Монгол инженерүүд Япончуудаас илүүг бүтээнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.09.28

Монгол инженерүүд Япончуудаас илүүг бүтээнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Япон улсад 1000 инженер сургах төслийн хүрээнд байгуулагдсан ШУТИС-ийн дэргэдэх Коосен сургуулийн хоёр дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Энэ үеэр тэрээр инженерийн чиглэлээр Япон улсад сурч байгаа, сурахаар бэлтгэж байгаа оюутнуудад хандан “Та бүхнийг дэлхийн шилдэг инженер болгох зорилготой энэ төслийн санхүүжилт бол Японы ард түмний татварын мөнгө.

Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж анхны түрүүгээ аваад –Багшийнхаа ачыг яаж хариулах вэ? гэсэн асуултад –Би багшаасаа илүү бөх болж багшийнхаа ачыг хариулна гэж хэлсэн. Үүнтэй адил манай инженерүүд ирээдүйд Япончуудаас илүүг бүтээж, багштайгаа эн зэрэгцэх биш багшаасаа илүү гарч Япончуудын ачыг хариулаарай.” хэмээн захисан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага, Япон улсын засгийн газар хамтран “Инженер технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Дэлхийд технологиороо тэргүүлэгч Япон улсад 1000 инженер бэлтгэх, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургуулийн инженерийн хөтөлбөрийг Япон улсын инженерийн сургалтын хөтөлбөртэй ижил түвшинд хүргэх нь энэ төслийн зорилго юм. Одоогоор Япон улсад инженерийн чиглэлээр 83 багш, оюутан, 186 оюутан бэлтгэл хөтөлбөр буюу Коосен сургуульд суралцаж байгаа юм.