Америкт бус, Монголд бүтээсэн нисгэгчгүй онгоц
Зургийг ММINFO сайтаас
2015.05.14

Америкт бус, Монголд бүтээсэн нисгэгчгүй онгоц

Улаанбаатар хот дотор нисээд пицца хүргэхэд ч ашиглаж болно

Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд оюутнуудын хийсэн бүтээл болон гарааны компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.

“Новелти”  компани нано технологи ашиглан ус нэвтрүүлдэггүй шингэн үйлдвэрлэжээ. Эл шингэн цац- лага нь ноосон эдлэл, торго, даавуу, чулуун хавтан, модон тавилга гээд бүхий л төрлийн эд материалыг ус, чийгээс хамгаалахад зориулагдсан байна. Тусгай шингэнийг даавуун дээр цацахад ус нэвтрүүлдэггүй бүрхүүл үүсгэдэг гэж үйлдвэрлэгч нь тайлбарлаж байсан.

“Грийн майнинг прожект” компани зэсийн хаягдлаар байван үйлдвэрлэжээ. Манай улсад байван хийдэг компани байдаггүй юм байна. Тиймээс эрдэмтэд импортыг орлох бүтээгдэхүүнийг ийнхүү дотооддоо үйлдвэрлэсэнд ам сайтай байгаа аж.

Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн дотроос Механик тээврийн сургууль болон Холбоо мэдээллийн сургуулийн оюутнуудын хамтран бүтээсэн жолоочгүй онгоц олны сонирхолыг татаж байв. Тэд туршилтын байдлаар гурван өөр загварын онгоц бүтээжээ. Эдгээрээс хамгийн амжилттай болсон загварыг хүмүүсийн захиалгаар хийхээ оюутнууд ярилаа. Бид онгоц зохион бүтээсэн багийн гишүүн С.Серикжантай уулзлаа.

-Та нарын хийсэн онгоцыг хүмүүс их сонирхож байна. Онгоц хийхэд чамгүй зардал гарна биз?

Бид “Скай прай” төслийн шугамаар нисгэгчгүй нисэх аппарат худалдаж аваад энэ загварын дагуу өөрсдөө онгоц хийсэн. Гэхдээ худалдаж авсан онгоцоосоо илүү дэвшилттэйг хийхээр туршиж байна.

-Юугаараа онцлог юм бэ?

Ойн түймрийн тархалтыг тандах, ховор, зэрлэг амьтдын бэлчээрийг тогтоох гээд төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болно. Түүнчлэн зураг авч, бичлэг хийдэг.

-Хэр өндөрт хөөрөх боломжтой вэ?

100-200 метрийн өндөрт хөөрөх боломжтой. Нисгэгчгүй аппаратаа хөөргөөд компьютерийн дэлгэцээр хянана. Улаанбаатарын газрын зургийн дагуу хөөргөөд, мэдээлэл цуглуулж болдог.

-Та нарын хийсэн гурван загвараас хамгийн том нь хэр хэмжээтэй вэ?

Ачаа зөөх зориулалттай нэг том онгоц хийсэн. Далавч нь гурван метр урт, их биеийн урт нь 200 орчим см. Улаанбаатар хот дотор нисээд пицца хүргэхэд ч ашиглаж болно. Ер нь хөнгөн жинтэй ачаа тээвэрлэх зориулалтаар хийсэн.

-Энэ онгоцууд чинь зах зээлд борлогдох боломжтой юу?

Манай багийнхан одоогоор туршилтын зориулалтаар ашиглаж байна. Хэрэв амжилттай болбол цаашид хот дотор ачаа зөөх зориулалтын онгоц үйлдвэрлэх төлөвлөгөө бий. Загвар, удирдлагын систем нь сайн болчихвол ийм онгоц зах зээлд эрэлттэй байж магадгүй.

Монгол эрдэмтэд, оюут- нууд шинэ зүйл бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн 'байгаа нь үзэсгэлэнгийн үеэр ажиглагдаж байлаа. ШУТИС оюутнуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, сургалтынхаа агуулгад өөрчлөлт оруулжээ. Эхлээд сур, түүнийхээ дараа хийж, бүтээ гэдэг зарчим баримталдаг байсан бол одоо сурахын хажуугаар хийж, бүтээж, сэтгэлгээгээ хөгжүүл гэсэн дүрэм мөрддөг болжээ.