ингэснээр улсын хэмжээнд цахилгааны 173 мВт эх үүсвэр шинээр ашиглалтад орж байна. Энэ нь Дархан, Чойбалсан, ТЭЦ-3, Эрдэнэтийн станцуудыг нийлүүлсэн хэмжээний том эх үүсвэр. Тиймээс энэ өвөл эрчим хүчний хомсдолд орохгүй гэдгийг баттай хэлье. Үүнээс гадна дулааны эх үүсвэрийг ч нэмж чадлаа.

Улаанбаатарын зүүн хэсэгт дулааны хүрэлцээ муу байдаг. “Амгалан” дулааны станцын шавыг 2013 оны наймдугаар сард тавьсан. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ямар ч гэсэн хугацаандаа ашиглалтад орно. Ирэх оны гуравдугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм.

-Эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж байгаа бол ОХУ-аас импортолж авдаг хэмжээгээ багасгах уу?

 

-Цахилгаан станцуудуудын өргөтгөлтэй холбоотой ОХУ-аас авах хэрэглээ шууд багасна. Гэхдээ манай хэрэглээ жил бүр өсөлттэй байна. Тэгэхээр хоёр жилийн дараагаас дахиад шинэ эх үүсвэр шаардлагатай болно. Тэгэхээр хэрэгцээ хэвээрээ байгаа гэсэн үг. Өнгөрсөн жилийн хувьд л гэхэд ОХУ-аас 240 мВт эрчим хүч авсан.

 

- V цахилгаан станцын ажил удаашраад байгаагийн шалтгаан юунд байна вэ?

 -V цахилгаан станцын ажил удаашралтай байгаа гэдэгтэй  санал нийлнэ. Би сая Франц, Германд айлчлалаар явж байгаад ирлээ. Францад очихдоо V станц барих Францын компанийнхантай уулзсан. Энэ компани арванхоёрдугаар сарын 20 гэхэд гэрээгээ байгуулахгүй бол өмнөх гэрээ нь хүчин, төгөлдөр бус болох юм.

Учир нь, өмнөх гэрээг өнгөрсөн зургадугаар сард хагас жилийн хугацаатай байгуулсан. Тэд энэ долоо хоногоос ажлаа хурдавчилж гэрээгээ хийнэ гэж байна лээ. Яагаад удаад байгаа вэ гэдэг нь газрын асуудалтай холбоотой байсан. Одоо бол газрыг нэг мөр шийдсэн. Ус, хөрс, гедрогеологийн судалгааны ажил одоо үргэлжилж байна.

Бүх судалгааг хийсний дараа гэрээг эцэслэн хийх зэрэг процедурын асуудал байгаа юм билээ. Түүнээс Засгийн газар , тухайн компаниас шалтгаалж удааширсан зүйлгүй. Ирэх хавар ажлаа эхлэх боломжтой гэж компанийн зүгээс мэдэгдсэн.

 - Концессын гэрээгээр барих уу, хэдий хөрөнгийг улсын төсвөөс гаргаж байгаа вэ?

-Концөссын гэрээгээр бариад 25 жил ашиглаад улсад тушаана. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Бидний зүгээс газрыг нь шийдэж, эрчим хүчний үнэ тарифыг тогтоож өгөх л үүрэггэй.

-Технологийн хувьд сүүлийн үеийнх байж чадах уу, шинээр станц барих талаар нэлээд эртнээс ярьсан болохоор ингэж асууж байгаа юм?

-V цахилгаан станцыг барих консөрциум дэлхийд томоохонд тооцогддог. Тэд Европын бүх эрчим хүчний 70 хувийг эзэмшдэг, Франц болон Японы технологиор барих юм билээ. Гэрээндээ ч энэ талаар хатуу тусгаад өгчихсөн. Хамгийн сүүлийн үеийн технологи ашиглах учраас хорт бодис, утаа ялгарна гэсэн асуудал байхгүй.

