Л.Гантөмөр: Монгол эрдэмтэд хүн төрөлхтний мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж, байр сууриа бэхжүүлж байгаа
УИХ-ын гишүүн Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр
2015.02.17

Л.Гантөмөр: Монгол эрдэмтэд хүн төрөлхтний мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж, байр сууриа бэхжүүлж байгаа

УИХ-ын гишүүн Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа

-Таны удирдаж байгаа салбарт ялангуяа боловсролын салбарт нэлээд шинэчлэл явагдаж байгаа. Хонин жилийн босгон дээр та өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлаа товч дүгнэн ярихгүй юу? 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамт олондоо болон нийт Монголчууддаа ирж буй  хонин жилдээ эрүүл энх байж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөе.Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэсэн бидний бодлого сургуулийн өмнөх болох бага дунд боловсролд амжилттай хэрэгжиж байна. Хийсэн бүх ажлаа ярина гэвэл нэлээд цаг авна.

Тиймээс би энэ удаа дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хийгдсэн ажлаа онцолж яримаар байна. Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжил, Боловсрол, Соёл, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Уул уурхай, Эрчим хүч дэд бүтэц, Зам тээвэр, Барилга хот байгуулалт, Мэдээллийн технологи, Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологийн 40 хөтөлбөрийг тэргүүлэх чиглэлээр  тодорхойлсон.

Эдгээр тэргүүлэх чиглэлийн бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцах оюутны тоог нэмэгдүүлж, тэдэнд зориулсан тэтгэлэг, урамшууллын тусгай зохицуулалт бий болголоо. Дэлхийн шилдэг 100 сургуульд элссэн 100 оюутны 80 нь инженер технологийн чиглэлээр суралцаж байна. Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй эрүүл мэндийн чиглэлээр 2004 онд 40 мянган оюутан сурч байсан бол 2014 онд 63 мянга болж өссөн.

Өнөөдөр нийт дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт суралцагчдын 27 хувь нь байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр,  14 хувь нь хөдөө аж ахуй,  эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байна. Үүнийг олон улстай харьцуулж үзвэл нийт суралцагчдад байгалийн ухаан инженер технологийн чиглэлээр суралцагчдын эзлэх хувь Америкийн нэгдсэн улсад 16 хувь, Их Британи д  22 хувь, Японд 20 хувь байгаа бол Монгол улсад 27 хувь байна.

2004 онд 1900 орчим  инженер төгсөж байсан бол 2014 онд 4245 инженер төгссөн байна. Мөн 2004 онд байгалийн ухааны чиглэлээр 838 хүн сургуулиа төгсөж байсан бол 2014 онд 1895 төгссөн байна. Ийнхүү тэргүүлэх чиглэлээр суралцан төгсөгчдийн тоо хоёроос гурав дахин нэмэгдсэн. 

Дээд боловсролын хөтөлбөрт мэргэжлийн бэлтгэлийн зэрэгцээ ерөнхий суурь, чадамж эзэмшүүлэх, суралцагчдын хөрвөх чадварыг сайжруулах чиглэлээр хөтөлбөрийн шинэчлэл өргөн хүрээнд хийгдэж байна. Өнөөдөр манай томоохон их сургуулиудад хэрэгжиж буй бүтцийн өөрчлөлт нь энэ хөтөлбөрийн шинэчлэл хэрэгжих суурь шийдэл болж байна.

-Та маш нарийн тоон мэдээлэл өглөө. Японд 1000 инженер бэлтгэнэ гэсэн мэдээллийг иргэд баяртай хүлээн авч байгаа?

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу эхлүүлсэн Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль, Япон улстай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер технологийн дээд боловсрол” төсөл нь манай оюутан залуучуудад олон улсын түвшинд баталгаажсан шилдэг хөтөлбөрөөр суралцах боломжийг нээхийн хамт, сургуулиудад хөтөлбөрийн шинэчлэл хийхэд практик баримжаа туршлага болж буй нь чухал ач холбогдолтой.

