Нийгэм, эдийн засгийн цаг үеийн багц мэдээ
Сэргээгдэх эрчим хүч
"Эгийн голын усан цахилгаан станц" төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээг “Чайна Гэжүба групп лимитэд” компанитай байгуулахаар болсон. Энэ тухай зөвшөөрлийг "Хөрөнгө оруулалтын газар" олгож, гэрээ байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Барилгын ажлыг 13 сарын дотор хийж гүйцэтгэхээр гэрээний төсөлд тусгаад байна. Энэ хугацаанд 500 гаруй ажлын байр бий болно.
Иргэдийн тэтгэвэр, тэтгэмж
"Нийгмийн даатгалын сан"-д есдүгээр сарын эцсийн байдлаар нийт 805.6 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 91.6 хувиар биелүүлсэн байна. Харин зарлага талдаа давхардсан тоогоор 4 сая гаруй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нэг их наяд 111.9 тэрбум төгрөг зарцуулжээ.
Эдийн засгийн төлөв
Сангийн яам болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулсан. Тэгвэл ирэх онд сайжрах төлөвтэй байна гэж үзжээ. Төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын эдийн засаг энэ онд 3.1 хувийн өсөлттэй байгаа бол ирэх онд 4.1 хувиар өснө гэж тооцоолсон байна.
Татварын шинэ систем
НӨАТ-ын урамшууллын систем бэлэн боллоо. Ирэх оноос хэрэгжиж эхлэх НӨАТ-ын тухай хуульд заасан татвар төлөгчийн нэгдсэн програм болох тухай заасан нь ийнхүү бодит ажил болсон юм. Энэхүү систем нь Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, импорт, экспортод гаргасан бараа, бүтээгдэхүүний гүйлгээний мэдээллийг нэгтгэн төвлөрүүлнэ.
Алт олборлох төсөл
"Эрдэнэ ресурс дэвэлөпмент" компани "Алтан нар" төслийг хэрэгжүүлж байна. Тэд 100 хувь лицензийг нь эзэмшдэг "Баян Хөндий"-д өндөр агууламж бүхий алтны илэрц байгааг зарлалаа. Нийт 1.4 км талбайд 4гр/тн-4.38кг/тн алтны илэрц бүхий олон тооны эрдэсжсэн бүсүүд байгааг тогтоосон байна. Мөн нүдэнд үзэгдэх алт хэд хэдэн талбайд ажиглагджээ.
Урт хугацааны зээл
"M-Си-Эс Кока Кола" компанийн жимсний жүүс, цайны үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн шугам нэмж суурилуулахад шаардагдах зээлийн санхүүжилтыг ЕСБХБ-наас олгохоор болжээ. 8 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөр үнэлэгдэх урт хугацааны зээл авч байгаа нь валютын ханшийн эрсдэлд орохгүй байх давуу талтай. Энэхүү зээлийн санхүүжилтээр "M-Си-Эс Кока Кола" компани бүтээгдэхүүнээ Монголын алслагдмал бүсэд амьдарч буй иргэдэд хүргэх хэмжээний түгээлтийн сувгийг бий болгох юм.
Визний асуудал
Шенгений орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд визийн мэдээллийн системийг Монгол Улсад нэвтрүүлж байна. Энэхүү систем нь Европын комиссын тогтоолын дагуу 10-р сарын 12-ноос эхлэн нэвтэрч эхэллээ. Монгол Улсаас гадна БНХАУ, Япон, БНСУ зэрэг Зүүн Азийн орнууд дахь визийн хэлтэс энэ системд нэгджээ.
Бондын зах зээл
Олон улсын зах зээлд арилжаалагдаж буй Монгол Улсын Засгийн газрын урт хугацаат ам.долларын бондуудын ханш сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нэлээд тогтворгүй байна. Есдүгээр сарын туршид өсөлт давамгайлах хандлагатай байсан ханш тухайн сарын төгсгөлд буюу 29-ны өдөр сүүлийн нэг жилд байгаагүй хэмжээгээр нэг өдрийн дотор уналаа. 10 жилийн хугацаатай бондын ханш тухайн өдөр бараг 3.5 хувиар буурсан бол 2018 онд эргэн төлөгдөх бондын ханш 1.8 хувиар буюу хоѐр ам.доллараар доошилж, 92.5 ам.доллар болжээ.
Төсвийн тодотгол
Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулахдаа орлогыг 6.6 их наяд төгрөгөөр, зардлыг 7.3 их наяд төгрөгөөр төсөөлж, алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцүүлэхээр зааж өгчээ.