Р.Ганжуур: Шинэ эх үүсвэр бий болсноор эрчим хүчний хямралаас гарна
Өнөөгийн эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал нь эрчим хүчний хомсдол. Хүнд байдлаас гарахын тулд юу хийх хэрэгтэй талаар Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Р.Ганжууртай ярилцлаа.
- Эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудал бол цахилгаан, дулааны хомсдол. Нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэх бэ? Салбарын мэргэжилтнүүд хэмнэлтийн хууль гаргах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах гэх мэт арга замууд байна гэж ярьдаг. Таны хувьд эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийвэл дээр гэж бодож байна вэ?
Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд дулааны эрчим хүчний дутагдалд орчихсон байгаа бол улс орны хувьд бүхэлд нь аваад үзвэл цахилгаан эрчим хүчний дутагдалд орчихсон байдалтай байна.. 2016-2020 онд манай улсын эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна лээ. Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг шийдэхийн тулд хэмнэлтийн хуулийг гаргах ёстой гэж ярьж байгааг би зөв гэж бодож байна.
Гэхдээ ганц эрчим хүчний хэмнэлтийн хуулийг гаргаснаар удахгүй хоёр дахин нэмэгдэх эрчим хүчний хэрэглээний асуудлыг шийдэж чадахгүй. Хэмнэлтийн хуулиар эрчим хүчний хэрэглээний 10-20 хувийг л шийдэх болов уу. Дараагийн нэг шийдэл бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдал гэж хүмүүс ярьдаг. Үүнийг бас авч үзэх ёстой. Гэхдээ өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад нийт үйлдвэрлэж байгаа цахилгааныхаа 20 хүрэхгүй хувийг сэргээгдэхээр гаргаж байна.
Өвлийн их ачааллын үед хамаг станцуудаа бүрэн ачааллаад дээрээс нь дутаж байгаа 20 хувийн цахилгаан эрчим хүчийг Оросоос импортолж байна.
Эндээс харахад дан ганц сэргээгдэхээр асуудлыг шийднэ гэж ойлгогдохгүй байгаа биз. 2013 оны 8 сард ашиглалтад орсон “Салхит”-ийн 50 мВт-ын салхин цахилгаан станц нь манай нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 3-4 хувийг л эзлэх байх. Нарны эрчим хүчийг одоогоор манай улс том эрчим хүчинд ашиглаж эхлээгүй байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчээр хямралын асуудлыг шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчийг хурдан хөгжүүлж, ашиглах нь цаашдаа хэрэгтэй.
Ингээд бодохоор удахгүй хоёр дахин нэмэгдэх эрчим хүчний хэрэглээний асуудлыг шийдэхийн тулд одоо байгаа суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэх ёстой юм байна гэсэн дүгнэлт яах аргагүй гарч байгаа биз.
Өөр ямар ч арга байхгүй гэж би боддог юм. Энэ салбарт 30 гаруй жил ажиллаж, эрчим хүчний зохицуулах газрын даргын албыг 10-аад жил хашсан хүний хувьд, сүүлийн 13 жил эрчим хүчний зохицуулалтын орчинг монгол улсад бүрдүүлэх гэж зүтгэж байгаа хүний хувьд өөрийн ажил амьдралын туршлагаар хэлж байна л даа.
Хамгийн эхлээд суурилагдсан хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж байж эрчим хүчний хямралыг давна гэж миний хувьд удаа дараа л яриад байгаа юм. Үүнтэй холбоотой Тавдугаар цахилгаан станц барих асуудал гарч ирнэ.
-Тавдугаар цахилгаан станц барихад газрын асуудал бэрхшээлтэй байгаа гэж салбарын яамнаас мэдэгдсэн. Одоо бол газрын асуудлаа шийдчихсэн. Ажил эхлэхэд бэлэн гэж ойлгож байгаа?
Газрын асуудал гэж баахан хугацаа алдаад, одоо хэлэлцээр хийж байна гэж хугацаа алдаад байна. Тавдугаар цахилгаан станц барих асуудлыг 2002 оноос хойш манай холбоо ярьж байгаа. 2011 оны 9 сард төрийн өмчийн хорооноос олон улсын тендер зарлан, 2012 оны 7 сард дүгнээд ялагч компанийг зарласан.
