2016 онд Оюу толгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасахад төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л бүрдүүлнэ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.10.27

2016 онд Оюу толгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасахад төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л бүрдүүлнэ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй  Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөлөл хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Өнгөрсөн он жилүүдийн өдийд УИХ төсвийн тодотголынхоо ард гарчихсан сууж байдаг. Гэтэл энэ жилийн тухайд жаахан дэгсдүүлэхэд, төсвийн тодотгол, тодотголын тодотгол, гуравдагч тодотгол гээч л болж байх шиг байна?

-Эдийн засаг, төсвийн хүндрэлийг чинь улс төрийн хямрал гал дээр тос нэмсэн мэт гүнзгийрүүлж байна. Улс төрд халуурсан хүмүүст юун төсөв л байгаа биз. Нөгөө талаасаа мөнгөгүй төсөв гээд тойргийн гишүүд нь анхаарахгүй байж ч болзошгүй юм. Олон нийтэд тулгарч буй мөнгөний хомсдлын хүндрэл нь баялгаа зарж хөлжсөн улс төрчдөд мэдрэгдэхгүй. Харин цалин, тэтгэвэр хасъя, татвараа бага төлөх минь гэж байх шиг. Онцгой албан татвар гээд өөрсдийнхөө татварыг л бууруулахын төлөө төсөв дээр санаа тавих юм. Ийм хандлагаар яаж сайн төсөв гарч ирэхэв дээ.

-Эдийн засгийн хямралыг давж гарах гарц гаргалгаа нь яамд болоод төрийн албан хаагчдыг бүтцийн өөрчлөлтөд оруулах  хувилбар мөн үү? 

-За юу л бол. Харин стратегийн ордууд, тухайлбал, Оюу толгой, Тамсагийн нефтийн ордын гэрээгээ ашигтай болгож, манай талын хүртэх хувиа нэмэгдүүлж байж, энэ хямрал, өрийн дарамтаас гарна. Өнгөрсөн жил хямралаа, валютын хомсдолд орлоо гээд л хашгираад эхэлсэн. Гэтэл экспортын хэмжээ 2013 онд 4269.1 сая ам доллар байсан бол 2014 онд 5774 сая ам доллар болж өссөн байна. Тэгвэл яагаад экспорт өсөөд байхад валютын нөөц буурч, ханш өсч, эдийн засаг хямарч, өр зээлдээ баригдав. Шалтгаан нь маш энгийн. Энэ экспортод ачуулсан баялгийнхаа 5-24 хувийг л бид буцаан хүртэж байна. 

Оюу толгой дээр орж ирэх татвараасаа өр зээлдээ суутгуулаад борлуулалтын орлогын тавхан хувийг л бид авч үлдэж байна. 2016 оны нэгдсэн төсөв 6.9 их наяд төгрөг.  Гэтэл Оюу толгой ирэх онд 3.9 их наяд төгрөг буюу манай төсвийн 56 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийнэ. Харин 2016 онд Оюу толгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасаад тооцоход төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л бүрдүүлэх жишээний.

Түүхий нефть дээр дөнгөж 20 гаруй хувиа л авч үлдэнэ. Ийм байхад  яаж ч зардлаа хасч тэвчээд хямралаас гарч чадахгүй. Харин томоохон ордуудынхаа гадаадын хөрөнгө оруулагчтай  байгуулсан гэрээгээ харилцан үр ашигтай болгож, алдаж байгаа орлогоо олж авч байж бид хямралгүй амьдарна.

-Мөнгөний бодлогыг зөөлөн байлгаж, хувийн хэвшлийнхэн рүү чиглэсэн бодлогоор 2016 оны төсвийг төсөөлж байгаа гэж тайлбарлаж байгаа. Ирэх жилийн төсвийг алдагдалгүй байлгахын тулд яах ёстой гэж?

