С.Фишкин: Ардчиллыг “Амьд” болгохын тулд зөвлөлдөх хэрэгтэй
С.Фишкин
2015.02.25

С.Фишкин: Ардчиллыг “Амьд” болгохын тулд зөвлөлдөх хэрэгтэй

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 25, шинэ Үндсэн хуулиа батлаад 23 дахь жилтэйгээ золгож байна. Гэвч хүн бүрийн толгой дахь ардчиллын тухай ойлголт төдийлөн төлөвшөөгүй л байна.

Наад зах нь ардчиллын тухай энгийн ойлголтыг гудамжинд яваа нэгнээс асуувал төв талбай дээрээ хашгирч, Төрийн ордон руугаа хуруугаа гозолзуулахыг хэлэх биз. Товчхондоо монголчуудын тэр дундаа дарга нарын “эрхэмлэдэг” ардчилал хэлбэр төдий л байна. Хэдийгээр ардчилал бидэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө олгосон гэдэг ч өнгөрсөн хугацаанд эрх баригч, шийдвэр гаргагчдын зүгээс гаргасан хууль дүрмээс иргэдийн амьдралд наалдсан нь хуруу дарам цөөн.

Бүр сүүлдээ улс орны эрх ашигтай холбоотой асуудлыг хэлэлцэх болохоор үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээр нь халхавчлан иргэдээ талцуулдаг буруу жишиг тогтож байх шиг. Тэгвэл энэ бүгдэд хариулт өгөхөөр, ардчиллыг “амьд” болгохын тулд юу хийх ёстой тухай АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Зөвлөлдөх Ардчиллын төвийн захирал Жэймс С.Фишкин өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудад лекц уншлаа.

Тэрээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн урилгаар Монголд ирээд байгаа нь энэ юм. Хотын даргын хэлснээр АНУ-ын Сан Франциско хотод явахдаа профессор С.Фишкинтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодруулж байжээ. Харин энэ удаад профессорыг Монголд урьсны дагуу хүрэлцэн иржээ.

Уулзалтын эхэнд хотын дарга нийслэлийн удирлагууд аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг тусгахыг хичээж ажиллаж байна. Гэвч зарим тохиолдолд иргэдээс авч буй санал маань үр дүнтэй биш төдийгүй байгаа олохгүй байгаа. Жишээ нь Улаанбаатар хот анх удаа хогны зориулалтын уутыг ашиглаж эхэлсэн. Үүнийг ашиглахаасаа өмнө би өөрийн биеэр явж иргэдэд танилцуулан, санал авсан. Тухайн үед бүгд дэмжиж байна гэж санал, сэтгэгдлээ илэрхийлж байсан.

Гэтэл уутаа тараагаад ашиглаад эхлэхэд эсрэгээрээ болж таарсан. Магадгүй санал асуулга явуулж байгаа хэлбэр нь арай биш болж таараад байгаа юм. Нэг үгээр бид иргэдийнхээ саналыг авах биш өөрсдийнхөө саналыг дэмжүүлээд байгаа дүр зураг ажиглагдаж байгааг С.Фишкинд хэлнэ лээ. Харин С.Фишкин “Иргэдийнхээ саналыг ажил, шийдвэртэй тусгаж ажиллана гэдэг маш том дэвшил, давуу тал.

Гэхдээ санал асуулгад нийгмийг төлөөлж чадахуйц иргэд оролцох ёстой. Мөн нэг удаа биш эхлээд төсөл, саналаа танилцуулж нэг санал, асуудлаа шийдвэр байдлаар давтан санал авах зэргээр баталгаажуулах шаардлагатай байдаг” гэлээ. Ийнхүү ярилцсаны дараа профессор С.Фишкин “Зөвлөлдөх ардчилал” лекцээ эхэлсэн юм.Манайд аливаа ажлыг хийхээсээ өмнө иргэдийн саналыг авдаг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрч буй.

