Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвийг чадвахижуулах зээлийн хэлэлцээр батлагдлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ төслийг Засгийн газар өнгөрсөн Аравдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр ханган, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршиж байгаа юм.
Ховд аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт:
“Хэлэлцээрийг дэмжиж байна. Зээлийн хэмжээ, өрийн хэмжээ нэмэгдэх нь гэж зарим гишүүд хэлж байна. Энэ зээл бусад зээлийг бодвол 30 жилийн хугацаатай, зээлийн хүү 0 хувь байгаа. Ямар ч хүү байхгүй. Зориулалтын тухайд хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой. Баруун бүсийн ард иргэд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг.
Энэ зээл бусад зээлийг бодвол 30 жилийн хугацаатай, зээлийн хүү 0 хувь байгаа.
Баруун бүсээс өвчин зовлонгоо эдгээх гэж, сургууль, ажилд орж амьдрал ахуйгаа сайжруулах гэж Улаанбаатарт ирдэг. Тэр хэмжээгээр нийслэлд суурьших хүн амын өсөлт нэмэгдэнэ. Иймд баруун бүсийн иргэдийг нутагтаа сайхан амьдрах орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. 30 жилийн хугацаатай хүүгүй зээлийг яагаад дэмжиж болохгүй гэж. Зээлийн зарцуулалт, зохицуулалт нь ч өөр нөхцөлтэй байгаа. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа ард иргэдийг дэмжиж туслах ёстой гэсэн юм. ..../үргэлжлүүлэн бичлэг үзнэ үү/
Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
Дэмжиж байна. Ер нь дэд бүтэц сул хөгжсөн. Төвөөс алслагдсан баруун аймгуудын эрүүл мэндийн асуудал маш анхаарал татсан, төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Цаашид Завхан, Увс, Баян-Өлгий бүгд Ховдод очиж үзүүлнэ гэж байхгүй, хүндрэлтэй.
Тиймээс үр ашгаа дээшлүүлэхийн тулд оношилгооны төвүүдийг бүсийн гэж нэрлэхээсээ илүү аймгууд дээр оношилгооны төвүүдийг чанартай техник, технологоор бэхжүүлж өгөөсэй гэж Сайдаас хүсэж байна. Ийм хэмжээний төсөл, зээлийг дахин оруулж ирж, аймаг аймагт нь хангаж өгөх шаардлагатай. Ингэж чадвал нийслэл рүү нүүж байгаа их нүүдэл зогсож, иргэд аймаг орон нутагтаа тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ..../үргэлжлүүлэн бичлэг үзнэ үү/
УИХ-ын гишүүн Д.Ганбаатар
Монгол улсаас хийх санхүүжилт 2 сая 620 мянган 545 евро гэсэн байна. Үүнийг 2014 оны улсын төсөвт тусгасан гэсэн байна. Яг энэ төсвийг батлах боломж байгаа юу?
Н.Удвал: “зээлийн гэрээ батлаагүй учраас 2014 онд орж ирэх боломжгүй. Одоо батлагдаж байгаа учраас 2015 оны төсөвт орж ирнэ. ..../үргэлжлүүлэн бичлэг үзнэ үү/
Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 77,8 хувь нь дэмжлээ.