Анагаахын оюутнууд эко цогцолбортой боллоо
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2015.09.28

Анагаахын оюутнууд эко цогцолбортой боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнхан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Оюутны эко цогцолбор”-ынхоо нээлтийг хийлээ.

Оюутан залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хичээл номоо давтах, тухтай орчинд амрах гээд бүхий л боломжийг бүрдүүлж өгч байгаа, өөр ямар ч сургуульд байхгүй энэхүү эко танхимын нээлтийн албан ёсны ёслолын өмнө тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа боллоо. 

Учир нь БСШУ-ы сайд Л.Гантөмөр цаг заваа зохицуулж, нээлтийн ёслолоос өмнө ирж, сайдын нэрэмжит тэтгэлгийг 20 оюутанд гардуулсан юм. Тэтгэлэг гардуулахын өмнө албаны хүмүүс үг хэлсэн. АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар “Өнөөдөр манай сургууль оюутан залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх эко цогцолборынхоо нээлтийг хийж байна. Энэ нээлтийн ёслолд БСШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож, манай сургуульд амжилттай суралцаж байгаа 20 оюутанд өөрийнхөө нэрэмжит тэтгэлгийг гардуулах шийдвэр гаргасан.

Энэ эко цогцолборыг барихад зөвхөн сургуулийн төсвөөс хөрөнгө гаргаагүй. БСШУЯ-тай хамтарч, хөрөнгө мөнгийг нь шийдэж, энэхүү оюутны өргөөг нээж байгаадаа баяртай байна. Биднийг бүх талаар дэмжиж, манай сургуулийн оюутан залуусын суралцах орчинг сайжруулахад дэмжиж ажилласан Л.Гантөмөр сайддаа  баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн юм. Түүний дараа БСШУ-ы сайд Л.Гантөмөр оюутан, залууст хандаж үг хэлсэн. Тэрбээр “АШУҮИС-ийн удирдлагууд маш хурдан хугацаанд, сэтгэл гаргаж, оюутнуудынхаа төлөө энэхүү эко цогцолборыг ашиглалтад оруулж чадлаа. Сургуулийнхаа удирдлагуудад баяр хүргэе, оюутнууд аа. 

Ашиглалтад оруулаад, өнөөдөр туузаа хайчлахад бэлэн болжээ. Үнэхээр баяртай байна. Анх танилцуулж байхад ийм хэмжээний сайхан цогцолбор болно гэдгийг ойлгоогүй. Энэ зайг яаж битүүлэх юм бол гэж бодож байсан. Тавьсан төсөв нь ч гэсэн бага хэмжээтэй байсан. Тэгвэл бага мөнгөөр сайн ажил хийж болдогийн үлгэр жишээг Г.Батбаатар захирал үзүүлж чадлаа. Цогцолбороо үр бүтээлтэй сайн ашиглаарай. Анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд маш их хичээл хийх хэрэгтэй болдог. 

Энэхүү цогцолборын нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулаад АШУҮИС-д амжилттай элссэн, сайн суралцаж, бусдаасаа арай илүү хөдөлмөрлөж байгаа оюутнуудад тэтгэлэг олгохоор болсон юм байна. 

Энэ дунд өнөө жилээс эхлээд БСШУ-ы сайдын нэрэмжит тэтгэлгийг өгөхөөр болсон. Анх удаа өгч байгаа тэтгэлгийг авч байгаа оюутнууддаа баяр хүргэе. Та нар бусдаасаа арай илүү олон цаг ажиллаж, арай илүү олон өдөр өглөө эрт босч, орой унтаж, сайн хөдөлмөрлөсөн. Тиймээс та нарыг дэмжихэд сэтгэл хангалуун байна. Энд байгаа оюутнууд бүгдээрээ алтан гартай, бурхан ухаантай, ариун сэтгэлтэй эмч нар болно. Тэр эмч нар дотроос сайдын нэрэмжит тэтгэлэг авсан нь арай илүү шовойгоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Тэгэхийн тулд дахиад олон өдөр нойргүй хонож, хичээлээ илүү давтах хэрэгтэй болох байх” хэмээн хэлсэн юм. 