 -Дүүргүүдэд хэсэгчлэн цахилгааны хязгаарлалт хийгээд байгаа. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ?

-Цахилгааны хязгаарлалт хийж байгаад иргэдээсээ хүлцэл өчье. Цахилгааныг тодорхой цагийн хуваарийн дагуу тасалж байгаа. Зуны дулаан цагт засвар үйлчилгээ хийж байгаа юм шүү. Үүнийг иргэд цахилгаан хүрэлцэхгүй байгаа учраас тасдаад байна гэж ойлгодог юм. Дэд станц, кабель шугамууд 30- 40 жил болчихсон учраас шинээр солих шаардлага гарч байна.

Мөн нийслэл барилгажиж, хүн ам ихээр суурьшсан учраас хүчин чадлаа дийлэхээ байсныг нь өргөтгөж байгаа.Тиймээс зайлшгүй хязгаарлалт хийж байгаа юм.Түүнээс биш цахилгаан, дулааны дутагдалд орсон явдал байхгүй, аравдугаар сарын нэгнээс хойш ямар ч бүтээн байгуулалт , өргөтгөлийн ажил хийхгүй. Тэгэхээр ирэх сараас цахилгаан хязгаарлалт байхгүй гэж ойлгож болно.

Дэд станц, кабель шугамууд 30- 40 жил болчихсон учраас шинээр солих шаардлага гарч байна.
-Наймдугаар сарын 1-нээс Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг нэмсэн. ШӨХТГ болохоор үнийг үндэслэлгүй нэмсэн, хуучин цахилгааны төлбөрөө төл гэчихсэн. Гэтэл Эрчим зохицуулах хороо нэмснээрээ нэмнэ, шинэ үнээр төл гэж байна. Аль нь баттай шийдвэр вэ?

Эрчим  хүчний зохицуулах хороо  гэдэг хараат бус хөндлөнгийн  байгууллага. Эрчим хүчний яамны бүтцэд багтдаггүй. Ерөнхий сайдын дэргэд байдаг хороо. Үнэ тарифийг бууруулах, нэмэх асуудлыг бие дааж шиидэх эрхтэй. Тиймээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль бус гэж би хэлнэ. Эрчим хүчний үнэ өслөө гэж шуугихаар ч их хэмжээгээр нэмээгүй.

Уг нь “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд ч тэр , 2012 онд гарсан УИХ-ын тогтоолд эрчим хүчний үнийг чөлөөл  гэсэн байдаг. Бид бага багаар нэмж жилийн дотор 20 хувь нэмэх төсөөлөл байсан. Гэхдээ үнийг чөлөөлөөгүй, ердөө таван төгрөгөөр л нэмсэн. Энэ нь айл өрхийн хувьд ачаалал өгөхгүй. Гэтэл ШӨХТГ ийм мэдээлэл хийж байгаа нь буруу.Эрчим хүчний зохицуулах хороо Захиргааны хэргийн шүүхэд хандана гэж байна лээ. Тэгэхээр хорооны шийдвэр хүчин төгөлдөр гэдгийг хэлье.

-“Эзэн-100” хөтөлбөрийг сөрөг хүчин 60 гаруй хувиар тасарсан гэж дүгнэсэн. Танай салбарын хувьд хэр гүйцэтгэлтэй байсан гэж та дүгнэх вэ?

-Салбарын хувьд эрчим хүчний үнийг чөлөөл гэсэн тогтоол гарсан гэж хэллээ. Гэхдээ чөлөөлж болохгүй нөхцөл байдалд байна. Үе шаттай өсгөх нь ч бас тасалдаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбар үүрэг даалгавраа биелүүлсэн. Бид айл өрх, албан байгууллагыг дулаан цахилгаанаар хангах үүрэгтэй.

