Канадууд монголын гурван булгийг хятадуудад худалдах гэж байна
Улсын энэ зууны хөгжлийг тодорхойлогч гол салбар, монголчуудын сан хөмрөгийн гурав дахь үүц хэмээн нэрлэгдээд байгаа ураны гурван том орд нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Дорнод, Мардай, Гурванбулаг гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагддаг. Эдгээр ордуудыг УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 27 тоот тогтоолоор Монгол Улсын Стратегийн орд газрын жагсаалтад багтаасан. Дорнодын хэсэг нь хамгийн их буюу 16.5 сая тонны нөөцтэй бөгөөд Монгол-ОХУ-Канадын хамтарсан "Төв Азийн Уран" ХХК 1995 онд хийгдсэн гурван талын гэрээний дагуу эзэмшдэг. Уг компанийн дүрмийн сангийн 21 хувийг Монголын тал буюу ТӨХ, 21 хувийг ОХУ, үлдэх 58 хувийг Канадын "Хан ресурс" ХХК эзэмшиж байна.
Харин 924.6 мянган тонн нөөцтэй Мардай, 10.5 сая тонн нөөцтэй Гурванбулагийн орд газруудыг "Адамс майнинг" болон "Вестерн проспектор" гэсэн АНУ, Канадын компани эзэмшдэг аж. Гэтэл Гурванбулагийн орд газрын хайгуулын лицензийг 100 хувь дангаараа эзэмшдэг Канадын "Вестерн проспектор" компани 75 хувиа БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпорацид худалдах хэлэлцээрийг өнгөрсөн сарын 24-ны өдрөөс эхлэн албан ёсоор хийж эхэлжээ. "Вестерн проспекто р" компанийн вэб сайтад мэдээлснээр энэ хэлэлцээр тун амжилттай явагдаж байгаа бөгөөд тун удахгүй энэ сарын 15-ны өдөр эцэслэн шийдэх гэж байгаа юм байна. Тэд нэг хувьцаагаа 0.56 канад центээр үнэлж, хувьцааныхаа 75 , хувийг 31 сая канад.доллар'' 36 тэрбум төгрөгөөр худалдахаар эцсийн хэлэлцээртээ оржээ. БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпорацийн албан ёсны төлөөлөгчийн хэлснээр энэ нь хаиасан үнэ бөгөөд хэлэлцээр амжилттай болбол гарын үсэг зурсан өдреө энэ мөнгийг "Вестерн проспектор" группт шууд бэлнээр төлөхөө мэдэгдээд байна.
Ийнхүү Монголын Гурванбулагийн ураны ордын лицензийн 75 хувийг Канадын компаниас авах нь үндсэндээ тодорхой болоод байгаа.
БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпораци нь Хонгконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, далайн чанадад уран олборлох үйл ажиллагаа явуулдаг Хятадын үндэсний цөмийн эрчим хүчний корпораци юм байна. Тус компани нь Хятадын ураны олборлолт болон хянадаг аж. "Вестерн проспектор" компани энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр нэг хувьцааг 0.37 канад доллараар тооцон 51 хувийг худалдаж авахыг БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпорацид анх санал болгожээ. Гэвч хэлэлцээр хийгдэж эхэлсэн 10 хоногийн дотор хувь хэмжээ нь 75 хувь болон өсч, нэгж хувьцааны үнэ нь нэмэгдсээр, мөнөөх 75 хувийг 31 сая канад. доллараар худалдахаар наймаа тохирчээ. "Вестерн проспектор" группийн Ерөнхийлөгч Эрик Борн "Манай компанийн хувьцаа эзэмшигчид бидний энэ саналыг дэмжинэ гэдэгт итгэж байна. БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпорацитай уран болон эрчим хүчний салбарт хамтарснаар бид Монголчуудтай хэлхээ холбоо тогтоох ирээдүй харагдаж байна" хэмээн энэ үйл явцаа тайлбарласан нь энэ бизнесийн ард маш том ашиг сонирхол нуугдаж буйг илэрхийлсэн хэрэг биш гэж үү?
