Санамж бичигт гарын үсэг зурлаа
Эрчим хүчний сайд М.Сономпил, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэнгэл
2014.01.29

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Эрчим хүчний яам Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт Эрчим хүчний сайд М.Сономпил, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэнгэл нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

ЭХЯ-наас МЭХИХ-той хамтран ажилласнаар эрчим хүчний алдагдалгүй үнэ тарифыг тогтоох, эрчим хүчний хувьчлалыг үр дүнтэй явуулах,  эрчим хүчний салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх зэргээр эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Мөн төрийн албаны зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэлийн хүрээнд салбарын хэмжээнд мөрдөх зураг төсөв, засвар үйлчилгээний уян хатан норм, норматив боловсруулах, тэдгээрийг олон улсын жишигт нийцүүлэх, батлах, мөрдүүлэх, Монгол Улсад нутагшуулахад уг холбооны инженерүүдтэй хамтран ажиллаж зөвлөх үйлчилгээ, аудит, орчуулга хийлгэх;

Монголын эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний талаарх санхүү, техник, эдийн засгийн үзүүлэлтүүдийн олон жилийн судалгаа, мэдээллийн санг бүрдүүлэн, Эрчим хүчний статистик үзүүлэлтүүдийн товхимолыг жил бүр хамтран гаргаж олон нийтэд хүргэх;

Эрчим хүчний гадаад, дотоодын томоохон төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор хөндлөнгийн хараат бус экспертизийг хийлгэхээр санамж бичигт тусгажээ.

ЭХЯ-ны зүгээс эрчим хүчний нийт инженерүүдийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж, санал санаачлагыг нь дэмжин, ажиллагсдын мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, гадаад хэлний боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.