Ц.Даваасүрэн: Тавдугаар цахилгаан станцын асуудал хүнд болсон
2017.12.19

Ц.Даваасүрэн: Тавдугаар цахилгаан станцын асуудал хүнд болсон

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.


-Том төслүүдээ хөдөлгөж байж эдийн засаг сэргэнэ гэж ярих юм. Гэтэл уул уурхайн том төслүүд яагаад урагш ахихгүй байна вэ? 

-Том төсөл хөдөлсөнгүй гэж яриад байгаа юм. Том төсөл хөдөлж байгаа. Оюутолгой, Тавантолгойн төсөл явж л байгаа. Үүнийг далимдуулж, том төслүүдээ гадны нөлөөнд оруулж, ашиггүй болгодог тал бий. Ийм зорилго байж болзошгүй гэсэн хардлага байна. 

-Тавантолгойн эрчим хүчний станц болон бусад цахилгаан станцын төслүүд ямар шатандаа байна вэ?

-Тавантолгойн эрчим хүчний станц, тавдугаар цахилгаан станц гэх мэт төсөл зогсонги байдалд орчихсон. Тавантолгойн эрчим хүчний станцын хувьд Оюутолгойтой зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа юм. Тиймээс оны дараа нэг бол Тавантолгойн төслөөр явуулах, нэг бол Оюутолгой өөрийнхөө станцыг барь гэдэг асуудлыг гэрээний дагуу хөндөнө. Үндсэндээ бол Оюутолгой дөрвөн жилийн дотор Монголоос цахилгаан авах асуудлыг шийднэ. 

Тавдугаар цахилгаан станцын оронд Багануур дүүрэгт 700 МВт цахилгаан станц барьж байна. Энэ станцын байршил нь оновчтой болоогүй ч ажил эхэлсэн учраас зогсоох боломжгүй юм. Тавдугаар цахилгаан станцын хувьд нөхцөл байдал хүнд болсон. Уг нь энэ станц байх шаардлагатай. Тиймээс ТЭЦ II-ыг өргөтгөх ажил төлөвлөж байна. 

-Орон нутагт баригдах усан цахилгаан станцууд юу болж байна вэ?

-Энэ бол хамгийн чухал. Нэн тэргүүнд усан цахилгаан станц барих шаардлага байна.  Эрдэнэбүрэн, Эгийн гол гэх мэт төслүүдийг ирэх жилд шуурхайлан ажиллана. 

Т.Давааням