Жишээ нь, тусгай утас ажиллуулах эсвэл саналыг хайрцаг байрлуулах замаар иргэдийн санал хүсэлтийг авдаг. Гэвч санал өгсөн хүний тооноос хамаарч дэмжсэн дэмжээгүйг нь гаргах нь бий. Өөрөөр хэлбэл, санал өгсөн хүмүүсийн тоог нь чухалчилж үздэг хэрэг. Гэтэл ийнхүү нээлттэй хэлбэрээр санал асуулга явуулах нь олон нийтийг төлөөлж чаддаггүй гэдгийг профессор С.Фишкин хэлнэ лээ.

Учир нь, нээлттэй хэлбэрээр явуулсан санал асуулгад ихэвчлэн бухимдуу, шүүмжлэлтэй хандсан хэсэг нь оролцдогийг тэрээр тодотгосон. Товчхондоо нийт массаа төлөөлж чадахгүй гэсэн үг. Тиймээс иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллахаасаа өмнө хэнээс асуух, ямар асуудлыг хэлэлцүүлэхээ урьдчилан тооцоолох ёстой аж.

Жишээ нь, санамсаргүй болон төлөөллийн сонголт хийх, санал өгдөггүй хөндлөнгийн хяналтын группыг оруулах нь хамгийн үр дүнтэй арга юм байна. Ингэхгүйгээр явуулсан санал асуулгын явцад үл тоомсорлох, хийсвэр санаа хэлэх тохиолдол гарах эрсдэлтэйг профессор С.Фишкин албаныханд зөвлөсөн юм. Тэрээр лекцийнхээ үеэр нэгэн сонирхолтой жишээг дурдсан юм.

Дэлхийн нөлөө бүхий сэтгүүл “TIME” сэтгүүлээс ХХ зууны хамгийн онцлох эрхмүүдийг тодруулахаар хэд хэдэн төрөлд санал асуулга явуулжээ. Гэтэл ганцхан хүн бүх төрөлд нь тасархай тэргүүлээд байж. Өөрөөр хэлбэл, хамгийн ганган, хүчтэй, нөлөөтэй зэрэг бүхий л төрөлд нэг улсын удирдагч саналынхаа тоогоор бусдыгаа тасархай тэргүүлсэн нь “TIME” сэтгүүлийн редакцынхны гайхширлыг төрүүлсэн байна.

Ингээд учрыг нь тодруултал Туркууд Ерөнхийлөгч Ата Туркыг бүх талаараа ХХ зууны шилдэг хүн гэдгийг санал нэгтэйгээр зөвшөөрчээ. Нэг ёсондоо олон сая Туркууд Ерөнхийлөгчөө ХХ зууны хүнээр нэрлэсэн нь энэ. Гэвч Ата Турк тэр дундаа Туркууд дэлхийн хүн амыг төлөөлж чадахгүй учир “TIME” сэтгүүл санал асуулгаа цуцлахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Тиймээс Зөвлөлдөх ардчиллын хэлбэрээр санал асуулга явуулах нь хамгийн бодит үр дүнд хүрнэ гэдгийг профессор С.Фишкин онцолсон юм. Гэхдээ ингэхийн тулд хүссэн болгоноосоо очоод санал авах биш аж. Харин дээр дурдсанчлан санамсаргүй болон төлөөллийн сонголтоор бүх хэсгийн төлөөллийг оруулж тэнцвэртэй мэдээллээр хангах учиртай гэнэ.

Жишээ нь, АНУ-д олон жилийн өмнө Төрийн тухай хуулийг хүчингүй болгох эсэх талаар иргэдийн дунд санал асуулга явуулахад сонирхолтой үр гарчээ. Угтаа бол АНУ-д Төрийн тухай хууль гэж байдаггүй юм байна. Гэтэл иргэдийн дийлэнх нь тус хуулийг хүчингүй болгохыг дэмжиж саналаа өгчээ.

Бүр АНУ-ын Конгресст Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Төрийн тухай хуулийг хүчингүй болгохыг дэмжихээ илэрхийлсэн байдаг аж. Тиймдээ ч “Вашингтон пост” сонин “Төрийн тухай хуулийн 20 жилийн ойг тэмдэглэнэ” нэртэй нийтлэлийг хүртэл гаргаж байсан юм байна. Профессор С.Фишкин тодотгосноор АНУ-ын иргэд ямар нэгэн мэдээлэлгүйгээс батлаагүй, байхгүй хуулийг хүчингүй болгоно хэмээн хариулжээ. Өөрөөр хэлбэл, хийсвэр санаа хэлсэн нь энэ аж.

