М.Сонoмпил: Нийслэлд 6000 гаруй өрх цахилгаанд холбогдоогүй
Даваа гариг бүрийн 15 цагт “Бүтээн байгуулалтын цаг”-аар Шинэчлэлийн Засгийн газраас хийж бүтээж буй ажлаа танилцуулдаг уламжлалтай.
Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй Эрчих хүчний яамны удирдлагууд 2014 онд хийж бүтээх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Эрчим хүчний яам 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил” болгон зарласан бол 2014 онд бүтээн байгуулалтын чиглэлд анхаарч ажиллана. Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд эрчим хүчний салбарт цахилгааны 173 мВт-ын эх үүсвэр шинээр баригдах аж. Бүтээн байгуулалтыг хийхдээ Улсын төсөв, Хөгжлийн банк, Олон улсын зээл тусламжаар сүүлийн 30 жилд хийгдээгүй ажлыг хийх юм байна.
Ингэхдээ улсын төсвөөс 147.7 тэрбум төгрөг, Чингис бондоос 50 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас 180 сая ам,доллар, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 93 тэрбум төгрөгийн ажлыг тус тус хийнэ. Дулааны чиглэлээр гэхэд Амгалан дулааны станцын 300 Гкал/ц, Дулааны III цахилгаан станцын 100, Дулааны IV дүгээр станцын 188 Гкал/цагийн эх үүсвэр ашиглалтад оруулж, 2014 онд нийт 588 Гкал/цагийн эх үүсвэр шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна хэмээн Эрчим хүчний сайд М.Сономпил танилцуулав.
2014 онд нийт 588 Гкал/цагийн эх үүсвэр шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Мөн бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах, эрчим хүчний системийн горим ажиллагааг тогтворжуулах үүднээс Чойбалсан дулааны ЦС-ын өргөтгөл, Эгийн голын 220МВт хүчин чадалтай усан цахилгаан станцуудыг барих бэлтгэл ажил, Тэлмэний 100 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Туул-Сонгино цогцолборын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах үүднээс ДЦС IV –ийн 100 МВт-ын өргөтгөлийг хийснээр нийт 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанд холбогдох боломж нээгдэх аж.
sdaХарин Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулахаар “Их тойрог сүлжээ” төслийг хэрэгжүүлснээр 2030 он хүртэл хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангах нөхцлийг бүрдүүлж байгаа гэдгийг салбарын сайд онцолсон. Нийслэлд хөдөө орон нутгаас жилдээ 12 мянган өрх нийслэл хотод нүүж ирэн тог цахилгаанд холбогдож амжаагүй байдаг ба эдгээр өрхүүдийг гэрэл цахилгаанд холбохын тулд улсын төсвөөс 8-10 тэрбум төгрөгийг төсөвлөдөг аж. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд цахилгаанд холбогдоогүй 6 мянга гаруй өрх байдаг гэдгийг М.Сономпил сайд хэлж байв.