Түүний дараа оюутнуудад тэтгэлэг гардуулж, амжилт хүсч, дурсгалын зураг татуулсан. Анх удаа олгож буй энэхүү тэтгэлгийг АШУҮИС-ийн Анагаахын VI дамжааны оюутан Алимаа, V дамжааны оюутан Дашням, Анагаахын лабораторийн техникч , II дамжааны оюутан Өлзийбуян, Энхсайхан,  Анагаахын нүүр, ам судлалын оюутан Энх-Амгалан, V дамжааны оюутан Батцоож тэргүүтэй 20 оюутанд тус бүр 500 мянган төгрөгийн буюу 10 сая төгрөгийн сайдын нэрэмжит тэтгэлэг олгосон юм. 

Оюутнууд эко цогцолбороо хүлээж авлаа

Энэхүү эко цогцолборыг улсын болон сургуулийн хөрөнгө оруулалтаар 570 сая төгрөг зарцуулж, нийтдээ 1350 ам.метр талбайг тохижуулан, богино хугацаанд ашиглалтад оруулсан аж.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр өөрийн биеэр хүрэлцэн ирж, сайдын нэрэмжит тэтгэлэг олгосны дараа өдрийн 15:00 цагт оюутны эко цогцолборын албан ёсны нээлт боллоо.  Эко цогцолборын нээлтэд УИХ гишүүн, БСШУ-ны сайд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, АШУҮИС-ийн УЗ-ийн дарга, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Ерөөсөө Монголын нэр хүндтэй гэгдэх бүхий л их, дээд сургуулийн дунд дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд оюутны сурах, ажиллах, амьдрах нөхцлийг илүү таатай болгох чиглэлээр сургуулиуд цөөнгүй ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа аж. Тэгвэл энэхүү ажлын нэг нь АШУҮИС-ийн оюутны эко цогцолбор гэдгийг тус сургуулийнхан онцолж байсан. 

Энэхүү эко цогцолборыг улсын болон сургуулийн хөрөнгө оруулалтаар  570 сая төгрөг зарцуулж, нийтдээ 1350 ам.метр талбайг тохижуулан, богино хугацаанд ашиглалтад оруулсан аж. Эко цогцолборт оюутнуудад үйлчилэх кофе шоп, номын дэлгүүр, АШУҮИС-ийн дурсгалын дэлгүүр гээд бүхий л зүйл байгаа. Өнөө цагт ухаалаг утсаар бүхий л мэдээллийг авч болох боломжтой болсон. Тэр ч утгаараа утасгүй интернэт орчныг хүртэл бүрдүүлж өгсөн юм билээ.  Энэхүү цогцолборыг эко гэж нэрлэсэн нь ч бас учиртай. Учир нь цогцолбор шилэн дээвэртэй. Нарны гэрэл шууд тусна, дотор усан оргилууртай. Ерөнхийдөө байгалийн орчныг бүрдүүлэхээр хичээсэн болов уу гэж санагдсан. Оютнууд усан оргилуурын дэргэд суунгаа нарны илчийг мэдэрч, хөх тэнгэр ширтэн тархиа амрааж болохоор юм билээ.

Ёстой л тохь тухтай орчин. Жил бүрийн намар л оюутны сургалтын төлбөр нэмэгддэг. Тэгсэн мөртлөө сургалтын орчин, чанар сайжирдаггүй, чанарт нь ахиц гарахгүй байгаа гэсэн гомдол тасрахгүй байгаа.Тэгвэл АШУҮИС оюутнуудын сургалтын төлбөрийг өөрсдөд нь хэрхэн зориулж, сурах орчинг нь бүрдүүлж өгч байгаагийн нэг том жишээ энэ. Анагаахаас өөр ямар ч сургуульд ийм хэмжээний, дэлхийн жишигт хүрсэн эко цогцолбор байхгүй гээд хэлчихэд буруудахгүй байх. АШУҮИС 10 гаруй мянган оюутантай. Тэдний 50 хувь нь энэ цогцолбороор үйлчүүлж, найзалж нөхөрлөж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, суралцах урам зориг авна гэдгийг сургуулийнхан мөн хэлж байлаа.  

АШУҮИС-ийн оюутнуудынхаа төлөө хийж байгаа ажил, оруулж байгаа хөрөнгө оруулалт зөвхөн энэ цогцолбороор дуусахгүй. Тэд эко цогцолборынхоо нээлтийн үеэр  АШУҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэгийг голч дүн нь 3.6-аас дээш амжилттай суралцаж буй болон зарим оюутанд амьдралын төвшинг харгалзан суралцахад нь дэмжлэг болгож гардуулсан. Тодруулбал,  100 оюутанд нийтдээ  90 гаруй сая төгрөгийн тэтгэлэгийг гардуулсан юм.