Шинжлэх Ухааны Академи эрдэмтдээ бус техникийн ажилтан, нярав, нягтлангуудаа цомхотгосон
Монгол Улсын ШУА-ийн Техник, технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж
2015.04.23

Шинжлэх Ухааны Академи эрдэмтдээ бус техникийн ажилтан, нярав, нягтлангуудаа цомхотгосон

Монгол Улсын ШУА-ийн Техник, технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 27-р тогтоолыг энэ оны эхээр гаргаж Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэж цөөлөн нилээд л бужигнуулах шиг боллоо. Ер нь юу болов? Хэдэн хүрээлэн хаалгаа барив?

2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч бүтцийн өөрчлөлт хийв. Хаалгаа барьсан хүрээлэн байхгүй. Хооронд нь нийлүүлсэн.

-Дээрх бүтцийн өөрчлөлт хийснээр юу хэмнэв?

Нийт 51 хүрээлэн байсан юм байна лээ. Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор хуучин байсан хүрээлэн, төвүүдийг 30 хүрээлэн болгож нэгтгэсэн. Манай ШУА-ийн 20 хүрээлэн төвийг нэгтгээд 10 болгосон. Бусад нь яамд, их дээд сургуулийн харьяанд байсан юм.

Ер нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шинжлэх ухааны салбараас хэмнэх зорилготой. Ингээд л бүтцийн өөрчлөлт хийсэн. Нийт дүнгээрээ 250 орчим хүн, ШУА-иас техник ажилтан, нярав, нягтлан зэрэг 100 орчим хүн ажлаас чөлөөлөгдсөн. Эрдэм шинжилгээний ажилтнуудаас чөлөөгдөөгүй.

-Тэгээд одоо ямар үр дүн гарав?

Үр дүнгийн талаар өнөөдөр ярих нь эрт байна. Урд өмнө үүнтэй адил бүтцийн өөрчлөлтийг хийж байсан юм. Тухайлбал, 1997 оны Засгийн газрын 31 дүгээр тогтоол гарч 68 хүрээлэн төв байсныг 34 болгож нэгтгэн өөрчилсөн. Тухайн үед техник, технологийн салбарт 30 хүрээлэн байсныг найман Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн корпораци болгож нэгтгээд, ШУТИС-ийн харьяанд таван хүрээлэн амь хоргодон очиж байсан. Найман корпорацийг заримыг хувьчилж, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн юм.

Үнэндээ одоо эрчим хүч, холбоо, зам тээвэр, барилга зэрэг техникийн салбарт шинжлэх ухааны судалгаа хийж, зураг төсөл боловсруулан, норма нормотив гаргах зэргээр нэгдсэн бүтцээр ажиллах хүрээлэнгүүд үгүй болсон. Гэтэл Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч, аж үйлдвэрт шинэ технологи инновацинэвтрүүлэх замаар улс орны хөгжилд хамгийн түрүүнд хувь нэмрээ оруулах эдгээр салбар, холбоо мэдээллээс бусадямар байгаа билээ хэнд ч ойлгомжтой гэж бодож байна.

-Шинжлэх ухааны хүчинд бид, хөгжиж дэвшинэ,ард түмний боловсрол дээшилнэ гэж боддог л доо. Шинжлэх ухааныг одоо яах ёстой юм бэ?

Шинжлэх ухаан бол оюун ухаан, мэдлэгийн үйлдвэрлэл гэж тодорхойлж болох юм. Үүгээрээ шинжлэх ухаан бүх л үеийн туршид үнэний цэц болж ирсэн юм. Аль болох богино хугацаанд хурдтай, цэгцтэй хөгжье гэвэл шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлах ёстой. Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүх ийм юм.

Шинжлэх ухаан өөрөө хөгжлийн зүй тогтол, дэг жаягтай байдаг. Энэ дэг жаягаар нь шинжлэх ухааныг байлгах ёстой л доо.

Нэгдүгээрт, Шинжлэх ухаан бол мэдлэгийн үйлдвэрлэл байдаг. Эрдэм мэдлэгийг бүтээж байгаа шинжлэх ухааны өдөр тутмын үйл ажиллагаанд гаднаас холилдон орох нь ажилд муугаар нөлөөлж байдаг зүйл.

Хоёрдугаарт, Мэдлэг, мэдээллийн зуунд шинжлэх ухаан нь нийгэмд үйлчлэх үүрэг улам бүр өсч байна. Хүнийг,тухайлбал, нийгмийн янз бүрийн давхаргыг үнэн мэдээллээр хангаж үнэний цэц байх шинжлэх ухааны, эрдэмтдийн үүрэг улам нэмэгдэж байгаа билээ. Нийгмийн мунхарлын элдэв гажуудлаас шинжлэх ухаан л ангижруулна.

Эндээс үзвэл төрөөс шинжлэх ухаантай зүй зохистой л харилцах ёстой. Шинжлэх ухааныг өөд нь татвал улс орны хөгжил мэдэгдэхүйц урагшилдаг. Харин түүний хөгжилд саад тотгор болвол тодорхой хугацааны дараа улс орны хөгжил уруудан доройтож, элдэв гажуудал үүснэ.

-Одоо тэгээд шинжлэх ухаандаа манай төр засаг яаж хандах болж байна?

