2009.06.09

Ж.Энхбаяр: Гажигтай хүүхдүүд төрөөд газар дээрээ нас барж байна

-Харахаас ч нүд хальтирмаар-


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Өмнөговь аймагт ажиллаад иржээ. Түүний "аяны богц"-ыг задалж зарим зүйлийг тодрууллаа.

-Та Өмнөговь аймагт ажиллаад иржээ. Тус аймагт төрөлхийн гажиг хөгжилтэй хүүхэд олноор төрж байгаа тухай сонслоо. Ийм хүүхдүүд төрөх болсон шалтгаан нь юутай холбоотой юм бол. Газар дээрээ байдал ямар байна вэ?

-Энэ нутагт гар аргаар буюу хууль бусаар алт олборлолтой холбоотойгоор ялангуяа мөнгөн ус, цианит натрийг буруу хэрэглэснээс болж нутгийн хүн амд нөхөж барашгүй гарц хохирол учраад байна. Тиймээс үүнтэй холбоотой баримт цуглуулж, газар дээр нь очиж танилцаад ирлээ. Хамгийн аюултай нь тус аймагт төрөлхийн гажигтай хүүхэд олноор мэндэлж эхэлжээ. Тухайлбал, тархи нь усжсан. Хөл гарын хуруу нь богино, хөлийн хуруу мурийсан. Зүрх, ховдол хоорондын таславчгүй, чих доор байрласан, зөөлөн тагнай хүүхэн хэл нь сэтэрхий гэх мэтчилэн гажигтай хүүхдүүд төрөөд газар дээрээ хүн болж чадахгүй нас барж байна. Харахаас ч нүд хальтирмаар. Эдгээр хүүхдийн аав, ээжийн ихэнх нь гар аргаар алт олборлодог байжээ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн 75-80 хувь нь ажил эрхэлдэггүй, 30 хувь нь малчин, гажиг хөгжилтэй төрсөн нярайн 66.7 хувь нь орон нутгийн харьяат бөгөөд энэ нь онцгой хортой химийн бодис болох мөнгөн ус, цианит натрийг хууль бусаар ашиглан алт олборлож байсантай холбоотой байх магадлалыг үгүйсгэх аргагүй юм.

-Та Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байхдаа энэ асуудалтай нэлээд тэмцэж байсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр байдал ямархуу байна вэ?

-Ер нь хараад байхад "нинжа"-нуудын тоо эрс нэмэгдсэн байна. Аймгийн ихэнх сумд гар аргаар алт олборлодог. хүмүүс хүрээгээ тэлжээ. Жишээ нь, тус аймгийн хэмжээнд хүдрийн агууламж бүхий чулуу олборлох, тээрэмдэх үйл ажиллагаа нь 2004 оны эхээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг болох Говийн бага дархан цаазат газрын Б хэсэгт харьяалагдах Сүүж уулын хүдрээс эхэлсэн. Ингэж чулууг тээрэмдэн нунтаглаж авахдаа онцгой хорт бодис болох мөнгөн ус ашиглаж алтыг ялгаж, угаах болсон. Мөн тээрэмдсэн чулуугаа мөнгөн усаар угаагаад ялгаж авч чадахгүй болохоороо шлам шороонд агуулагдаж байгаа алтны үлдсэн хэсгийг цианит натри ашиглан дахин угааж эхэлсэн байна.

-Аймгийн төвийн эмнэлгээс үүнтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ авч эхэлсэн болов уу?
-Тус аймгийн нэгдсэн эмнэлэгг 2006-2009 онд төрсөн эх, нярайн түүх болон нярайн нас баралтын түүхийг үзэж судалж байгаа юм билээ. Харин энэ судалгааг сүүлийн дөрвөн жилээр гаргасан байна лээ. Тодруулбал, Эрүүл мэндийн газрын статистикийн мэдээгээр төрөлхийн гаж хөгжлийн улмаас 2005 он хүртэл нярайн нас баралт бүртгэгдээгүй байсан. Харин 2006 оноос эхлэн бүртгэж эхэлсэн байх жишээтэй. Судал-гаанаас харахад 2006-2009 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар нийт 23 нярай төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн байна. Түүнчлэн он гараад найман тохиолдол тус тус гарсан байгаагаас үзэхэд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг харж болно.

-Алт олборлох хууль бус ажиллагаа ихэвчлэн аль суманд илүү гардаг юм бол. Тэр газар нь алт олборлолтыг таслан зогсоох ямар нэг ажиллагаа явагдаж байгаа болов уу?

-Ихэвчлэн Говь гурван сайхны байгалийн цогцолборт газар болон Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд ихээр гарч байна. Мөн Хүрмэн сумын нутаг болох Цагаан уулын орчимд, Замт, Элгэн уул, Цогт-Овоо, сумын Даянгар, Мандал-Овоо зэрэг газруудад гарч байсан хууль бус ажиллагааг удаа дараагийн хяналт шалгалтаар таслан зогсоосон гэсэн. Уг нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт сайн хийдэг юм билээ. Гэхдээ "нинжа"-нууд нэгэнт газар авсан болохоор хүчирэгдэхэд бэрх болсон нь ажиглагдсан.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.