-Манай төв банк бодлогоо зөв тодорхойлж чадахгүйн дээр сүүлийн жилүүдэд мэргэжлийн бус улстөрчдөөр удирдуулаад үндсэндээ дампуурчихлаа. Тод­руулбал, тэндээс ямарч оновчтой бодлого гарахгүй. Удирдлагыг нь солих гээд бие даагчид  хоёр ч удаа өргөхөд хэлэлцэлгүй өнгөрсөн нь хууль зөрчсөн үйлдэл. Харин бүр “зөөлөн газардууллаа” гэх маягийн юм яриад биднээрээ тохуурхаж суугаа. Төсвийн алдагдлаас илүү ханшийг зохиомлоор өсгөж экспортын бизнес эрхлэгчдэд тал засч байгааг юу гэх вэ. 

-Төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдэг нь эргээд ажилгүйдлийн тэтгэмж дээр буулгаж орхино. Гурван мянга гаруй төрийн албан хаагчид олгох тэтгэмж гэхээр тэрбумаар яригдах зүйл биш гэж үү?

-Миний хувьд хавтгайруулсан, улс төржсөн, популист маягийн аргаар төсвийн таналтыг хийж болохгүй гэж үздэг. Шаардлагатай байгаа ажлын байрыг байхгүй болгочихбол нийгэм л хохирно. Харин тэр улс төрийн хуваарилалтаар бий болсон, салбар салбараар нь төсвийг нэмэгдүүлсэн яамдаа цөөлөх хэрэгтэй. Иймэрхүү ач холбогдолгүй зардал чинь өрийг нэмэгдүүлж байгаа. Тиймээс нэг удаагийн тэтгэмжийг нь өгөөд үрэлгэн орон тоогоо хасах нь зөв.

-Тэгвэл  төсвийн тодотголоос зориг гарган хасахаар зүйл нь юу байна?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

-Шийдвэр гаргах төвшинд төсвийн хэт тэлэлтийг хүлээн зөвшөөрч бууруулах хандлага гарч буй нь сайн зүйл. Тэр талаас нь харбал, зарим дэвшилттэй хандлага энэ төсөв дээр байгаа. Б.Болор сайд сүүлийн жилүүдэд манай байнгын хорооны төсвийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд төсөв дээр ямар асуудал байгааг мэдэж байгаа. Тэр талаасаа хандсан байх. Зардлын бүтцийг оновчтой, хэмнэлттэй болгохыг оролдож байгаа нь сайн зүйл.

Харин хэр оновчтой сонголт хийж танав гэвэл бас ярих зүйл бий. Жишээ нь, хямралтай үед хавтгайруулж цалин бууруулах тухай ярих бус хэрэггүй яамдаа оны эхнээс татан буулгаж төсөв хэмнэх тухай яривал хүн зөв ойлгоно, үр дүн гарна. Хөрөнгө оруулалтын арга хэмжээг харахад зарим ач холбогдолгүй шинэ барилга байгууламж, арга хэмжээ харагдаж байна билээ. Тиймээс, УИХ-аас томилогдох ажлын хэсэг энэ чиглэлд анхаарах биз дээ. Зайлшгүй нэмэгдэх зардал гэж бас бий. Тухайлбал, төрөлт нэмэгдээд хүүхдийн тоо өсөөд шинэ сургууль,цэцэрлэг шаардагдаж, тэнд ажиллах орон тоо нэмэгдэж байгаа нь буруу зүйл биш. 

-МАН-ын бүлэг ирэх жилийн төсвийн орлогыг бодитой биш гэж дүгнэсэн. Орлого зохиомол  гэдэг  нь  үнэн  үү.  Бидэнд  төсвийн  орлогоо  нэмэгдүүлэх  ямар,  ямар боломж байгаа вэ? 

-Манайд орлого нэмэгдүүлэх асар их бодит боломж байгаа. Гадагш ачуулж байгаа баялгаа, экспортын орлогын өсөлтөө харъя л даа. 

-Өнгөрсөн жил та манай сонинд ярилцлага өгөхдөө хэт тэлэлтийг бууруулж чадсантөсөв баталлаа хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл энэ жил нөхцөл байдал арай л өөрбайх шиг?

