УИХ “Бороо гоулд”-ыг шалгаснаа удахгүй тайлагнана
Олборлох алтаа хугацаанаас нь өмнө хураагаад авчихсан хэрнээ ажилчдадаа цалин, нөхөн олговрыг өгөхгүй байгаа гэх “Бороо гоулд” компанийн хэл ам УИХ-д хүртэл хүрээд байна.
Тус компанийн үйл ажиллагааг шалгах УИХ-ын ажлын хэсэг Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулан байгуулагдсан. Ажлын хэсэгт ХХААХҮЯ, Улсын мэргэжлийн хяналтын газар (УМХГ) зэрэг холбогдох газар, мэргэжлийн байгууллагаас хүмүүс оржээ. Тэд “Бороо гоулд”-ын зүгээс ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээний биелэлт, явцыг хянахаас гадна байгалийн нөхөн сэргээлт хийж ирсэн эсэх зэрэг компанийн үйл ажиллагааг давхар шалгаж байна. Энэ талаар удахгүй УИХ-д тайлагнах аж.
“Бороо гоулд”-ын хувьд манай улстай хийсэн гэрээ дуусах дөхөж байгаа хэдий ч Гачууртын алтны бүлэг ордыг ашиглах талаар ярилцаж байгаа аж. “Манай улсын зүгээс энэ компанитай холбогдох бүхий л гэрээг биелүүлж ирсэн юм билээ. Харин тус ХХК-ийн зүгээс хэрхэн хэрэгжүүлж ирснийг бид шалгаж байна. Техник, технологийн хувьд боломжийн компани. Гэхдээ түүнийгээ хэрхэн ашиглаж байгаад бид хяналт тавих учиртай. Монгол Улсад цианит натри хэрэглэж байгаа том ордын нэг нь Бороо юм. Тиймээс энд нарийн хяналт байх ёстой. Бид гэрээг анх хэн хийсэн, ямар нөхцөл боломжтойгоор хийсэн зэргээр асуудлыг аль болох улс төржүүлэхгүйгээр хяналт тавихыг хичээж байна” гэж ажлын хэсгийн ахлагч, гишүүн Ж.Энхбаяр хэллээ.
Нөхцөл байдалтай зэрэгцэн “Бороо гоулд”-ын толгой компани “Центерра гоулд”-ын үйлдвэр хариуцсан дэд захирал Ж.Горден манай улсад ирээд байна. Тэрээр охин компанийхаа асуудлыг шийдэх аж. Түүний өмнө ажилчдынх нь нэхээд байгаа 5-9 сая ам.долларын асуудал бий.