Тендерт ялсан олон улсын консерциумтай гэрээ байгуулж, ажил эхлэх байтал хойшлуулсаар 2013 оны 2 сард дахин санал өг гэсэн шаардлага тавьсан. Бас станцыг барих газрын асуудлыг шийдэхгүй их удсан. Нэгэнт тендерт ялсан компаниас дахин санал өг гэсэн хачин шаардлага тавьсныг би ойлгодоггүй юм. Ингээд дахин санал өгөх болон газрын асуудал үргэлжилсээр эцэст нь нэг 2013 оны 8 сард Франц, Япон, Солонгос, Монголын гэх дөрвөн орны эрчим хүчний компаниуд оролцсон консерциумтай гэрээ хийхээр санамж бичигт гарын үсэг зурсан.
Өөрөөр хэлбэл консерциумд 5-р цахилгаан станцыг барих эрхийг олгосон. Гэвч одоо болтол гэрээ хийж, 5-р станцыг хэзээ эхэлж барихыг шийдээгүй л байна. Олон улсын тендер дүгнэгдсэнээс хойш бүтэн жил 4 сарын хугацаа өнгөрөөд байхад тавдугаар цахилгаан станцын гэрээ хэлэлцээр хийгдэхгүй байгаа нь сэтгүүлч та нарт сонин байгаа биз. Энэ бүхэнд ямар нэгэн далд сонирхол агуулагдаад байгаа юм биш биз гэсэн хардлага заримдаа төрдөг гэж эрчмийнхэн ярьж байгааг шууд хэлчихье.
- Эрчим хүчний хомсдолын талаар тодруулж яривал ... ?
Саяхан Улаанбаатарын дулааны сүлжээ компаниас нийслэл хотод дулаан өгөх боломжгүй 90 орчим байшин, барилгуудын жагсаалтыг зарлаж, хэвлэлд нийтлүүлсэн. Энэ бол эрчим хүч хомсдолд орсныг зарлаж байна гэсэн үг. Аливаа улс орон эрчим хүчний үйлдвэрлэл 20 хувийн байнгын бэлэн нөөцтэй байх ёстой гэсэн онол практикийн номлол байдаг. Харамсалтай нь манай улс тийм байж чадахгүй байна.
Өвлийн их ачааллын үед хамаг станцуудаа бүрэн ачааллаад дээрээс нь дутаж байгаа 20 хувийн цахилгаан эрчим хүчийг Оросоос импортолж байна. Эрчим хүчний хомсдол гэвэл ийм л дүр зурагтай байна. Хямрал арилахгүй байгаад мэргэжлийн хүмүүс санаа зовж саналаа хэлдэг ч харамсалтай нь хэрэгжүүлдэггүй. Өнөөдөр салбарыг дандаа мэргэжлийн бус хүмүүс удирдаж байна.
Нэмж хэлэхэд хоёр дахин нэмэгдэх эрчим хүчний эх үүсвэрийг шийдэхэд усан цахилгаан станц ихээхэн ач холбогдолтой. Эгийн голын усан цахилгаан станцыг барихаар анхны техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа нь гараад 20 жилийн ой болж байна. Усан цахилгаан станц барина гэж 20 жил, ТЭЦ-5-ыг барина гэж 10 жил ярьсан. Анх Эгийн голын усан цахилгаан станцыг 220 МВт байхаар төлөвлөж байсан бол одоо хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай болсон.
Технологийн шаардлага нь тэгж таарч байгаа. Хөвсгөлөөс хойд хил хүртэлх голууд дээр шаталсан усан цахилгаан станц барих нь илүү оновчтой хувилбар гэж манай усны эрчмийн мэргэжилтнүүд ярьдаг, бичдэг. Эгийн голын усан цахилгаан станц, Шүрэнгийн усан цахилгаан станц гэж томоохон төсөл яригдаж байгаа. Үүнийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай.
Үүн дээр 5-р цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станцыг баривал эрчим хүчний хомсдолоос гарч улс орны эрчим хүчний аюулгүй байдал сая хангагдаж чадна. Монгол улсын үндэсний аюулгүй байдал эрчим хүчнээс хамаарна гэдгийг тайлбарлах шаардлагагүй байлгүй дээ.
- Манай улс хэзээнээс эрчим хүчний дутагдалд орсон юм бэ? Урд нь эрчим хүчний хямралд өртөж байсан уу? Хэрхэн яаж даван гарч байсан бэ?
