Эрдэмтэд бизнес эрхлэгчидтэй хамтарна
Монгол улсын Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд Хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.
Хамтын ажиллагааны санамж бичигт МУШУА-ийг төлөөлж ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МҮХАҮТ-ийг төлөөлж ТУЗ-ын дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурсан байна.Тус санамж бичгийг байгуулснаар мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт, эрдэмтдийн боловсруулсан судалгаа шинжилгээний бүтээл, инноваци дээр тулгуурласан бодит ажлуудыг бизнесийн байгууллагуудад танилцуулах боломж бүрдэж байгаа гэдгийг талууд онцолжээ.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, технологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлснээр эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд санамж бичгийн гол зорилго оршиж байгаа ажээ.