2009.06.08

Д.Ганхуяг: Төрийн өмчлөл, оролцоо хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Баярсайхан, З.Энхболд нарын гишүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн бариад байгаа юм. Хуулийн төсөлд тусгасан зарим заалтын талаар төсөл санаачлагчийн нэг Д.Ганхуягтаи ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барих шаардлага байсан уу. Өмнө санаачилсан олон төсөл яригдаад л байгаа шүү дээ?

-2006 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдах үед ордын эзэмшилтэй холбоотой 5.4, 5.5 дугаар зүйл дээр би болон хэд хэдэн гишүүн эсрэг байр суурьтай байсан. Эдгээр заалт нь хоёрдмол утгаар ойлгогдохоор болчихсон юм. Тэгээд сая Оюутолгойн гэрээний төсөл УИХ-д орж ирэхэд дээрх заалт Монголын талд ашиггүй хувилбараараа баримтлагдан орж ирсэн. Тухайлбал, энэ заалтуудын агуулга нь стратегийн ордын хууль ёсны өмчлөгч, төрийн оролцоог бага байлгах зорилт хоёрыг хутгачихсантай байгаа юм. Тодруулбал, хэн ч хайгуул хийсэн төр ашигт малтмалын эзэн хэвээрээ байх ёстой. Аль ч оронд адилхан. Мэдээж хувийн хэвшлийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн стратегийн ордод уг компанийн эзэмших хувь, ашигт малтмалын төрөл. нөөцийн хэмжээ зэргээс хамаараад хэлбэлздэг нь олон улсын жишиг.

-Тэгэхээр одоогийн хуулиар 66 хувиас доошгүй гэж заасан нь таны хувьд буруу гэсэн үг үү?

-Үгүй. Харин ч энэ нь зөв. Гэтэл Оюутолгойн гэрээний төслөөр Ашигг малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн ойлгомжгүй байдлаас болоод Оюутолгойн ордод төр 34 хүртэл хувь эзэмшихээр байна. Ийм тохиолдолд ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө таван тэрбум ам.долларын 34 хувь буюу 1.7 тэрбум ам.долларыг төр гаргахаар байгаа. Энэ нь ч бас аргагүй. Гэхдээ манай төрд ийм мөнгө байгаа бил үү. байхгүй шүү дээ. Жилийн арван хувийн хүүтэй зээлэхэд, жилд хүүнд 170 сая ам.доллар төлөх болно. Тэгээд 1.7 тэрбум ам.долларын үндсэн зээлээ хэзээ ч төлж дуусах билээ гээд бодохоор өөр хувилбар шаардлагатай болно.

-Өөр хувилбар гэдэг нь юуг хэлж байна вэ?

-Эхний ээлжиид төр татвараа авах, нөгөө талаас энэ ордоос хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд хэд дахин нөхөж авах сонирхолтой байгаа болон үүнтэй холбоотой олон улсын жишиг зэргийг харгалзан эдийн засгийн тооцоонд суурилсан хэлэлцээр хийж, төр хэдэн хувь эзэмшиж болохыг шийдэх явдал. Төр өөрөө эзэмших хувиа тодруулбал оролцоогоо өөрөө шийднэ гэсэн санаа. Эдгээр харилцааг л зохицуулахын тулд бид Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

-Таны ярианаас үзвэл Оюутолгойн гэрээнд үндэслэн стратегийн орд газрууд дахь төрийн оролцооны асуудлыг тусгасан бололтой. Тодорхой тооцоо судалгаа хийсэн үү?

-Оюутолгойн ордын зэс, алтны нөөцийг 2007 оны гэрээний төслөөр тооцон нэг тн зэсийг 4000 ам.доллар, нэг унци алтыг 800 ам.доллар, нийт борлуулалтын 50 хувь нь зардал гэж үзвэл татвар төлөхийн өмнөх ашиг 75 орчим тэрбум ам.доллар болж байна. Энэ тооцоог нягтлах нь зүйтэй л дээ. Өмнөх орлогоос өнөөгийн манай татварын хуулиар зэсэн дээр 50 орчим хувийг татвараар авахаар байгаа. Ингээд үзвэл хоёр талд тус бүр 37.5 орчим тэрбум ам.доллар оногдоно гэсэн үг. Харин "Айвенхоу Майнз"-ын хөрөнгө оруулалтыг гурван тэрбум ам.доллар гэвэл 12.5 дахин, таван тэрбум доллар гэж үзвэл 7-8 дахин нөхөх боломжтой харагдаж байна. Ер нь ийм түвшний ордоос төр, засаг 55-65 хувийн ашиг авч байна.

