Д.Ганхуяг: Сонгон шалгаруулалтаар 2306 лиценз олгоно
-Энэ нь 15 аймгийн 10.26 сая гектар талбайг хамрах юм-
Тусгай зөвшөөрөл/лиценз/-өөр бизнес хийж хөлжсөн гэх яриа эрх мэдэлтнүүдийг байнга дагадаг. Тэгвэл лиценз тойрсон шинэ мэдээллийг хүргэе. Нэг үе хэтэрхий задгай олгосноос болж Монгол Улс хэдэн лиценз эзэмшигчтэй нь тодорхойгүй байлаа. 2005-2008 онд 3872 тусгай зөвшөөрлийг цуцалсан ч энэ хугацаанд 4816-г шинээр олгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн тавьсан асуулгад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ийм хариулт өгсөн байна. Энэ талаар Д.Ганхуягаас зарим зүйлийг
тодрууллаа.
-Тусгай зөвшөөрлийг замбараагүй олгодог гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Энэ бүхнээс харин төсөвт хэдий хэрийн орлого олдог юм бол...
-Тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоор 2005 онд улсын төсөвт 15.9 тэрбум төгрөг олж байжээ. Өнгөрсөн жилийн мэдээгээр 27.8 тэрбум төгрөгийн орлого буюу нийтдээ 2005-2008 онд 83.6 тэрбум төгрөгийн төлбөр авсан.
Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилийн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тодорхой зааж өгсөн. Мөн хайгуулын ажилд зарцуулсан хэмжээг геологи хайгуулын ажлын жилийн болон санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн батлах ёстой. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ирүүлсэн мэдээллээр геологи хайгуулын ажлын зардлаа санхүүгийн тайлан тэнцлээр баталгаажуулаагүй 487, зардлын доод хэмжээнээс бага зардал гаргаж геологи хайгуулын ажил гүйцэтгэсэн 35 лиценз эзэмшигч байна. Мэдээ, тайлан, төлөвлөгөөг гаргах хуулийн хугацаа бий. Энэ хугацаанд тайлангаа ирүүлээгүй 359 тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. 2006 оны наймдугаар сард Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Түүнээс хойших хугацаанд 2306, давхардаагүй байдлаар 1880 буюу 17.1 сая гектар талбайд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан лицензийг цуцалжээ. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 11 хувийг хамарсан үзүүлэлт юм.
-Лиценз давхардуулж олгодгоос болж маргаан үүсдэг юм билээ. Лиценз эзэмшигчдийн тоо бодитой байж чадах уу?
-Хэд хэдэн аймаг, сумын нутаг хамарсан талбай байдаг учир лицензийн тоо давхардаж гардаг.
-Ашигт малтмалын хуулиар лиценз олгохдоо сонгон шалгаруулалт явуулах ёстой. Энэ ажил үргэлжилж байгаа юу?
-Давхардсан тоогоор 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 2306, давхардаагүй тоогоор 1880 лицензийн талбай сонгон шалгаруулалтад хамрагдах боломжтой гэсэн мэдээлэл Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас өгсөн. 15 аймгийн 10.26 сая гектар газар нутгийг хамарсан талбайд сонгон шалгаруулалтын ажил хийхэд бэлэн болсон гэсэн. Хэнтий, Төв, аймагт хамгийн олон буюу 130-133, Орхон, Говьсүмбэрт хамгийн бага буюу 5-9 ширхэг лиценз олгох юм билээ.