Нөгөөтэйгүүр, манайд ямарваа нэг ажлыг эхлүүлэхээс өмнө дэмжсэн, дэмжээгүйгээрээ хоёр хуваагддаг зүйл байсхийгээд гардаг. Нэг ёсондоо дэмжиж байгаа хэсэг нь дэмжихгүй байгаа талынхаа юу бодож байгааг нь мэдэхгүйгээр талцах нь бий. Гэтэл ийм байдал нь даймжирвал хэт туйлшрал үүсгэх аюултайг профессор С.Фишкин сануулсан.

Тиймээс ямар нэг ажлыг хийхээсээ өмнө зөвлөлдөх байдлаар санал асуулга явуулах нь дээрх эрсдэлээс сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг тэрээр хэлсэн юм. Тэрээр зөвлөлдөх ардчиллын замаар хэрхэн нааштай үр дүнд хүрснийг Японы жишээнээс татаж тайлбарласан. Япон улсын хувьд хүн амын насжилтаараа дэлхийд дээгүүрт ордог. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насны хүмүүс олон.

Гэвч жил ирэх тусам тэтгэвэрт гарах хүмүүсийн тоо ихэсч байгаа нь Засгийн газрынх нь санааг зовоож буй. Учир нь, тэтгэвэрт гарах хүний тоо нэмэгдэх тусам тэдэнд олгох тэтгэмж нь санхүүгийн хүндрэл үүсгэж эхлээд буй. Нөгөөтэйгүүр, ажил хийж татвараа төлөх иргэдийнх нь тоо буурч тэтгэмж авах хүмүүс нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор Засгийн газраас нь тэтгэврийн тогтолцоонд шинэчлэлт оруулах гарцыг хайсан ч иргэдийн дэмжлэг аваагүй байдаг аж.

Тиймээс зөвлөлдөх ардчиллыг зохион байгуулах замаар иргэдээ илүү тэнцвэртэй мэдээлэлтэй болгосноор Засгийн газрынхаа саналыг дэмжиж эхэлжээ. Гэвч Японы Засгийн газар шинэ хуулийг сонгуулийн дараа батална гэж байсан ч ялагдаж огцорчээ. Улмаар Ш.Абэгийн Засгийн газрын өмнөх засгийнхаа хэрэгжүүлэх гэж байсан бодлогыг үргэлжүүлэхээр хэрэглээнийхээ татварыг нэмсэн билээ. Товчхондоо зөвлөлдсөний үр дүнд японууд өөрсдөдөө учрах эрсдэлийг ойлгож дэмжлэг үзүүлсэн хэрэг.

Үүнээс гадна АНУ-ын Техас мужид найман удаагийн зөвлөлдөх санал асуулга явуулсны үр дүнд нарны болон салхин эрчим хүч авахад илүү төлбөр төлөхийг зөвшөөрсөн иргэдийн тоо нэмэгдэж 52-84 хувь болж өссөн байна. Ингэснээр 1996 онд салхин эрчим хүчний үйлдвэрлэлээр АНУ-д доогуур хэмжээнд ордог байсан Техас муж 2007 онд тэргүүлэгч болж чаджээ.

Энэ мэтчилэнгээр профессор С.Фишкиний илтгэлээс аливаа ажлыг эхлүүлэхэд хамгийн эхний арга нь зөвшилцөл гэдгийг харж болохоор байсан юм. Тэрээр хоёр талд талцаад суух биш, мэдээлэлгүй хэсгийг санал асуулгад оруулж туйлширхаасаа илүүтэйгээр зөвлөлдөх чухал гэдгийг өгүүлбэр бүртээ тодотгож байсан юм. Нэг ёсондоо ардчиллыг “амьд” болгохын тулд зөвлөлдөх хэрэгтэй гэдгийг тэрээр битүүхэн сануулсан нь энэ юм.

Дашрамд дурдахад, профессор С.Фишкин Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан нэгэн ажээ. Тэрээр АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн байдаг юм байна.