УИХ-ын гишүүн Д.Батцогт тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2014.09.12

УИХ-ын гишүүн Д.Батцогт тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнгөрсөн долоо хоногоос Ховд аймагт ажиллаж эхэлсэн ба одоогоор Буянт, Дарви, Дөргөн, Зэрэг, Чандмань суманд ажиллажээ.

Үлдсэн сумдад ч бас ажиллах аж. Иргэд тэтгэвэр, тэтгэмж, цалинг хэзээнээс нэмэгдүүлэх вэ гэх асуултыг зонхилон тавьж хариулт авлаа. Мөн орон нутагт эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэйг иргэд сануулж байв.

Хэдийгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад, эрүүл мэндийн үйлчилгээнд нааштай талууд харагдах болсон ч хөдөөд ажиллах боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэхэд анхаарахгүй бол хөрөнгө зарж авчирсан орчин үеийн тоног төхөөрөмж дээр нь ажиллах бэлтгэгдсэн боловсон хүчин дутмаг, түүнээс нь болж хөдөөгийн иргэд хотыг зорихоос аргагүй болдог.

Мөн хүн амын өсөлтөө дагаад шинээр эмнэлэг барихгүй бол хүндээ хүрэлцдэггүй зэрэг зовлон бэрхшээл бийг ч сануулжээ.  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв бариулахаар талууд хамтран ажиллаж байгаа гэдгийг онцложээ.