Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлыг сайшаан дүгнэв
Шударга ёс бүлгэмээс Шинэчлэлийн Засгийн газрын Эрчим хүчний бүтээн байгуулалтад үнэлэлт өгчээ. Энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан хэлэхдээ “2012 оноос эрчим хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажил хийгдсэн байна. Яамдын ажлын сайныг нь хэлж, саарыг нь засч байх нь манай бүлгэмийн эрхэм зорилго. Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хүн амын дулааны хэрэглээг хангах 300Гкал.ц-ын суурилагдсан хүчин чадалтай “Амгалан” дулааны станцын барилгын ажлыг эхлүүлснээс хойш газар шорооны ажил 80 хувьтай явж байна.
Ирэх оны наймдугаар сар гэхэд хүлээн авна. Тус станц ашиглалтад орсноор нийслэлийн зүүн захын 50 гаруй мянган хэрэглэгчдийн дулааны хангамж сайжирч шинээр дулаанд холбогдох боломж бүрдэнэ. Энэ бол сайшаалтай мэдээ.
Мөн нөгөөтэйгүүр “Улаанбаатар” дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50MBт-аар өргөтгөх төслийг эхлүүллээ. “М-Си-Эс” ХХК- ийн гүйцэтгэлээр Мандалговь-Тавантолгой 220 кв-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кв-ын Чойр дэд станцын, 110 кв-ын Тавантолгой дэд станцыг шинээр барьж байгууллаа.
Үүний зэрэгцээ өнгөрөгч оны наймдугаар сараас Тавантолгой-Оюутолгой 220 кв-ын хоёр хэлхээт 138 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Оюутолгой дэд станцыг шинээр барьж дуусгажээ. Энэ мэтчилэн эрчим хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр ихээхэн ажил хийснийг “Шударга ёс” бүлгэм өндрөөр үнэлж байна. Дээр төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэж дуусвал бид ойрын хугацаанд эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. Ингэсэнээр үйлдвэрлэл болон барилга хот байгуулалтын олон ажил хийх боломжтой болох юм” гэлээ.