-2011-2012 онуудаас төсвийг үндэслэлгүйгээр хэт тэлсэнээс болж 2000 онтой харьцуулахад 16 дахин, 2009 онтой харьцуулахад гурван дахин өссөн юм. Сүүлийн хоёр жилд төсвийг өмнөх онтой нь харьцуулахад бууруулж баталж ирлээ. Тодруулбал, төсвийн өсөлтийг зогсоож, зардлыг бууруулж баталж эхэлсэн. 2010-2012 онуудын төсвийг харвал урсгал зардал жилд дундажаар 22-43 хувиар өсч байсан бол 2013 оноос 10 хувь болж өсөлт буурсан байна.

Тухайлбал, 2014 оны төсөв өмнөх жилийн тодотгосон төсөвтэйгээ харьцуулахад өсөлтгүй, тэр төвшинд батлагдсан.  2015 оны төсөвт урсгал зардлыг 118 тэрбум төгрөгөөр бууруулж баталж, илүүдэл орон тоог 900 гаруйгаар цөөрүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн салбараас бусад салбарт их засварын зардлыг нэг жилээр тэвчсэн гээд зардал бууруулсан олон жишээг дурьдаж болно. Өмнөх жилүүдэд эхлүүлээд өнөөдрийг хүртэл дуусгаж чадахгүй, бизнес, банк санхүүгийн салбарт хүндрэл авчирч байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавьж, үндэслэлгүйгээр шинэ хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг хязгаарласан. 

-Урсгал зардлыг тэлэх нь яав ч сайн үзэгдэд биш байх?

-Урсгал зардлыг хэт тэлж байгаа зүйл чинь салбар салбараар нь нэмэгдүүлж байгаа яамдын төсөв шүү. Эвслийн нэртэй Засгийн газарт хэрэггүй, зардал нэмэгдүүлсэн, ач холбогдолгүй яамд олноор бий болсоны хамгийн тод жишээ бол Дэд бүтцийн яам дөрвөн болж задарсан явдал юм. Улс төрийн шийдэл учраас хамгаалагдаад өнөөг хүртэл яаж ч чадахгүй явна. Жишээ нь, өнгөрсөн жил яамдын тоог бууруулчихаад 14 хоногийн дараа МАНАН-ийн Засгийн газар гарч ирэнгүүтээ буцаагаад нэмсэн.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах тухай яриг­даж байна. Цалин буу­руулахгүйгээр асуудлыг шийдэх боломж байгаа юу?

-Наадах чинь ёстой популист хандлага юм биш үү. Улстөрчдийн цалин гэхээр гоё сонсогдоно гэсэн шиг. Харин тэр бялуу хуваарилалтаар бий болсон яамдыг сонгуулийн дараа гэхгүйгээр   татан буулгаад орон тоо хэмнэвэл дор хаяж дөрвөн тэрбум төгрөг хэмнэнэ шүү. 

-Мөн ДНБ буюу эдийн засаг, экспортын хувьд ирэх онд өсөлттэй харагдана. Энэ нь Оюу толгойн борлуулалттай хол­боо­той. Ирэх онд Оюу толгой 3.9 их наяд төгрөгийн бор­луу­лалт хийх төлөвлөгөөтэй бай­гаа.  Энэ хэмжээгээр эдийн за­саг, экспортын өсөлтөд нө­лөөл­нө гэж хэлж байсан. Гэтэл эдийн засгийн өсөлт гурав орчим хувь байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-2014 онд манай улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд эхний тавд багтсан. Гэтэл өрийн эрсдэлээр хамгийн өндөр 10 улсаар нэрлэгдсэн. Ирэх онд ч гэсэн эдийн засаг өсөхөөр байна. Гэтэл яагаад хямраад байна бэ. Үүний тайлбарыг хоёулаа хийчихбэл бүх зүйл тодорхой болж чиний асуултын хариу чинь гарна. Дээр бид хоёр экспорт өсч  байгаа талаар ярьсан. 2014 онд экспорт 5.7 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.