Хэн нэгэн хөндлөнгөөс оролцоод бидний ажлыг тасалдуулах эрхгүй. Ер нь салбар бүр дээр “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажил хийсэн. Засгийн газар дээр ярилцаж, дүгнэж үзэхэд 60 гаруй хувийн тасралттай биш, биелэлттэй гэж дүгнэсэн. 100 хоногийн дотор өргөс авсан юм шиг болохгүй л дээ.

Гэхдээ бодлогын хувьд ажил эхэлсэн, хууль эрх зүйн актууд хөдөлсөн гэдэг нь чухал байгаа юм. Тэрнээс биш үр дүнг нь шууд тавих нь өрөөсгөл. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил эхлээд хэрэгжиж байна уу гэдэг нь чухал. Тэрнээс 100 хоног багадна. Манай салбарын хувьд жилийн дараа үр дүн гарах бололцоотой.

-Сүүлийн үед Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх талаар ярьж байна. Эрчим хүчний яам аль нэг яамтай нэгдэх үү?

-Би гадаад яваад ирсэн учраас  хэвлэлийн мэдээлэлтэй л байна.

-Дэд бүтцийн яам байгуулаад эрчим хүч, барилга, хот байгуулалтыг нэгтгэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна ?

 Тэр талаар сонссон, өмнө  нь ч Дэд бүтцийн яам гэж байсан. Зам, эрчим хүч, барилгын салбарт маш том бүтээн байгуулалтууд явж байгаа учраас нэг яамны бүтцэд ажиллахадп хүндрэлтэй гэж үзээд шинэчлэлийн Засгийн газар байгуулахдаа бие даасан яам болгосон. Үүний үр дүнд салыар бүрт үр дүн гарсан гэж бодож байгаа.

Бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход гэрээ хүчин төгөлдөр бус болно гэсэн ойлголт байхгүй.

Ерөнхий сайд бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д оруулж ирэх байх, тэр үед өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Төр данхайсан бүтэцтэй байна гэж шүүмжилж байгаа. Бүтцийн хувьд цомхон чадварлаг байх нь зөв л байх. Гэхдээ бид тал талаас нь харах шаардлагатай байгаа.

-Бүтцийн өөрчлөлт хийхэд АН-тай хийсэн “  Шударга ёс” эвслийн гэрээ үргэлжлээд явах уу?

 Засгийн газар бүрдүүлэхдээ байгуулсан  гэрээ хүчин төгөлдөр явна гэдэгт итгэлтэй байгаа. Одоохондоо өөрчлөгдсөн зүйл алга. Бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход гэрээ хүчин төгөлдөр бус болно гэсэн ойлголт байхгүй. Гэрээ маань дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байх юм. Эсвэжл саналаа хэлээд хэлэлцээд явах байх.

МАН засагт орж магадгүй гэсэн мэдээлэл байсан. Магадгүй МАН Засагт орлоо гэхэд эвсэлтэй хийсэн гэрээ өөрчлөгдөх, цуцлагдах магадлалтай юу ?

-Би яаж мэдэхэв дээ. МАН орвол гэрээгээ байгуулаад л явах байлгүй дээ. Надад мэдэх юм алга.

-Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлтийг сайд нартайгаа ярьж шийдсэн үү. Дангаараа гаргасан шийдвэр юм уу?

-Засгийн газрын кабинет нэгдмэл ойлголттой байгаа гэж ойлгож болно. Ерөнхий сайд энэ талаар хавраас ярьсан. Саналуудыг шат шатанд нь явуулсан. Сайд нараас санап авсан, сүүлд Төрийн нарийн бичгийн дарга нараас авсан. Бүтцийн өөрчлөлтийг ул суурьтай удаан хугацаанд ярьсан. Ирэх сард чуулган эхлэхээр өргөн барих байх.

-Тэгэхээр сайд нар огцроход бэлэн гэж ойлгож болох уу?

-Мэдэхгүй, би хүний өмнөөс хариулж чадахгүй. Манай салбарын хувьд бүтэц бүрэлдэхүүний хувьд саналаа илэрхийлээд явж байгаа.