Манай улс эрчим хүчний хямралд гурав дахь удаагаа орж байгаа гэж би дүгнэдэг юмаа.
Манай улс эрчим хүчний хямралд гурав дахь удаагаа орж байгаа гэж би дүгнэдэг юмаа. Харин 10 мянган гаруй ажиллагсадтай эрчим хүчний салбарын хамт олон гурав дахь хямралыг даван туулах гэж үнэхээр баатарлагаар зүтгэж байгааг харахад бахархмаар санагддаг шүү. Анхны эрчим хүчний хямрал 1980-аад оны үед тохиолдож 3 жил үргэлжилсэн бол, 2 дахь хямрал 1990-ээд оны үед болж 6 жил үргэлжилсэн юм.
Харин 3 дахь энэ удаагийн хямрал хэдэн жил үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. 1980 –аад онд монгол улс эрчим хүчний дутагдалтай анх тулгарч эрчим хүчний хямралд орж байлаа. Эрдэнэт үйлдвэр, Хивсний, Ноолуурын, Хүнсний зэрэг томоохон үйлдвэрүүд баригдаж, 3,4 зэрэг хорооллууд сүндэрлэж , гэмтлийн, халдвартын, хавдрын зэрэг эмнэлгүүд ашиглалт орох зэргээр манай улс эрчимтэй хөгжиж байсан үе. Тэр үед 3-р цахилгаан станц ачааны хүндийг үүрч байлаа.
1983 онд 4-р цахилгаан станц баригдаж ашиглалтад орсноор хямралаас гарч чадсан юм. Тэр үед жилдээ 270 удаа цахилгааны томоохон тасалдал гарч, ард иргэдийг гэрэл цахилгаанаар тасалдуулах, илч дулаанаар дутагдуулах явдал бараг энгийн үзэгдэл болчихсон байв. Дараа нь 1990 оны үед хуучин Зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүд нутаг буцан, тусламжийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэхийг эрс багасгасан зэргээс болж цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдож догонцож эхэлсэн юм.
Энэ үеийг буюу хоёр дахь хямралыг Америк, Япон, Азийн хөгжлийн банк зэрэг донор орнууд, олон улсын байгууллагын 400 гаруй сая ам.долларын зээл тусламжаар давж гарсандаа. Өнөөгийн буюу 3 дахь хямрал 1983 оноос хойших 30 жилийн хугацаанд төвийн эрчим хүчний системд шинэ эх үүсвэр, хүчин чадал баригдаагүйгээс эхлэлтэй. Онолын хувьд түлш эрчим хүчний салбар нийгмийн хөгжлөөс 20 жилээр түрүүлэн хөгжиж байх ёстой. Гэтэл бид юун түрүүлэн хөгжих, харин бүр 10 жилээр, магадгүй 20 жилээр хоцорчихсон байна шүү дээ дүү минь.
-Эрчим хүчний хэмнэлт гаргахад иргэдийн оролцоо чухал. Өглөөгүүр замын гэрэлтүүлэг асаалттай л байдаг. Үүнийг хэн зохицуулдаг юм бэ? Эрчим хүчний салбар хүнд байдлаас нэг хэсэгтээ гарч чадахгүй учраас хэмнэх талаас нь иргэдэд зөвлөгөө өгвөл?
Нар мандаж хэдийн гэрэлтэй болчихсон өглөөгүүр замын гэрэлтүүлэг асаалттай л байдаг талаар иргэд ихээхэн шүүмжилдэг. Үүнийг хариуцаж зохицуулах байгууллага нь хотын захиргаа л даа. Ер нь илүүдэл гэрлээ унтрааж, шөнийн гудамжны гэрлийг өдөр унтрааж байх зэрэгт бүгд л анхаарах хэрэгтэй. Эрчим хүчний хэмнэлтийн талаар Эрчим хүчний яам олон нийтэд хандсан гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй байна гэж бодогддог.
Хомсдолд орсон өнөө үед зайлшгүй шаардлагатай ажил. Филиппин улс цахилгааны хомсдолтой учир хязгаарлалт, хэмнэлтийн арга хэмжээг байнга авдаг. Өндөр хөгжилтэй Япон улсад хэмнэлтийн зорилгоор цахилгааны графикт хязгаарлалтыг хийдэг туршлага байдаг. Одоо бүр их хийж байгаа байх. Японы цахилгаан үйлдвэрлэлийн 25 хувийг атомын цахилгаан станцууд гаргадаг байсан.