Энэ чинь Оюу толгой ашиглалтад орж Эрдэнэтээс 2-3 дахин их баяжмал экспортолж, Тамсагийн нефтийн экспортлох хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой юм.  Мөн 2016 оны нэгдсэн төсөв 6.9 их наяд гээд бодъё. Гэтэл Оюу толгойн борлуулалт 3.9 их наяд гэдэг чинь манай төсвийн 56 хувьтай дүйцэж байна. Гэтэл энэ их орлогын чинь дөнгөж таван хувь л Монголдоо үлдэж байна. Жишээ нь, 2016 онд Оюу толгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасаад тооцоход төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л Оюу толгой бүрдүүлнэ гэсэн үг юм. Энэ бол хангалттай тайлбар байх.

-Эдийн засгийн Ил тод байдлын тухай хуулийг манай аж ахуйн нэгжүүд талархан хүлээж авч байгаа бололтой.  Эдийн засгийн өршөөлийн хууль ч гэж нэрлэж байна.  Дэлхийтэй харьцуулахад,  Монгол Улс шинэ хууль санаачилсан зүйл биш, олон жилийн өмнө  авсан арга хэмжээ.   Магадгүй  эдүгээ  аж ахуйн нэгжийн санхүүг үүнээс өөр арга замаар ил тод болгосон хууль хаа нэгтээ  гарсан байхыг үгүйсгэхгүй. Та эдийн засагч хүний хувьд  сонирхон судалж үзэв үү?   

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

-Эдийн засгийн ил тод байдлын хууль чинь гоё нэр, татварын өршөөлийн ард хууль бус, авлигаар олсон орлогоо бүртгүүлж өршөөгдөх боломжийг олгосон маш муу хууль. Тухайлбал, тэр хуулийн 6.1 болон 6.2-т: хууль бус орлогоо бүртгүүлчихвэл Эрүүгийн хэрэг үүсгэхгүй, нотлох баримт болгож ашиглахгүй, нууцлана гэсэн байгаа. Ер нь авлигыг өршөөхгүй л гэж байгаа юм бол Өршөөлийн хуультай зэрэгцүүлээд энэ хуулийн асуудлыг бас ярих ёстой юм. 

-Өршөөлийн тухай хууль дахиад л хойшиллоо.  Намын бүлгүүд ээлжлэн завсарлага аваад л.  Энэ  үйлдэл нь  УИХ хуулиа  зөрчиж  буйг харууллаа. Та юу гэж дүгнэж байна вэ?

-Өршөөлийн хууль дээр авлига гэхээсээ нэг хүний л асуудал хөндөгдөөд байгаа нь нууц биш. Авлигын заалтыг хасах гэсэн юм бол Эдийн засгийн ил тод байдлын хуулиа бас эргэж харах хэрэгтэй.

-Бие даагчдын бүлэг энэ асуудлаар  санал солилцов уу?

-Саяын хэлсэн зүйлийг бие даагчдын байр суурь гэж ойлгож болно. 

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах саналд та гарын үсгээ зурсан. Уг нь  байж болох бүх хувилбараар Засгийн газраа бүрдүүлсэн гэж үздэг. Засгийн газрыг огцруулбал дараа нь хэрхэн яаж  бүрдүүлэх вэ гээд  асуудал ундарна даа?

-Саяхан Шийдлийн Засгийн газын  зургаан  сайдыг бүрдүүлэхэд сайд болох сонирхолтой хүмүүс мундахгүй юм байна гэдгийг та, бид хангалттай харлаа. Өөрөөр хэлбэл, дараагийн хоолонд орох сонирхолтой хүмүүс гараад л ирнэ.

-Засгийн газрыг огцруулах хэнд ашигтай гэж. Ард түмэн огцруулах энэ тэрээс  залхаад байна шүү дээ?

-Бидний хэсэг гишүүдийн хувьд Дубайн гэрээг залруулахын тулд Ерөнхий сайдыг өргөн барих гарын үсэг цуглуулж эхэлсэн. Мөн энэ Засгийн газар нь дараагийн Дубай хувилбар гаргаж ирэх магадлалтай учраас огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Уг нь Засгийн газар тогтворгүй байх нь сайн зүйл биш л дээ. 

-Та өмч хувьчлалыг эсэр­гүүцдэг. Ямар учиртай  юм бэ?

