Батцогт.Д 2015.02.24 | Сонин: Монголын үнэн

Ховдын сайн малчид шагналаа гардлаа

Ховдын сайн малчид шагналаа гардлаа
Ховд аймаг

Сар шинийн өмнө Засгийн газраас Улсын сайн малчдыг тодруулдаг уламжлалтай. XVII жарны Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн Улсын сайн малчнаар 70 хүнийг шалгаруулсан. Харин тэдний дөрөв нь Ховд нутгаас төржээ.Эдгээр малчдын шагналыг нь Боловсрол соёл, шинжлэх ухааны дэд сайд Я. Төмөрбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нар тус аймагт очиж гардуулан өгчээ.

Ингэхдээ БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатараар ахлуулсан багийнхан Дарви сумын малчин Р.Цэрэндорж, Мөст сумын малчин Ж.Төмрөөгийн сайн малчны шагналыг нь гардуулжээ.

Малын тоо толгойгоо таван төрөл дээр өсгөсөн Р.Цэрэндоржийн Улсын сайн малчны шагналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гардуулан өгсөн бол өргөмжлөлийг БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар уншиж танилцуулсан байна.

Мөн Ховд аймгийн Засаг дарга дарга Д.Цэвээндавран, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар өөрсдийн гарын бэлгийг өгөв. Сайн малчдын шагналыг гардуулах үөэр Мөст сумын сайн малчин Ж.Төмрөөгийнд ҮДБЭЧ-ын хөөмийч Ц.Цогтгэрэл, ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батцэцэглэн нар уртын дуу эгшиглүүлж, гэрийн жавар үргээлээ.

Ховд аймгийн хувьд хөх морин жил онцгой сайхан жил болсон бөгөөд аймгийн хүн ам өссөн төдийгүй, нийгэм эдийн засгийн үзүүлэлт бүх талаараа өсчээ. Ховд аймгийн мал сүрэг улсын хэмжээнд хамгийн өндөр хувиар буюу 17.2 хувиар өсч, хоёр сая 625 мянган толгойд хүрсэн байна. Энэ нь Ховд аймгийн түүхэнд хамгийн олон малтай болсон жил аж.