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 1000 инженер бэлтгэхээс гадна МУИС, ШУТИС-ийн инженерийн хөтөлбөрийг Японы их сургуулиудын хөтөлбөртэй дүйцэх түвшинд хүргэх ба багш нарыг урт богино хугацаанд бэлтгэх, 20 чиглэлээр хамтарсан судалгаа хийх,  лаборатори сургалтын орчин бүрдүүлэх ажлууд хийгдэж байна.

-Өнгөрсөн онд их дээд сургуулиудад томоохон хөрөнгө оруулалт хийгдэж хэд хэдэн лаборатори нээгдсэн гэж сонссон. Энэ талаар бодит мэдээлэл өгөөч?

Манай дээд боловсролын цөм хэсэг нь судалгааны өндөр чадавхитай их сургуулиуд байх учиртай. Өнөөдөр ШУТИС, ХААИС, АШУҮИС  нь хөгжлийн загвараа боловсруулахдаа энтерпренэр шинжтэй их сургуулийн загварыг баримжаа болгосон. Эдгээр сургууль үйлдвэрлэл үйлчилгээнд шууд нэвтрүүлэх инновацийн шийдэл боловсруулах чадамжтай болох, үүний тулд технологийн туршилтын гарааны компани байгуулах эхний алхмуудаа хийж байна.

Тухайлбал, АШУҮИС гадаадын эрдэмтэдтэй хамтарсан судалгааны 10 кластер баг байгуулж, судалгааны төслүүдээ боловсруулсан. АШУҮИС-ийн дэргэдээ цөм лаборатори байгууллаа. Монгол судлаачдын үнэ цэнийг дээшлүүлэх, монгол хүний эх орондоо хийсэн судалгааг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхэд энэлаборатори тусална. 5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэхүү лаборатори нь дэлхийд 5 оронд суурилагдсан, манайх зургаа дахь орон болж байгаа юм. 

ШУТИС-ийн профессорууд Нано боловсруулалттай даавуу үйлдвэрлэх туршилтын үйлдвэрийг Эрдэнэт хивс ХХК–тай байгуулаад байна. Ийнхүү инновацийн түншлэл үүсгэх кластерууд эхнээсээ байгуулагдаж байгаа санаачилгыг Их сургуулийн хотхон – шинжлэх ухааны парк байгуулах хөтөлбөрийн суурь болно.  

Их сургуулиудаас гаргасан санаачилга, олон улсын хэмжээнд судалгааны ажил эрхлэх бэлтгэл хангасан байдлыг харгалзан шууд хөрөнгө оруулалтаар судалгааны үндсэн лабораториуд байгуулахад зориулсан төсвийн хэмжээ сүүлийн жилд эрс нэмэгдсэн.

Тухайлбал, 2014 онд БСШУ-ны яамнаас их дээд сургуулийг дэмжихэд зориулан 16.0 тэрбум төгрөгийн хөрөнгө баталж өгсөний 70 орчим хувийг гол их сургуулиудын судалгааны баазыг бүрдүүлэхэд зориулж байна.

Лаборатори байгуулж, тоног төхөөрөмж суурилуулахын зэрэгцээ эдгээр лабораторит ажиллаж шинэ мэдлэг бүтээх судлаач, магистр, докторын оюутны чадамжийг сайжруулахад дэлхийд тэргүүлэх их сургуулийн профессоруудтай шууд холбоо тогтоож хамтран ажиллах нь хамгийн үр нөлөөтэй хэмээн үзэж Харвард, Стэнфорд, Массачусетсийн технологийн институттэй (MIT) холбоо тогтоож байна. MIT ийн судалгааны баг өнгөрсөн 11 дүгээр сард Монгол улсад  хүрэлцэн ирж  Их сургуулиуд дээр ажиллан хамтран ажиллах эхний саналаа зөвшилцөөд байна.