-Оюутолгойн гэрээний хувьд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнө тооцоолж байснаас нэмэгдэх болсон нь хоёр тал тохиролцоонд хүрэхэд саад учруулж байна гэж зарим хүн үзэж байна. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Энэ гэрээний төсөл 2007 онд УИХ-д орж ирэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ 2.8 тэрбум ам.доллар байсан. Одоогийн төслөөр таван тэрбум ам.доллар боллоо. Үндэслэлийг нь Засгийн газар тодорхой мэдэхгүй л бай-гаа. Зөрүү нь 2.2 тэрбум ам.доллар. Төгрөгөөр тооцвол манай улсын нэг иргэнд 1.2 сая төгрөг оногдохоор байна. Тиймээс хөрөнгө оруулалтын хэмжээг хараат бус, хөндлөнгийн аудитаар баталгаажуулах тухай асуудлыг бид төсөлд тусгасан.

-Засгийн газрын зүгээс УИХ гэрээний төслийг батлахгүй удааж байна гэсэн гомдол маягийн зүйл гараад байгаа үед та бүхний өргөн барьсан төслийг хэлэлцэнэ гэдэг нь нэмж саад болох хэрэг биш үү?

-Одоогийн төсөлд зэс, алтны нөөц нь ч тодорхой бус байна. Иймд гэрээг буцаасантай холбогдуулж УИХ, Засгийн газар аль нэг рүүгээ бурууг чихэх нь тийм их зохимжтой биш байх.

-Улсын хөрөнгөөр хайгуул хийгээд батлагдсан нөөцийг 100 хувь төрийн өмч гэж үзнэ гэсэн заалтыг төсөлд тусгасан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Одоогийн Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн "Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал, төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно" гэсэн заалтыг өөрчилсөн. "Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын батлагдсан нөөцийг 100 хувь төрийн өмч гэж үзнэ. Ийм ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал, төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох юм. Харин төрийн зүгээс ил. тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уг ордыг ашиглахад шаардагдах хөрөнгийн үүсвэр хомс, эрсдэлтэй эсхүл хөрөнгө оруулах шаардлагагүй гэж үзвэл арай өөр.

Тухайн уг ордыг ашиглах сонирхолтой хувийн өмчит дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас ордыг ашиглаж эхэлсэн жилээс холбогдох хуульд заасан бүх төрлийн татварыг төлж эхлэх нөхцөлтэйгээр төслийг боловсруулж байна. Түүнчлэн улсын эдийн засгийн аюулгүй байдал, ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт тулгуурлаж хийсэн эдийн засгийн тооцоонд үндэслэж нээлттэй, хязгаарлагдмал тендерийн аргаар шалгаруулж болно" гэж төсөлд тусгасан. Энэ нь “Эзэн нь өмчөө мэдэж эрэг нь усаа хашдаг" гэдэгтэй адилхан сонсогдох ёстой. Газрын хэвлийн баялаг ард түмний өмч, төрийн мэдэлд байна гэдэг. Гэтэл Оюутолгойн орд дээр эрсдэл, эрэл, хайгуулд 400 сая ам. доллар зарцуулсных нь төлөө уг ордынхоо 66 хувь буюу 37.5 тэрбум ам.долларыг өгч байгаа биз дээ. Таван толгойгоор ч жишээ авч болно.

-Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн гэдэг утгаараа юу?

-Тийм ээ, Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуулийг нь хийсэн, Энэ мөнгөний хэмжээ нь Оюутолгойнхоос өнөөгийн ханшаар хэд дахин илүү байж магадгүй. Хуулийн гажигаас лицензийг компани эзэмшиж, лицензийн төлбөрт гурван сая ам.доллар төлсөн гэж үзье. Манай төр заримдаа санаатай гэмээр урагшгүй байх юм. Энэ ордыг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн тэр компанид өгөх нь утгагүй асуудал. Учир энэ компани эрэл хайгуул хийгээгүй. Зүгээр л банкинд мөнгөө хадгалуулсан гэж ойлгож болно. Гэтэл 300 сая тн-ын нэг ордод хайгуул хийгээгүй ч лиценз эзэмшигч компанид өглөө гэж үзье. Нэг тн коксжих нүүрсний татвар төлөхийн өмнөх ашиг 16 ам.доллараас доошгүй байгаа. Кокс үйлдвэрлэвэл доод тал нь хоёр дахин нэмэгдэнэ. Косжих нүүрсэн дээр төрийн авах татварын хэмжээ өнөөгийн байдлаар ихдээ 40 хувь байгаа. Тэгэхээр нэг тн коксжих нүүрснээс компанид үлдэх ашиг 60 хувь буюу ойролцоогоор арван ам.доллар. Үүнийг 300 сая тн нөөцөөр үржүүлэхэд компанийн ашиг гурван тэрбум ам.доллар болох нь. Тэгэхээр нөгөө лицензийн төлбөрийн гурван сая ам.доллар маань 1000 дахин ашигтай болж байгаа биз. Хуулийн дагуу лиценз авсан ч ийм наймаа шударга ёсонд нийцэхгүй. Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордын лиценз эзэмшигч хувийн компаниудын лицензийн төлбөрийг хэд хэд дахин нугалж барагдуулах ч юм уу, эсвэл бусад хувилбарыг олох шаардлагатай байна. Олон улсын жишгээр бол давуу эрх олгосон хязгаарлагдмал тендер юм. Ер нь улсын төсвөөр хайгуул нь хийгдсэн "Бороо Гоулд", "Цайрт-минерал" болон зарим нүүрсний ордууд бүгд буруу замаар явчихсан бололтой. Мэргэшсэн хүмүүс нь ч байгаа. Лиценз авсан хүн нь их мөнгөөр зарчихаад татвар төлдөггүй, түүнийхээ хариуд татвараас бултуулдаг. Ийм байдлыг одоо зогсоосон нь дээр байх гэж үзэж байгаа.

-Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монголын талын ашиг нэмэгдэх уү?

-Нэмэгдэнэ. Олон эерэг үр дүн гарна. Хөрөнгө оруулалтын гэрээ хурдан батлагдах нөхцөл бүрдэнэ. 2006 онд Ашигт малтмалын тухай хууль гарахаас өмнө Оюутолгойн "А" лицензийг "Айвенхоу Майнз" компани авчихсан байсан. Тэгэхээр хууль илүү тодорхой болно. Түүнчлэн хөрөнгө оруулалтын гэрээний амин сүнс болох эдийн засгийн тооцоо ил тод болно шүү дээ. Нөгөө талаас улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордуудаас ард түмэнд очих ашиг нэмэгдэнэ. Одоо чинь сонин юм болж байна. Чононд хонь хадгалуулна гэдэг шиг. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордын лицензээ хувийн компанид өгчихөөд, нөөцөө буцааж худалдаж авна, ашиглах болон өмнөх нөөц худалдаж авах мөнгөө бусдаас өндөр хүүтэйгээр зээлнэ, тэгээд тэр үндсэн зээлээ хүүтэй нь буцааж төлнө гэх мэт. Тухайлбал, Тавантолгойн орд чинь 4.5 тэрбум тн-ын косжих нүүрсний нөөцтэй гэдэг. Яах вэ дөрвөн тэрбум тн гэж үзье. Үүнийгээ татвараас буцааж төлөх нөхцөлтэйгээр нэг ам.доллараар үнэлээд урьдчилгаа авахад 4 тэрбум ам.доллар болноо доо. Ийм мөнгө төлөх боломжтой компаниуд л ашиглаж чадна даа. Бусад оронд хоёр ам.доллараар ч үнэлж байгаа. Баримт хэлэхэд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй Оюутолгойн ордын "А" лиценз эзэмшигч "Айвенхоу Майнз" гэхэд гурван тэрбум ам.доллар босгочихсон гэсэн байх аа. Энэ мөнгөөр төр ашигт малтмалаа хоёроос доошгүй боомтоор экспортлоход шаардагдах дэд бүтээ бий болгох боломжтой. Тэгвэл манай ашигт малтмал дэлхийн зах зээлийн үнэд дөхүү борлогдох нөхцөл бүрдэнэ. Тавантолгойн болон бусад стратегийн ордод төр заавал хувь эзэмших шаардлагагүй. Төрийн үндсэн үүрэг уурхайчдын ажлын нөхцөл, цалин, олборлож байгаа ашигт малтмалын хэмжээ, авах татвар, байгаль орчиндоо хяналт тавих зэрэг нь юунаас ч илүү чухал, Гэхдээ стратегийн, тэр тусмаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордын тухайд ашиглаж эхлээгүй байхад ашигт малтмалын өмчлөл, төрийн оролцоо хоёрыг хооронд нь салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл татвар, ноогдол ашиг хоёр хоорондоо ялгаатай. Тэгээд ч манай улсад стратегийн ордосх; бусад ордод төрийн оролцоо байхгүй, зөвхөн татвар авахаар байгаа.

-Гишүүдийн зүгээс төсөл хэр дэмжлэг авч байна вэ. Зарим өөрчлөлттэй холбоотойгоор янз бүрийн шахалт ирж байна уу?

-Төсөлд гэрээний хугацаа 30 жил хүртэл гэх мэт бас бус заалт бий. Энэ төсөлтэй ямарч холбоогүй асуудлаар зарим нэг нь шүүмжилж байх байх шиг байсан. Гэхдээ сайжирч батлагдана гэдэгт итгэж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.