Цунами болж Фукушимагийн атомын цахилгаан станцад аваар гарснаас хойш ард иргэд нь цөмийн эрчим хүчийг эсэргүүцдэг боллоо. Атомын цахилгаан станцыг шахаад эхэлсэн учир эрчим хүчний дутагдалд орж дүүргээр нь хязгаарлалт хийх арга хэмжээ авч байгааг ард иргэддээ ойлгуулж чадсан байна. Жишээ нь Япончууд өндөр байшингийн 8 давхраас буухдаа цахилгаан шат ашиглахгүй явганаар бууж байгааг харлаа гэж надад саяхан танил маань ярьсан. Ямар том хэмнэлтийн соёл, ямар мундаг ухаан бэ?
-Тавдугаар цахилгаан станц баригдаж эхэлбэл хэдэн жилийн дараа эрчим хүчний нийлүүлэлтийг хичнээн хувиар нэмэх бол?
Тавдугаар цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 450 мВт байхаар тооцсон. Станц баригдсанаар хамгийн эхлээд Улаанбаатар хотын дулааны асуудлыг шийднэ. Өнөөдөр нийт Улаанбаатар хотын дулааны хүчин чадал 1500 Гкал/ц . Энэ нь 2016-2020 онд 2500 Гкал/ц болж ачаалал нэмэгдэнэ. Дулааны хомсдолыг бага ч гэсэн хэмжээгээр шийдэхийн тулд Амгалангийн дулааны станц баригдаж байна.
Дулааны станц гэдэг бол ус халаадаг зуух гэсэн үг. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатарын дулааны сүлжээнд 150 Гкал/цагийн чадал хэрэгтэй байна. Үүнийг нийлүүлж чадвал барилгуудаа дулаанаар хангах боломжтой болно. Амгалангийн дулааны станц нь 200 Гкал/цагийн хүчин чадалтай учир ашиглалтад орвол Улаанбаатар хотын өнөөдрийн дулааны хэрэгцээг хангана. Амгалангийн дулааны станц Энэ оны ирэх12 сард ашиглалтад орно гэж төлөвлөсөн ч барилгын ажил эхлээгүй байгаа.
Нийт цахилгааны өнөөдөр байгаа чадал 1000 МВт гэж тооцвол үүнийг хоёр дахин нэмэгдүүлж 2000 МВт-ын хүчин чадал хэрэгтэй болно. 5-р цахилгаан станцын хүчин чадал 450 МВт. Дараа нь Таван толгойнх 450 МВт, ТЭЦ-4-ийн өргөтгөл 100 МВт гэх мэтээр тооцвол дутагдаж буй 1000 орчим МВт-ын хүчин чадал бүрдэх боломжтой. Гэхдээ бидний тооцоолсноос нийгмийн хөгжил хурдацтай байгаа учир энэ чадал багадна.
Иймд Эгийн голын 200 МВт, Шүрэнгийн 300 МВт-ын усан цахилгаан станцуудыг зайлшгүй барих шаардлагатай. Олон улсын жишгээр цахилгаан станцын эхний блок 4-5 жилийн дотор баригддаг. 5-р цахилгаан станцыг 2014 онд барьж эхэлнэ гэж тооцох юм бол 2018 онд эхний ээлж нь ашиглалтад орно. Гэхдээ одоо болтол баригдаж эхлэх хугацаагаа тогтоож чадахгүй байгаа тул хэлэхэд хэцүү юм даа.
- “Салхит” салхин станц ашиглалтад ороод удаагүй байна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд боломж хэр байна?
Монгол улс салхи, нарны эрчим хүчний асар их нөөцтэй. Нар, салхины тогтоогдсон нөөцийн 10 хувийг ирээдүйн бодит үйлдвэрлэл гэж тооцдог. Тэр их нөөцийн дөнгөж 10 хувиар эрчим хүч үйлдвэрлэхэд гадаад руу цахилгаан эрчим хүч экспортлох боломжтой болно.
