“Оюунлаг Хөвсгөлчүүд” оюутны тэтгэлэг олголоо
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.12.09

“Оюунлаг Хөвсгөлчүүд” оюутны тэтгэлэг олголоо

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн оюутнуудад “Оюунлаг хөвсгөлчүүд” тэтгэлгийг гурав дахь жилдээ олголоо. Нийт 280 орчим оюутан дээрх тэтгэлэгт хамрагджээ. 

Тэтгэлэгт хамрагдах оюутныг шалгаруулахдаа их, дээд сургуульд суралцаж байгаа голч дүнгийн үзүүлэлт, сурлага, спорт, урлагийн  амжилт, нийгмийн чиглэлийн ажлуудад оролцсон байдал,  гадаад, дотоодын олимпиадад амжилт үзүүлсэн байдал, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 2-оос дээш оюутантай өрхийн оюутан зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харгалздаг юм байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн цалингаараа байгуулсан уг тэтгэлгийн сангаас тэтгэлэг хүртсэн олон оюутан сургуулиа төгсөөд, төрөлх нутагтаа ажиллаж байгаа бөгөөд сум орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй ажээ.

Улсын хэмжээний 100 орчим их, дээд сургуульд Хөвсгөл аймгаас нийт 11 мянга орчим оюутан суралцдаг байна. Тэдний олонхи нь дотуур байранд амьдардаг, мөн дотуур байранд орж чадалгүй байр хөлслөх шаардлагатай болдог, сургалтын төрийн санд тэр бүр хамрагдах боломж байдаггүй зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд энэхүү тэтгэлэг ихээхэн нэмэр болдог гэж эцэг эхчүүд ярьж байна.