Дэлхийн хөгжсөн болон эрчимтэй хөгжиж байгаа орнууд эрдэмтдийнхээ чөлөөт сэтгэлгээг хангаж, хүрээлэнгүүдийг бэхжүүлж, шинжлэх ухаанд дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг зарж байж улс орон эрчимтэй хөгждөг байна. Тухайлбал, өнөөдөр дэлхийн дунджаар авч үзвэл улс орнууд ДНБ-нийхээ хоёр хувийг зарцуулж байхад, манай улсад 0,2 хувь орчим байгаа нь манай улс 10 дахин бага анхаарч байна, бид тэр хэмжээгээр хөгжлөө хойш нь татаж л байна гэсэн хэрэг л дээ.

Ер нь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ДНБ-ний 0,4 хувийг зарцуулж байвал шинжлэх ухаан үзэгдэл төдий байдаг, нэг хувьдхүрч байж л нийгэмд үйлчилж эхэлдэг, хоёр хувиас дээш байж хөгжлийн хөдөлгөгч хүч болдог гэсэн жишиг байдаг.

Манай оронд шинжлэх ухааныг хөдөлгөгч хүч болгож байсан тийм үе бий. 1990-ээд онд Шинжлэх ухаанд зарах хөрөнгө мөнгө ДНБ-ний нэг хувьд хүрч байсан байна. Түүний хүчээр, өөрөөр хэлбэл инерцээрээл одоог хүрч ирлээ. Одоо ядаж шинжлэх ухаанд зарах зардлыг 1990 оны түвшинд хүргэх ёстой юм.

-Саяны бүтцийн өөрчлөлтөөр олон залуучууд гарсан гэж яригдах юм?

Дээр хэлсэн, эрдэм шинжилгээний ажилтнууд түүний дотроос залуучуудыг чөлөөлөөгүй. Харин уул уурхайн зэрэг хөрөнгө мөнгө сайтай компаниуд манай сайн мэргэжилтэн, эрдэмтдийг татахыг оролдож байгаа нь нууц биш.

ШУА-ийн хэмжээнд техник ажилтан, нярав, нягтлан зэрэг 100 орчим хүнийг ажлаас чөлөөлсөн гэж өмнө хэлсэн.Гурван хүрээлэнг нийлүүлэн Хими, химийн хүрээлэн болсон. Энд нийлээд 132 хүнтэй байв. Одоо 127 байна. Биологийн хүрээлэн Ботаникийн хүрээлэн, Загас судлалын төв нийлээд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн болсон. Энд нийлээд 184 хүнээс 158 болсон ба мөн лнягтлан, нярав, давхар ажилтай гэрээт ажилтнууд, тэтгэврийн насны зэрэг хүмүүсийг чөлөөлсөн байгаа. Эрдэм шинжилгээний ажилтнууд хэвээрээ байгаа болно. Бүх л хүрээлэнд иймэрхүү зүйл болсон.

“ШУА-ийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, “ШУА-ийн хүний нөөцийн стратеги төлөвлөгөө” боловсруулсан.

-ШУА-ийн 2015 оны зорилтын талаар ярина уу?

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан болон харьяа Хүрээлэн, төвийн тайланг Их чуулганаар хэлэлцсэн юм. Мөн тайлангаа БСШУЯ-д тавьсан.

ШУА-ийн Их, бага чуулганы үйл ажиллагаа, харьяа хүрээлэн, төвийн судалгааны чиглэлийг тогтоох, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, төр, засагт зөвлөмж хүргэх, гадаад харилцааны хүрээнд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ 2014 оныг “Чанарыг дээшлүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах жил” болгон зарлаж шинэ мэдлэг бүтээхийн зэрэгцээ хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллав.

Үүний дүнд ШУА-ийн Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд нийт 198 ажил үйлчилгээ, 15 тусгай ажлыг хийж гүйцэтгэхээр Төсвийн ерөнхийлөн захирагч БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй Төсвийн шууд захирагч ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин 2014 онд байгуулан ажиллаж, гэрээ 98,6 хувиар биелсэн.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар нь ойрын 4 жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн чиглэлээ дараах байдлаар тодорхойлон ажиллаж байна.

• Хатуу дэд бүтцийг сайжруулах

• Зөөлөн дэд бүтцийг сайжруулах

• Менежментийг шинэчлэх

• Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөтгөх “Гүүр” хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн үндсэн чиглэлд тус тус анхаарлаа хандуулж байна.

Шинжлэх ухааны салбарт бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан ойрын үед энэ өөрчлөлттэй үйл ажиллагаа, дотоод бүтцээ боловсронгуй болгох, менежментээ уялдуулах шаардлага тулгарч байна. Үүний зэрэгцээгээр бид дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна.

Үүнд:

- ШУА-ийн хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэн, эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэх, ялангуяа эрдэм шинжилгээний хүрээлэн, ажилтнуудыг докторантурын сургалтанд идэвхтэй оролцох боломжийг буй болгох;

- Төр засгийн байгууллага, орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Үүнд орон нутгийн хөгжлийн асуудлаар аймгуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, өргөжүүлж, төр засгийн байгууллагуудад зөвлөмж гаргах ажлыг үргэлжлүүлнэ. Энэ зорилгод нийцүүлэн, эдийн засгийн судалгааны нэгжийг буй болгоно;

- Залуу судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана;

- Шинжлэх ухааны салбарын сэтгүүлүүдийг онлайн хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох ажлыг улам өргөжүүлнэ;

- Инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллана;

- Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан судалгааны төсөл 2-ыг шинээр хэрэгжүүлж эхэлнэ;

- Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байна;

- 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах–түгээн дэлгэрүүлэх” жил болгон зарлаж, тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ зэрэг зорилтын дэвшүүлэн ажиллаж байна.