 
Японы нобелийн шагналт эрдэмтэн Аманотой уулзах үеэр 2015 он.

-Шинжлэх ухаан, бизнесийн ашиг сонирхлыг нэг цэг дээр уулзуулах, судалгааны үр дүнг хэрэглээ, бүтээгдэхүүн болгох талаар юу хийгдэв ?

-Сүүлийн жилүүдэд судалгаа боловсруулалтын ажлын хэрэглээний шинж нэмэгдэж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд 70 технологи, 28 заавар зөвлөмж стандарт боловсруулж, 40 цех, үйлдвэр байгуулсан. Эдгээрийн заримаас дурдвал:

-Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн “Тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн үүсгэгчийг оношлох нян залгиур хуурайшуулах судалгаа" инновацийн төслийн хүрээнд үйлдвэрлэлийн технологи 2 стандарт батлуулж, импортын бүтээгдэхүүнээс 1,8-3 дахин хямд бактериофаг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой боллоо.

Бактериофаг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой боллоо.

- Уламжлалт Анагаахын  Шинжлэх Ухааны Туршилт Үйлдвэрлэлийн Корпорацийн  “Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийн эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд 21 төрлийн эм болон биологийн идэвхит бэлдмэл үйлдвэрлэн экспортод гаргаж байна.

-Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Тэжээлийн жишиг үйлдвэрлэлийн цогц шийдэл” төслийн үр дүнд өндөр уулын бүсэд жилд 80-100 тонн багсармал холимог тэжээл бэлтгэх загвар цех байгуулан үйлдвэрлэл эхэлсэн.

Манай томоохон их сургуулиуд судалгааны ажлыг компаниудын захиалгад үндэслэн инновацийн шийдэл боловсруулахад чиглүүлж, үйл ажиллагааны хүрээгээ нэмэгдүүлж байна. Тухайлбал  2013 онд ШУТИС-ийн эрдэмтэд, судлаачид нийт 6.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 291 эрдэм шинжилгээний төсөл, аж ахуйн гэрээт ажил гүйцэтгэсэний 60 хувийг  бизнесийн байгууллагын захиалга, санхүүжилтээр хийсэн байна.

Монгол Улсыг мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах,төр, шинжлэх ухаан, бизнесийн ашиг сонирхлыг нэг цэг дээр уулзуулах, судалгааны үр дүнг хэрэглээ, бүтээгдэхүүн болгох, өндөр технологийн компаниудад мэдлэгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Шинжлэх ухааны парк байгуулах, үүнтэй холбогдуулан Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж  байна.

Эрдэм шинжилгээний ажилд залуучуудыг хамруулж, хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн тэтгэлэг, хөтөлбөрийг хэрэгжүүлж буйн зэрэгцээ жил бүр Докторын дараах судалгааг дэмжсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгийг 10 залуу эрдэмтэнд олгож байна. Цаашид магистр, докторын суралцагчдад зориулсан тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх нь эрдэм шинжилгээний чадавхийг бэхжүүлэх нэгэн гол чиглэл байх болно.

Докторын дараах судалгааг дэмжсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгийг 10 залуу эрдэмтэнд олгож байна.

Сүүлийн жилүүдэд манай эрдэмтдийн олон улсын нэр хүндтэй хэвлэлд нийтлүүлсэн бүтээлийн тоо, тэдгээрийн ишлэгдсэн байдал тасралтгүй нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн 2 жилд Томсон Ройтерст бүртгэлтэй олон улсын сэтгүүлд манай эрдэмтдийн 200 шахам бүтээл нийтлэгдсэний дотор ШУА-ын 41, МУИС-ийн 48 бүтээл бүртгэгдсэн байна. Монгол эрдэмтэд хүн төрөлхтний мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж, байр сууриа бэхжүүлж байгааг  бодлогын түвшинд тусгайлан дэмжиж ажиллавал  үр өгөөж нь илүү сайжрах боломжтой.