Монголын нар, салхины эрчим хүчийг ашиглан Солонгос, Япон улсуудад цахилгаан импортлох тухай, Азийн супер сүлжээ байгуулах тухай монголын бизнесийн томоохон төлөөлөгч Б.Бямбасайхан ярьдаг. Үүнийг зарим хүмүүс мөрөөдлийн гэх нь байдаг боловч би хувьдаа биелэх боломжтой сайхан төсөл гэж боддог. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх өргөн боломж байна гэж би хэлнэ.
Салхитын салхин цахилгаан станцын хувьд ашиглалтад ороод хэдхэн сар болж байна. Энэ станц ажиллаад бүтэн нэг жил болоход цаашид яаж ямар горимоор ажиллуулах, монголын салхи ямар онцлогтой гэх мэт олон зүйлүүд тодорхой болно. Салхитын салхин цахилгаан станц бол монголд цаашид салхины эрчим хүчийг ашиглах талаар том туршлага, үндэс суурь болно. Онолын хувьд тухайн цахилгаан системийн 20 хувийг салхин цахилгаан станцаар хангаж болно гэж үздэг.
Манай төвийн эрчим хүчний системийн нийт чадлыг 800 МВт гэж үзвэл салхин станцын чадал нийтдээ 160 МВт байх боломжтой. Гэхдээ үүнийг Салхитын салхин цахилгаан станц бүтэн нэг жил ажилласны дараа ярих асуудал. Нарны эрчим хүчийг том, бага гэж хоёр ялгадаг. Бага эрчим хүч нь байшингийн дээвэр дээр нарны зай байрлуулах, жижиг хэсэг талбайг нарны эрчим хүчээр хангах гэх мэт байж болно. Том эрчим хүч гэдэг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдохыг хэлнэ. Томоохон хэмжээний нарны станц барих бааз суурь нөхцөл нь манайд хараахан бүрдээгүй байгаа.
Сэргээгдэх эрчим хүч бол ногоон эрчим хүч. Европын холбооноос 2002 онд захирамж гарган 2020 он гэхэд европын бүх улс орнууд нийт цахилгаан эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах шаардлага тавьсан. Сэргээгдэх эрчим хүч бол өсч, өндийж байгаа салбар учир саад бэрхшээл ихтэй. Монгол улсын эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангана гэж зарим хүмүүс ярьдаг. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад нийт эрчим хүчний 20 хувийг л сэргээгдэх эрчим хүчээр хангах нь хангалттай гээд тогтоочихсон. Манай улсын хувьд одоо байгаа 3 хувийн сэргээгдэхийг 20 хувьд хүргэх нь том амжилт болно.
- Эрчим хүчний өнөөдрийн үнэ тариф хэр оновчтой байгаа вэ?
Өнөөдөр бид алдагдалтай эрчим хүчний үнэ тарифыг мөрдөж байна. Нийгэм эрчим хүчний үнийг хямд байх ёстой гэсэн социализмын үеийн коммунист ойлголтоосоо салж чадахгүй зууралдсаар байна. Эрчим хүчний үнэ цэнийг ойлгохгүй байна. “Унтраалга дарахад гэрэл гялс асдаг, крант онгойлгоход халуун ус шууд гардаг” болохоор эрчим хүч амархан юм байна гэсэн хялбархан ойлголт ард нийтийн дунд явж байна.
Тэгээд үнийг нь хямдхан байлгах гээд байна. Гэтэл өндөр хөгжилтэй улс орнуудад эрчим хүчний үнэ цэнийг ойлгож ямар байх ёстой, тэр л хэмжээнд үнийг нь тогтоож байна. Нэг киловатт.цаг цахилгааныг Америк иргэд 11.8 центээр, Япончууд 27.6 центээр, Германчууд 33.8 центээр, Францчууд 17.4 центээр, Норвегчууд 13.6 центээр худалдан авч байхад Монголчууд бид 5 центээр худалдан авч байна шүү дээ.
Тиймээс монголын цахилгаан дулааны үнэ, өртгийг бодит нөхцөлд оруулах хэрэгтэй. Монгол улсын үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг эрчим хүчний үнэ тарифыг өндөр өртөгтэй байна гэж харах нь хамгийн үнэ цэнэтэй зүйлийг үнэгүйдүүлсэн хэрэг. Энэ байдал үргэлжилбэл эрчим хүчний салбар улам л хүнд байдалд орно.