Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар тодров
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил
2013.12.27

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар тодров

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг даган өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахаар Эрчим хүчний яамнаас эрчимтэй ажиллаж байгаа тул үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-оос жил бүр зохион байгуулдаг олон нийтийн санал асуулгаар Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар тодорчээ.

Эрчим хүчний яамнаас 2013 онд өмнөх жилүүдэд байгаагүй бүтээн байгуулалтыг өрнүүлж, цахилгаан дулааны өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж эхлүүллээ. Эрчим хүчний яам байгуулагдсан даруйдаа Дулааны 4 дүгээр цахилгаан станцыг 100 Мегаваттаар өргөтгөх төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн одоо энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байна.

Мөн Дулааны 3 дугаар цахилгаан станцыг 50 Мегаваттаар өргөтгөх төслийг хэрэгжүүлсэн нь өвлийн оргил ачааллын үеэр ашиглалтад хүлээн авна.

Нийслэлд шинээр баригдан ашиглалтад орсон барилгуудад дулаан дутагдаж байгааг хангахаар Эрчим хүчний яамнаас Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Энэхүү дулааны станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын 50 гаруй мянган айл өрхийг дулаанаар найдвартай хангаж 80 орчим уурын зуухыг орчин үеийн халаалтаар солигдох юм.

Түүнчлэн олон жилийн туршид яригдсан Улаанбаатарын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэрийг ажил хэрэг болгох шийдвэрийг Засгийн газраар хэлэлцүүлэн гаргуулж газрын байршлыг тогтоож уг станцыг барих гүйцэтгэгч компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байгаа юм.

"Өглөөний сонин"-оос жил бүр зохион байгуулдаг олон нийтийн санал асуулгаар Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар тодорчээ

Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг ашиглалтад хүлээн авч хүчдэлд залгаснаар Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг байнгын эрчим хүчээр хангаж, аймгийн дэд бүтэц найдвартай болжээ. Мөн Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 450 Мвт-ын цахилгаан станцыг Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр болж төслийн гүйцэтгэгчийг шалгаруулахаар ажиллаж байна.

Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжин Салхитын салхин цахилгаан станцаас 23 сая кВт цахилгаан эрчим хүчийг Төвийн эрчим хүчний системд нийлүүлж горим ажиллагааг зохицуулан ажиллаж байгаа ажээ.

Эрчим хүчний салбарт 2013 онд улсын төслийн хөрөнгө оруулалтаар 667 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 195 км 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 236 км 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж хөдөөгийн 105 сумын иргэдийн цахилгааны хангамжийг сайжруулжээ.

Улаанбаатар хотын 89,8 км кабель шугмыг сольж шинэчлэн “Баянзүрх”, “Ваар” дэд станц чадлыг нэмэгдүүлж 10 дугаар хороололд 35 кВ-ын дэд станц шинээр, Хайлаастын 110/35/10 кВ дэд станцыг зөөж барьснаар 4500 айл өрхийг шинээр эрчим хүчинд холбож, нийслэлийн 6 дүүргийн 70 гаруй км нам хүчдлийн сүлжээг сольж шинэчлэх ажлыг хийж 7700 айл өрхийн цахилгаан хангамжийг  сайжрууллаа.

Тус яамнаас 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийг дээшлүүлэх жил” болгон ажиллаж өөрсдийн дотоод хэрэгцээ, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын алдагдлыг бууруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалт, компаниудын өөрийн хөрөнгөөр тоноглолын хүчин чадлыг нэмэгдүүлэн алдагдлыг багасгах, импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах, дотоодын эх үүсвэрүүдийн хүчин чадал ашиглалтыг сайжруулах замаар 2013 онд 10,7 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэн үр ашгийг дээшлүүлснээр шинээр хэрэглэгчдийг цахилгаан дулааны эх үүсвэрээр хангаж ажиллажээ.