Ураны ордоо Монголын Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн дараах Монгол Улсын эдийн засаг, хөгжилд том үүрэг гүйцэтгэх гурав дахь "толгой" хэмээн үнэлж, үнэд оруулахаар "элгэндээ нааж энгэртээ тэвэрч" бөөцийлж байгаа. Гэтэл ийнхүү хүний нутагт дураараа дургигч, доншуур компани Монголын төрийн өмч, ард түмний мэдлийн баялгийг хэн нэгэнд хулгайлан зарж, "sate" зарласан мэт хямд үнээр буюу 31 сая канад.доллараар худалдах гэж байгаа нь тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсыг хэтэрхий даажигнасан хэрэг мөн.
Хэдэн жилийн өмнө Оюутолгой дээр яг ийм асуудал үүсч байсан. Ноён Фрийдланд Оюутолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн биржэд гарган худалдсанаар Монголыг дэлхийн уул уурхайн акулуудын анхаарлын төвд оруулсан ч, өнөөдрийн хувь эзэмшихтэй холбоотой маргааны эх үүсвэрийг тавьсан билээ. Энэ арилжаанаас олсон мөнгөөрөө Монголын говьд байршлаа бэхжүүлж, эзэн суугаад зогсохгүй Монголын баялгийг эздэд нь хэд дахин өндрөөр үнэлэн худалдах гэж гэдийж суугаа гэдгийг бид мартах ёсгүй. Үүн лүгээ явдал одоо Гурванбулагийн ураны ордод давтагдаж магадгүй болоод байна.
Монгол Улс ураны ордоо нэр бүхий тодорхой хэдэн улстай хамтран ашиглах нь нэгэнт тодорхой болсон. Өнөөдөр биш ч маргааш энэ үйл явдал ажил хэрэг болон хэрэгжинэ. Энэ цагт Гурванбулагийн ордын 75 хувийн асуудлаар Хятадын компанийн өмнө хошуу дэвсэх ёстой болох нь л дээ.
"Вестерн проспектор" компани энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр нэг хувьцааг 0.37 канад доллараар тооцон 51 хувийг худалдаж авахыг БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпорацид анх санал болгожээ. Гэвч хэлэлцээр хийгдэж эхэлсэн 10 хоногийн дотор хувь хэмжээ нь 75 хувь болон өсч, нэгж хувьцааны үнэ нь нэмэгдсээр, мөнөөх ийнхүү 75 хувийг 31 сая канад.доллараар худалдахаар наймаа тохирчээ.
Миний нутгийн газар шороо хүний нутгийнхны идэш хоол, арилжаа наймааны хэрэгсэл болж таарахгүй нь ойлгомжтой. Урагшгүй төр, улангассан авлигачдаас, цоорхой хууль, завшаан хайгч гадныхнаас энэ бүхэн үүдэлтэй хэдий ч зүгээр суумгүй байна. Өөрийнхөө юмыг бусдаас буцааж авья. Тэдний дураар дургидгийг таслан зогсооё. Бүр болдоггүй юм бол худалдаж аваад ч болсон Гурванбулагаа Монголд нь үлдээе.
УИХ болон Засгийн газраас нэн яаралтай арга хэмжээ авч, хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон "Вестерн проспектор" компанийн Гурванбулагийн ордын лиценз эзэмших эрхийг хөндөх хэрэгтэй.
Ерөөсөө Монголыг мэрж, зарж, идэж, ууж байгаа гадны хөрөнгө оруулагч нэртэй луйварчидтай олон улсын эрх зүй, Монголын эрх ашгийн хүрээнд эзний ёсоор хатуухан шаардлага тавих цаг болсныг энэ үйл явдал харуулж байна.
Монголын Гурванбулаг Монголдоо үлдэх ёстой.