Хөрөнгөөрөө хайгуул хийсэн ордыг төр 100 хувь эзэмшинэ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар өчигдөр сэтгүүлчдэд ханлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг тэд санаачлан боловсруулжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордын 50 хүртэлх хувийг төр эзэмшихээр одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуульд заасан.
Үүнийг 100 хувь болгож өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Уг ордоо хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглах тохиолдолд л төрийн оролцоог 50 хүргэн бууруулж болох гэнэ. Мөн уг ордод оруулах хөрөнгийн эх үүсвэр хомс, эрсдэлтэй гэж үзвэл хэдэн ч хувийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид тендерийн аргаар “өгч” болох уян хатан зохицуулалт оруулсан байна.
Хувийн өмчөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордын 34 хувийг төр эзэмшдэг. Гишүүд санаачилсан төсөлдөө уг хувийг хэвээр үлдээжээ. Гэхдээ уг хэмжээг тогтоохдоо ашигт малтмалын төрөл, батлагдсан нөөц, тухайн үеийн зах зээлийн үнэ гэх мэтийг харгалзаж тогтоохоор өөрчилсөн байна.
Хуульд стратегийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн бирж дээр арилжихыг зөвшөөрсөн байдаг. Энэ эрхээ хэтрүүлж, манай ордыг зөвшөөрөлгүйгээр олон улсын бирж дээр худалдаж буй тухай мэдээлэл гарах болсон. Ийм зоргоор байдлыг хаах нь. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө иймэрхүү үйлдэл хийхийг төсөлд хорьжээ. Мөн хөрөнгө оруулалтын гэрээг шууд л 30 жилээр байгуулж, энэ хугацаанд хэн ч халдашгүй дархан эрх өгдгийг өөрчилсөн аж.
Төсөл санаачлагчид “Эрдэс баялгаа ашиглаад хөгжсөн улсын жишгээр явахад бидний төсөл тусална” гэлээ. Уг төслийг баталчихвал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсад илүү ашигтайгаар хийх нөхцөл бүрдэнэ гэж тэд үзэж байна.