Ж.Энхбаяр: Мөнгөн ус, цианит натри мөнхийн аюул дагуулсаар байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хоёулаа яриагаа “Бороо гоулд” компаниас эхэлье. Тус компанийн асуудал яван явсаар бүр УИХ-д хүрлээ. “Бороо гоулд” ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг УИХ-д байгуулагдаад байна. Та энэ ажлын хэсгийг ахалж байгаа. Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар дүгнэлт өгөх байтугай шалгалтаа ч эхлээгүй байна. Ийм шүүмжлэл өнөөдөр ажлын хэсгийн хурал дээр иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс гарлаа. Энд та ямар хариу өгөх вэ?
-Бид асуудлыг улс төржүүлэхгүйн үүднээс Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөхийг хүлээн азнаж байсан юм. Гэтэл асуудлыг зориуд удааширууллаа, эсвэл шалгалтыг хэн нэгний шахалт шаардлага юмуу захиалгаар хийж байна, хийх гэж байна гэсэн яриа гараад авсан. Тийм зүйл энд байхгүй, улс орны эрх ашгийн асуудал хөндөгдөж байгааг юуны өмнө хэлье.
-За, Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрчихлөө. Одоо шалгалт хэзээ, яаж эхлэх гэж байна вэ. “Бороо гоулд”-ын яг юуг нь шалгах юм бэ?
-Анх УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Бороо гоулд”-ыг шалгах ажлын удирдамж гарсан юм. Гэхдээ энэ нь зөвхөн тус компанийн нөхөн сэргээлтийн байдалтай танилцах гэдгээр хязгаарлагдмал байсан. Үүнийг одоо 13 зүйл болгон өргөтгөж байна. Нэг ёсондоо ажлын удирдамж өөрчлөгдөж байна. Одоо ганц нөхөн сэргээлт гэхгүйгээр 1998 онд анх хийгдсэн Тогтвортой байдлын гэрээний хоёр талын биелэлт, татвар төлөлт, ажлын аюулгүй байдал, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, байгаль хамгаалах, химийн бодис хэрэглэж байгаа зэрэг тус компанитай холбоотой бүхий л хуулийн хэрэгжилтийг шалгахаар болоод байна. Ажлын хэсэгт Эрдэс баялаг, эрчим хүчний яам, БОЯ, иргэний төлөөллөөс “Эрс шинэчлэл”, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнүүд оролцож Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ерөнхийд нь ахлаж байгаа.
-Ажлын хэсэг ажлаа эхлэхэд өнөөдөр ямар хүндрэл бэрхшээл гарахаар байна вэ?
- УИХ хувийн компаний үйл ажиллагааг шалгахгүй гэсэн эрх зүйн хүндрэл гарч байгаа. Үүнийг УИХ-ын тухай хуульд заачихсан байна. Тиймээс “Бороо гоулд”-ыг Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаар шалгуулахаар болж байгаа юм. Тэд дээр дурдсан 13 зүйл бүхий ажлын удирдамжийн дагуу шалгаж дүнгээ бидэнд танилцуулж УИХ-ыг мэдээллээр хангах зорилготой юм. Энэ ажлыг энэ сарын 20-ны дотор хийж дуусгах үүрэг өгөөд байна. Тэгэхээр удахгүй төр, засгийнхан нийлсэн томоохон десант “Бороо гоулд” компанид буух нь гэж ойлгож болно.
-Бороогийн орд дээр цианит алдагдаж энэ хорт бодисоор бороо ороход тулаад байна гэж байгаа. Ийм нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг ажлын хэсэг авсан уу?
-Бидний мэдэж байгаагаар тэнд цианитын туршилт явагдаагүй, үүнийг “Бороо гоулд”-д хориглочхоод байгаа.
-“Бороо гоулд” ХХК-ийн Бороогийн ордод ажиллах хугацаа дуусч байгаа гэсэн. Тэгсэн хэрнээ бас Гачууртын алтны ордыг сонирхож тийшээ орох сурагтай байгаа. Энэ талаар ямар мэдээлэл байна вэ. Үүнийг зохицуулж байгаа юу?
-Бороо болон Гачуурт нь Сэлэнгийн алтны судал бүхий бүлэг орд юм билээ. Гачууртыг сонирхож байгааг зөвхөн сонссоноос цаашгүй. Хэрэв ийм асуудал тавьж байгаа бол эхлээд Бороо дахь үйл ажиллагааг нь шалгаж байж, түүний дараа шийдэх байх.
-“Бороо гоулд”-ийн ажилчид ажил хаялт зарласантай та бүхэн хэр танилцаж байна вэ, энэ талын мэдээллийг хэр авч чадаж байна вэ?
-Тодорхой хэмжээгээр авч байгаа. Үндсэндээ энэ ажил хаялт нь цалин, нөхөн олговор нэхсэндээ биш, Монголд анх удаа хувийн хэвшлийн, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай компанид ҮЭ-ийн байгууллага, ажилчид нь өөрсдөө зохион байгуулаад хийж буй ажлынхаа баялгаас хувь, ашиг хүртэх гэсэн шаардлага тавьж байгаа нь онцлог, сонин юм. Энэ нь удахгүй ашиглаж эхлэх дараа дараагийн хүлээгдэж байгаа томоохон ордуудад ажиллах гадна, дотны компаниудад туршлага сургамж болно гэж ойлгож байгаа. Өнөөгийн “Бороо гоулд”-ын ажилчдын энэ тэмцэл надад XIX-XX зууны барууны орнууд болон Америкийн ажилчдын тэмцлийн тухай түүхийг сануулаад байгаа. Түүнтэй л ижил юм гэж би бодож байгаа.
-Та саяхан Өмнөговь аймаг яваад ирсэн гэсэн. Тэнд мөн алтны ордуудын байдалтай танилцсан гэсэн. Явснаа тодруулна уу?
-Өмнийн говьд Бороо байтугай, Дарханы Хонгороос аюултай байдал нүүрлээд байна. Өмнөговь аймагт сүүлийн хоёр жилд хүүхдээ төрүүлж байгаа эхчүүдийн 33 хувь нь хүүхдээ дутуу буюу ямар нэгэн гажигтай, эндэгдэлтэй төрүүлж байна. Энэ нь алт, цианит натри, мөнгөн усны аюул гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтынхан судалгаагаар гаргаад байна. Төрж байгаа хүүхдүүдийн ихэнх нь уруул, тагнай наалданхай, уушиг, зүрх нь биенээсээ гарчихсан, ходоод гэдэс нь цувсан байдалтай. Ийм гажиг төрөлт 100 хувиар нэмэгдэж байгааг аймгийн холбогдох хүмүүс бидэнд ярьж танилцуулж, үзүүллээ. Мөнгөн ус ийнхүү энд мөнхийн гажиг төрүүлээд байна. Нэг үеэ бодвол алттай чулууг тээрэмддэг тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь хурааж, журамлажээ. Гэвч машин дээр ажиллуулдаг явуулын тээрмүүд ажилласаар байгаа гэж байна. Бид Өмнөговь дахь дээрх байдлыг бичиж хальсанд буулгаад байна. Эхний ээлжид өөрийн сонгогдсон Говь-Алтай аймаг руу хүргүүлж байгаа. Манай тэнд алт ухах байдал дэлгэрээд байгаа. Бичлэгээ бид мөн удахгүй телевизүүдээр олон нийтэд цацна. Одоо манай улсад удахгүй томоохон ордуудыг ашиглаж эхэлнэ. Тэр бүгдэд сургамж, дохио болно гэдэгт найдаж сууна даа.