-Улс орноо тэжээж байгаа, стратегийн ач холбогдол бүхий томоохон объектуудыг хувьчлахыг би дэмждэггүй.Харийнхан үүнийг худалдаад авчихбал эдийн засгийн эрх чөлөө чинь боймлогдож эхэлнэ биз дээ. Ер нь одоо цэрэг, танк орж ирэх гэхээсээ үнэ цэнэтэй зүйл, амьдралын эх үүсвэрийг чинь худалдаад авчихна шүү.

-Улс төрийн  намуудын тухай хуулийн  төслийг өргөн барих эсэх нь тодорхойгүй байгаа бололтой.  Нийгэм улс төрийн намуудын худал амлалт, тэдний дотоод зөрчил хагарал, албан тушаалын төлөөх тэмцэл, хуйвалдаанаас залхсан байдал саяхан Багануурын сонгууль харууллаа. Үнэндээ тэнд нэр дэвшигчдийн өрсөлдөөн бус хоёр том намын  нэр хүндээ сэргээх гэсэн  тэмцэл  явагдсан гэж хэлж болно?

-Өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрэхэд гол нэг нөлөөлсөн хүчин зүйл бол намчирхсан улс төрөөс болж төрөө сулруулсан явдал юм. Яамдын чадавхиас төрийн чадамж шууд шалтгаалдаг. Одоо яамд мэргэжлийн бус сайдтай мэргэжилтний төвшинд бодлого гаргаж, ажлаа хийдэг болсон. Сүүлдээ ажлын туршлагатай баг ч байхгүй болж хэн гуай ч хамаагүй яаманд томилогдож ирээд “мөнгө яаж хийх” тухай л бодож суудаг болж байна. 

Ингэж томилогдсон хүн ямар ч хариуцлага хүлээхгүй. Намын юм, манай хүн гэдэг шалгуураар төрийн ажилд томилсоор энэ төрийг сульдуулчихлаа. Тиймээс намын гишүүнчлэлгүй болох хэрэгтэй. Тэгвэл төр чадавхижиж, ажил сайжирч, улс орон хөгжиж дэвжинэ. Олон түмэнд нэр хүнд нь унаж байгаа энэ хоёр том намыг чинь амьдруулж байгаа юм нь гишүүнчлэл юм. Тэгэхээр ийм шийдвэр одоо гаргана гэхэд эргэлзээтэй байгаа биз. Ингэж төсөөлбөл сайхан нийгэм хол л байгаа юм.

- Улс төрд бие даагчид ямар байр суурь  эзлэх  ёстой гэх тухайд эрх зүйн зөв орчин  байна уу. Эсвэл та  байлгахын төлөө ямар нэг зүйлийг хийж ирэв үү?

Бие даагчийн давуу тал нь намын бодлогод хайрцаглагдахгүйгээр олон нийтийн эрх ашгийг илэрхийлэх боломж юм. Ард олноо басамжилсан байдлаар улс төрийн намууд ханддаг болсон өнөө цагт энэ байдал нь олон нийтэд таалагддаг байх.

Иргэд маань ирэх сонгуулиар өөрсөд дундаасаа бие даагчдыг олноор нь гаргаад төрөө нэг засч авъя гэж бодож байгаа нь зөв. Улс төрийн намууд аман яриагаар, хуурсан байдлаар хоног төөрүүлж байгаад цэг тавих цаг болсон. Ер нь олон түмэн нэг сайн хариуцлага тооцчихвол дараа нь улс төрийн намууд мэдээж тэдний төлөө ажилладаг болно шүү. Мөнгөнд уярч, гишүүнчлэлд боолчлогдоод байвал иргэд маань зовлонт амьдралаасаа салж чадахгүй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сонирхол бүхий бүлэг  УИХ болоод нийг­мийн тодорхой бүлэгт байгаа нь илт анзаарагдах боллоо. Та хаана нь явна?

-Миний хувьд энэ удаагийн УИХ Үндсэн хуулийг улам дордуулна гэж боддог.  Цаг нь болоогүй байна. Өнөөдрийн энэ байдалд бүтэц бус  түүнийг авч яваа ёс суртахуунгүй улс төрчид буруутай.

