"Жирийн иргэнээсээ авахуулаад Засгийн газар хүртэл өрийн сүлжээнд ороод байна"
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2015.10.09

"Жирийн иргэнээсээ авахуулаад Засгийн газар хүртэл өрийн сүлжээнд ороод байна"

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.

-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа. Эдийн засгийн нөхцөл байдлыг харвал төсвийн бодлогод нэлээд хатуу хандах бололтой?

-Эдийн засаг нийтээрээ уналтын байдалтай, бэлэн мөнгөний хомсдолд орсон ам.долларын ханш өссөөр байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт гурван жилийн дотор 4.6 тэрбумаас 50 сая руу бууна гэдэг хөрөнгө оруулалт үндсэндээ зогсонги байдалд байгааг харуулж байна. Төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд төр санхүүжилтийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас бизнес эрхлэгчид өр зээл, татварын дарамтад орох, ажилчдынхаа цалинг цаг тухайд тавьж чадахгүй байдалд орсноор олон айл өрхийн амьжиргаа доройтсоор байна.

Эдийн засгийн хямрал бодитой нүүрлэснийг илтгэх хоёр, гуравхан тоо хэлье. 2014 онтой харьцуулахад импорт 1.3 тэрбум ам.доллараар буурсан байна Өнгөрсөн оны найман сарын байдлаар төсвийн алдагдал 153 тэрбум төгрөг байсан бол 2015 оны найман сарын байдлаар улсын төсвийн алдагдлын хэмжээ 679 тэрбум төгрөгт хүрч, төлбөрийн тэнцэл 334 сая ам.долларын алдагдалтай байна Эдгээр үзүүлэлтээс харахад эдийн засаг гүн хямрал руугаа явж байна гэхээс өөр хэлэх үг алга даа.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өр, төлбөр хэдий хэмжээтэй болоод байна вэ?

-Монгол Улс жирийн иргэнээсээ авахуулаад Засгийн газар хүртлээ бүгд аалзны тор мэт өрийн сүлжээнд ороод байна. Тухайлбал, залуучууд, дунд үеийнхэн орон сууц, цалингийн зээл, ахмадууд нь тэтгэврийн зээл, Засгийн газар нь гадаад, дотоод бонд, зээллэгийн хүү, төлбөрийн дарамтад орчихоод байна шүү дээ.

Монгол Улсын Засгийн газар 2011 онд зээлийн үйлчилгээний төлбөрт жилд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2016 онд түүнээс 26 дахин их буюу 962.4 тэрбум төгрөг зарцуулахаар болоод байна. Өөрөөр хэлбэл, ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 2.1 дахин их мөнгийг зөвхөн зээлийн хүүнд төлж байгаа. Уг нь энэ хөрөнгөөр бид 600 гаруй сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж өнөөгийн нийгмийн тулгамдсан томоохон асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

-Улсын төсвийн гол бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буураад байна шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлд цаашид ер нь яах вэ?

-Монгол Улс уул уурхайн салбараас хамааралтай байсаар ирсэн. Бид цаашдаа уул уурхайн салбараас үл хамаарсан эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэйг энэ хямрал бидэнд харуулж байна. Үүний тулд мөнгө олж болох бүх л салбар, тухайлбал аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах нь чухал юм.

-Зардлыг танахын тулд зарим орон тоог цомхотгохоос эхлээд өөр ч олон боломж байгаа байх?

-Эдийн засаг даацаараа муудаж, төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй байгаа учраас эргээд зардлаа нөхөж чадахгүй байна. Тиймээс хямралаас гарах нэг арга зам бол зардлаа танах шүү дээ. Гэхдээ цэрэг, цагдаа, аюулаас хамгаалахынхан болон эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалин хөлсийг хасч болохгүй гэсэн байр суурьтай байна. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд дэд сайдын орон тоог хасахыг дэмжиж байгаа. Түүнчлэн гадаад, дотоодын томилолтыг багасгах, цай, кофеноос эхлээд л жижиг юм шиг атлаа олны тоогоор жин дардаг зардлуудыг багасгах бүрэн боломжтой.

-Үүн дээр харин УИХ дахь МАН- ын бүлгийн байр суурь ямар байгаа вэ?

-УИХ дахь МАН-ын бүлгээс төрийн данхар бүтэц, орон тоог цомхотгох санал, шаардлагыг удаа дараа тавьж байсны үр дүнд Засгийн газар 2016 оны улсын төсвийг боловсруулахдаа бүтэц, орон тоог цомхотгох санал оруулсан байгааг сайшаан, зарчмын хувьд дэмжиж байгаа. Тоо баримт хэлье л дээ. Төрийн албан хаагчдын тоо 2011 онд 161 612 байсан бол гурван жилийн дотор 22 орчим мянгаар нэмэгдэж 183 601 болсон байна.

Гэтэл энэ хугацаанд шинээр баригдсан сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага, соёлын төв, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажиллагсдын тоо ердөө дөрвөн мянга орчмоор л нэмэгджээ. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар төрийн албыг хэт данхайлгаж байгаад бид шүүмжлэлтэй хандсаар ирснийг та бүхэн санаж байгаа байх. Төрийн албан хаагчдын тоог үндэслэлгүй нэмэхдээ төрлийн алба болгож өргөжүүлснийг бүгд мэдэж байгаа. Яамдын тоог цөөлөх, зарим агентлаг, төрийн байгууллагыг татан буулгах, нэгтгэх, аж ахуйн тооцоонд шилжүүлэх замаар албан хаагчдын тоог хуулийн төсөлд зааснаас илүү ихээр бууруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтын зардлыг яах вэ. Царцаасан барилгууд гээд л баахан хэл ам дагуулдаг шүү дээ?

 -Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлгээс өөр шинэ барилга, бүтээн байгуулалт хийхгүй байх шаардлагатай гэж үзэж байгаа. Эдийн засгийн хямралтай үед 2016 онд шинээр эхлэх 112 төсөл, арга хэмжээний нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг дахин нягталж үзэх шаардлагатай. Мөн төсөв мөнгөний асуудлаас болоод суурь нь тавигдаад олон жил өнгөрч, балгас болсон барилгуудыг зарах хэрэгтэй гэж үзэж байна.

-Оюутны тэтгэлгийг багасгах саналыг төсвийн төсөлд оруулж ирсэн гэх юм. Ямар санал оруулж ирсэн талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

 -2014 оны байдлаар үндэсний тэтгэлгийг нийт 157,237 оуютанд 75 тэрбум 521.7 сая, урамшууллын тэтгэлгийг 38750 оюутанд есөн тэрбум 410.6 сая төгрөг олгож байсан. Харин 2015 оноос үндэсний тэтгэлгийг шалгууртайгаар олгодог болсноор эхний зургаан сарын байдлаар 65063 оюутанд 21.1 тэрбум төгрөг, урамшууллын тэтгэлгийг 15520 оюутанд 4.5 тэрбум төгрөг олгожээ. Тэгвэл ирэх оны төсөвт оюутанд олгодог урамшууллын тэтгэлгийг зогсоохоор туссан байгаа.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.4 дүгээр заалад “Сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа суралцагчид, түүнчлэн тодорхой шалгуур хангасан дээд боловсролын сургалтын байгууллагад болон Засгийн газраас тодорхойлсон эрэлт ихтэй мэргэжлээр суралцагчдад урамшууллын тэтгэлэг олгоно” гэж заасан байдаг. Энэ заалтыг хүчингүй болгоно гэсэн үг л дээ.