Монголд 1928 хуулийн этгээд 5200 лиценз эзэмшдэг
2009.05.13

Монголд 1928 хуулийн этгээд 5200 лиценз эзэмшдэг

-Д.Ганхуяг гишүүний асуулгад хариулав-

Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад тавьсан асуултын хариуг энэ өдрийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Д.Ганхуяг гишүүн Ашигт малтмалын тухай хуулийн “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл” гэсэн тавдугаар бүлгийн 31, 32, 33, 34-р зүйлийн заалтуудын хэрэгжилт болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын талаарх статистик мэдээлэл, мөн Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2,3,4,8-р зүйлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авахыг хүссэн. Түүнээс гадна, Ашигт малтмалын тухай хуулийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэсэн 26.9-р заалт, хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 74-р тогтоолын тавдугаар заалтын хэрэгжилт, Стратегийн ордтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зургадугаар зүйлийн хэрэгжилтийн тухай мэдээллийг 2006, 2007, 2008 он тус бүрээр нарийвчлан ирүүлэхийг хүссэн юм. 

Харин үүнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өчигдөр хариу өглөө. Тэрбээр нэлээд дэлгэрэнгүй, нарийвчилсан хариулт ирүүлсэнд Д.Ганхуяг гишүүн талархалтай байгаагаа илэрхийлэв. Харин хариулт өгсөн байдлаас үзвэл цаашид анхаарах шаардлагатай зүйл байгааг гишүүн сануулаад “Хөрөнгө оруулалтын гэрээ хийгээгүй мөртлөө олон улсын зах зээл дээр борлуулж мөнгө босгох явдал их байна. Дэлхийн олон оронд хувьцаагаар дамжуулж мөнгө босгож байгаа тухайд холбогдох газар нь ямар бодлого барьж байна вэ” хэмээн лавлав. Харин Д.Зоригт сайд “Хуульд дээрх байдлыг хориглосон заалт байдаггүй” гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Алтай “Ашигт малтмал, газрын баялгийг ашиглах явдал дэндүү байгаа гэдгийг бид бүгд мэднэ. Үүнийг Д.Зоригт сайд та зоригтой цэгцлэх хэрэгтэй. Яагаад хэдхэн хүн Монголын баялгийг эзэмшиж болоод бусад нь хоосон суух ёстой юм. Би ч бас нэг лиценз авмаар л байна шүү дээ” хэмээн шүүмжиллээ. “Лицензийг хувь хүнд биш Аж ахуй нэгжид өгдөг. Бид хуулийн дагуу ажиллаж байгаа” хэмээн даруухан хариуллаа. Одоогийн байдлаар 1928 хуулийн этгээд 5200 лиценз эзэмшдэг гэсэн бүртгэлтэй байдаг аж. Харин нийт газар нутгийн хэмжээгээр авч үзвэл 0.3 хувь нь ашиглалтын, 30.2 хувь нь хайгуулын лицензтэй газар байгаа гэíý.

Ц.МӨНХЗУЛ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.