-Ирэх жилийн сонгуулиар аль нэг  намд элсэх үү.  Эсвэл бие даагч статусаараа цаашид улс төрд хүч үзэх үү? 

-Одоогоор сонгогч түмний итгэлийг биелүүлж бие даагчийн үүргээ гүйцэтгээд явж байна. Цаашид хэрхэх талаар тэднээсээ асууна. Түүний дараа сонголтоо хийнэ.

-Таниас зориуд асууя. Ирэх жилийн сонгуульд  аль нам ялалт байгуулах бол?

-Одоогийн улс төрийн намууд олон түмний итгэлийг алдсан байна. Ялангуяа энэ Засгийн газарт оролцож байгаа улс төрийн намуудын хувьд хүнд болж байх шиг байна. Хариуцлагыг хамтарч л хүлээж таарна. Хоёр том улс төрийн хүчний аль нэг нь нөхцөл байдлыг ухаараад, олон түмнээсээ уучлалт гуйгаад, амжиж шинэчлэлт хийж, олны итгэлийг олж чадбал ялалт байгуулах боломжтой. Ийм алхам бараг л хийж чадахгүй биз. Тиймээс улс төрийн шинэ сонголтыг ард түмэн хийж болзошгүй.   

-Энэ парламентын хувьд сүү­лийн намрын чуулган. Хэлэл­цэх, шийдэх, хүлээгдсэн хуу­лийн төслүүд олон бий. Чуул­га­ныг нэр хүнд­тэй­гээр өн­дөр­­лүү­лэх тал дээр гишүү­дийн идэвх, зүтгэл бараг л хараг­дах­гүй байна. Та надтай санал нийлэх үү?

-Сүүлийн үед нэг л мухардалд орсон юм шиг санагдаад байна. Улс төр, Эдийн засгийн дорвитой шинэчлэл хийхгүй бол энэ байдлаасаа бид гарч чадахгүй. Улс төрчдийн дийлэнх нь нийгмийн гишүүн гэдэг үүргээ түлхүү ухамсарладаг ёс зүйтэй болчихбол та бидний хүсээд байгаа тэр сайхан цаг ойртоно. Одоогийнх шиг хувиа бодохыг эрхэмлэж, нийгэмч хандлагыг популизм гэж ойлгодог улс төрчид олонхи байгаа цагт нийгмийн ардчилал хэзээ ч бий болохгүй. 

-Та тойрогтоо хамгийн сүүлд хэзээ ажиллав. Сонин сайхан юу байна?

-Саяхан Дархадын хотгорын сумдад ажиллаад ирсэн. Манай нутгийнхан  өнтөй сайхан  намаржиж байна лээ. Зун оройтсон ч намартаа ногоо нялхарч, малын тарга хүч нэмэгдсэн гэж малчид ярьж байсан. Харин хадлан, ургац өмнөх жилийнхээс бага гарсан.  Нөгөөтэйгүүр, би сонгуулийн жилүүдэд тойрогтоо бие даагчийн бяцхан хөтөлбөрөө хэрэгжүүлээд дууслаа. 

Аймаг маань хар замаар холбогдсон. Дулааны станц ашиглалтад орж, орон сууцжуулалтыг эхлүүлэх дэд бүтэц бүрдлээ. Иж бүрэн оношлогооны төв, 50 ортой төрөх эмнэлэг, Эрүүл мэндийн шинэ төв, багшийн хөгжлийн ордонтой болсон гээд олон зүйлийг дурьдаж болно. Мөн сонгогч олныхоо өмнө нүүр бардам хийсэн зүйл бол сонгуулийн  хоёр бүрэн эрхийн хугацаанд боловсролын салбарт 30 орчим шинэ объектын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна билээ. 

Энэ бүхэн бол 120 мянга гаруй хүнийг төлөөлж буй миний үүрэг дээ. Зарим нь албан тушаал ашиглаж нутагтаа хөрөнгө оруулалт хийлээ гээд шүүмжилж л байдаг юм. Сонгуулиар бүгд л тэгж амладаг хойно яалтай ч билээ.