Төсөв хүнд байна
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан
2015.10.30

Төсөв хүнд байна

УИХ энэ оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг энэ оны төсвийн тодотголтой хамтад нь оруулж ирсэн ч эхлээд тодотголоо батлах нь зүйтэй гэж УИХ үзсэн. Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар хийв.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас тодрууллаа.

-Тодотголд ямар өөчрлөлтүүд орж байна вэ?

 -Төсвийн орлого дээр хэмнэлт хийгээд байгаа зүйл алга. Хэмнэлт үндсэндээ байхгүй. Дандаа зардал нэмэгдсэн өөрчлөлтүүд байна. Хэмнэсэн зүйл гэвэл дэд сайд, төлбөрийг хойшлуулсан хугацаа орж байгаа ч нэмэгдсэн зардлуудтай дүйж байгаа. Энэ утгаараа төсвийн тодотголоор оруулж ирсэн таван хувийн алдагдалд багтаан гэдэг зорилтот өөрчлөлт ороогүй.

 -Үүнээс өөр зардал хэмнэх боломж байгаагүй юу?

 -Сайтар нягталж үзвэл боломж байгаа. Ерөнхийдөө ирэх онд тэвчиж болох зардлыг 10-15 хувь бууруулах чиглэл гарч байна. Энэ оны төсвийн тодотгол ерөнхийдөө батлагдсан гэж ойлгож болно. Учир нь, тодотголын төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг дээр санал хураалт хураагаад явна.

 -Өртэй компаниудын өрийг төвлөрүүлнэ гэдэг нь хэр үндэслэлтэй вэ. Төсвийн тодотгол хэр бодитой болов, дахин тодотгохгүй гэх баталгаа бий юү?

 -Одоо тодотгох  хугацаа байхгүй. Батлагдсан тодотгол оны эцэст энэ хэмжээгээр биелэгдэх үү, үгүй юу гэдэг нь эрсдэлтэй. Учир нь, тодотгол боловсруулагдаж байсан хугацаа есдүгээр сар юм. Бараг хоёр сарын дараа хэлэлцэж батлах гэж байна. Тэгэхээр үлдэж буй хоёр сарын хугацаа бий учраас оны эцэст байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ сайн тал руу хэлбийнэ гэсэн төлөв ажиглагдахгүй байна. Орлого, зарлага хүндэрсэн байдлаар төсвийн тэнцэл шалгуур үзүүлэлт муудах тал руугаа өөрчлөлт гарч магадгүй.

 -Цалингаа тавьж чадахгүйд хүрэх юм уу?

 -Арай ч тийм байдал хүрэхгүй. Зээл аваад зохицуулах байх. Гэхдээ одоо ч хүнд байгаа.  Төрийн сангийн хөрөнгийн үлдэгдэл хасах үзүүлэлттэй явж байна. Өөрөөр хэлбэл, зээлээр л явж байна гэсэн үг шүү дээ.

 -Төсвийн тодотголын таван хувийн алдагдал ирэх жилийн төсөвтөө дарамт болж үлдэж байна гэсэн үг үү?

 -Таван хувийн алдагдал ирэх жилд ачаа болох нь мэдээж. Энэ жил төсвийн  тодотголыг оройтуулж хийсэн нь сөрөг үр дагавартай болчихлоо. Орлого нэмэгдүүлэх боломж үндсэндээ байхгүй. Гэтэл зарлага нэлээд гарсан. Хөрөнгө оруулалтын ажил болон бусад арга хэмжээ нь эхэлсэн үед тодотгож байгаа учраас зардал хорогдуулж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ төсвийн алдагдал эсвэл өр болж он дамжихаар болчихоод байгаа. Өр болж он дамжвал ирэх оны төсөвт ачаалал болно.