Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангагдаж байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар эрчим хүчний салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн ЭХЯ-д боллоо.
Зөвлөгөөнд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар болон яамны газар хэлтсийн дарга нар, салбарын үйлдвэр аж ахуйн газрын удирдлагууд, төсөл хөтөлбөрийн зохицуулагч гээд 100 гаруй хүн оролцлоо.
Шуурхай зөвлөгөөний эхэнд ЭХЯ-ны Бодогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд яамны зүгээс бодлого, үйл ажиллагааны хүрээнд ихээхэн ажлыг төлөвлөж хэрэгжүүлсны үр дүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохих түвшинд хангалаа гэж тэр хэллээ.
Салхитын 50 мегваттын салхин станц ашиглалтад орж, ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг 30 мегваттаар нэмэгдүүлэх болсноор эрчим хүчний нөөцийг нийтдээ 80 мегваттаар нэмэгдүүллээ. Түүнчлэн дотоод зохион байгуулалт, хуваарилалтыг сайжруулснаар чамгүй нөөц бүрдүүлэх боломжтой.
Салбарын хэмжээнд их болон урсгал засвар, шугамын өргөтгөлийн ажлууд графикийн дагуу хийгдсэнээр цахилгаан, дулааны дамжуулах чадал нэмэгдэж байна гэж тэр хэллээ.
Дараа нь салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлынхаа талаар товч танилцуулж, тулгамдаж байгаа асуудлаа хөндөж тавилаа. Тэр бүхэнд яамны удирдлагууд тодорхой хариулт өгч, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо хэллээ.
Салхитын 50 мегваттын салхин станц ашиглалтад орж, ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг 30 мегваттаар нэмэгдүүлэх болсноор эрчим хүчний нөөцийг нийтдээ 80 мегваттаар нэмэгдүүллээ
Шуурхай зөвлөгөөнд оролцсон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэлэхдээ “Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс олон жилийн турш яригдаж байсан эрчим хүчний үнэ тарифт зохих өөрчлөлт оруулснаар салбарын хэмжээнд алдагдал буурч, санхүүгийн чадамж тодорхой хэмжээгээр сайжрах болно.
Бид тодорхой тооцоо судалгаа хийж үнэ тарифийг өөрчлөхдөө 2015 оны эхэн гэхэд эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн. Цаашид эрчим хүчний салбарын хөгжлийг урагшлуулахын төлөө хамтран ажиллая” гэв.
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Эрчим хүчний салбарт урьд хожид байгаагүй их бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Нийт мөнгөн дүнгээр авч үзвэл 500 тэрбум төгрөгийн хэмжээний ажил хийгдэнэ.
Энэ бүхнийг хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр их бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ. Иймд шаардлагатай төсөл хөтөлбөр, тооцоо судалгааг заасан хугацаанд цаг алдалгүй хийж гүйцэтгэх хэрэгтэй. Үүнээс болж төлөвлөсөн ажил хоцрох хандлагатай байна” гэж анхааруулав.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ “Ямарч гэсэн энэ өвлийг өнөтэй давах бэлтгэлийг манай салбарынхан урьдын адил хангаж чадлаа. Эрчим хүчний нөөцийг 80 мегваттаар нэмэгдүүлж чадлаа. Техникийн нөхцөл шинээр авсан үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр хангах нөхцөл бололцоо бүрдлээ.
Амгалан ДЦС-ын барилгын ажил эхэллээ, Таван толгойн ДЦС-ын тендер шалгаруулалт боллоо, ДЦС-4-ын 100 мегваттын, ДЦС—ын 50 мегваттын өргөтгөл ажлууд хийгдэж байна. Энэ бүхэн ирэх жил хийгдсэнээр эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Хамгийн гол нь бид сахилга хариуцлагаа сайжруулж, нөөц бололцоогоо дайчилж, хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж ажиллавал эрчим хүчний дутагдал гарахгүй.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын байдлыг харахад эрчим хүчний дутагдлаас болж хязгаарлалт хийх нөхцөл үүсэхээргүй байна. Осол аваар, хариуцлагагүй байдлаас болж тасалдал гарч байгаа гэдгийг онцгой анхаарч, энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгөхдөө ч үнэн хүргэж байх хэрэгтэй байна” гэв.